“Дижитал минимализм”-д суралцацгаая

Технологи бидний амьдралын нэг хэсэг болоод уджээ. Интернэт, ухаалаг утас, янз бүрийн тоглоомууд ар, араасаа гарч дэлхий нийтээрээ шуугилдан, бүгд л тэр сайхан зүйлсийг олж авахыг хүсч байв. Тэр үед технологи бидний амьдралыг ингэж их өөрчилнө гэж хэн ч төсөөлөөгүй биз.

Тэр байтугай бүтээсэн хүмүүс нь өөрсдөө ч технологийн бидэнд өгөх энэ дайралтыг төсөөлөөгүй байх. Өнөөдөр хүн төрөлхтөн технологи, дэлгэцийн хэт донтолтод орж, хэсэг бүлэг нь өдрийн тал ба түүнээс дээш хугацааг интернэт ертөнцөөр аялахад зориулдаг болжээ. Бүх зүйлд хэмжээ хязгаар гэж байдаг. Гэсэн ч технологи гээч зүйлд бид аль хэдийнэ ууссан байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, шинэ бүтээлүүд өдөр ирэх тусам нэмэгдсээр үүнийхээ хэрээр бид гар утсандаа боолчлогдож байна. Өнгөт дэлгэц, цахим шуудангаа шалгаж сууж байх хооронд л цаг хугацаа урсаж одно. Тэгвэл сүүлийн үед дижитал минимализм гэх хөдөлгөөн гарч ирсэн нь олон нийтийн сонирхлыг гойд татах болжээ. Дижитал минимализм гэдгийг үндсэндээ тоон технологи буюу дижитал ертөнц, интернэтийн хэрэглээгээ багасгах гэж ойлгож болно. Бүр тодорхой хэлбэл, технологийн ертөнцөөс тулгаж буй энэ боолчлолоос ангижрахын төлөөх хүн төрөлхтний тэмцэл гэж хэлж болох юм.

Дижитал орчинд минималист амьдралын хэв маягийг үүсгэнэ гэдэг нь мэдээллийн хязгааргүй урсгалаас зөвхөн өөрт хэрэгцээтэйг нь авч, цаг хугацаа болон бусад ашгаа авч үлдэнэ гэсэн үг.

Мэдээж нэг талаараа технологи бидний амьдралыг хөнгөлж байгаа хамгийн чухал зүйл гэдэгтэй хэн ч маргахгүй. Өнөөдөр гараад дугаарлаж зогсож мөнгө шилжүүлэхийн оронд утсаараа шийдчихнэ, ажлын уулзалт дэлгүүр ороход хүртэл бүх зүйлийг дижиталаар шийддэг болсон. Гэвч хэрэгтэй, сайн талаас гадна сөрөг нөлөө бас гарч байгааг бүгд харж байна. Тийм учир ямар ч зорилгогүйгээр ашигладаг платформыг анхаарч сошиалд байх цагаа илүү минамалист болгож өөрийн үнэт зүйлд тохируулан ашиглах нь зүйтэй юм. Тиймээс ч бид шинээр бий болж буй дижитал минимализм гэдэг ойлголт чухам юуны тухай вэ гэдгийг уншигчдадаа танилцуулахын зэрэгцээ амьдралдаа хэвшүүлэх энгийн зөвлөгөөг хүргэж байна.

Дижитал хэрэглээгээ хянах

Судалгаагаар дэлхийн хүн амын интернэт хэрэглэгчдийн дундаж хугацаа гурван цаг байдаг бол манай улсын интернэт хэрэглэгчдийн дундаж хугацаа дөрвөн цаг аж. Монгол Улсын нийт хүн амын 15 орчим хувийг 13-18 насны хүүхдүүд эзэлдэг ба тэдний интернетэд өнгөрүүлдэг дундаж хугацаа 4.6 цаг байгаа нь дэлхийн дунджаас даруй 50 хувир илүү юм. Үүнээс өсвөр насны хүүхдүүд интернэтийг хамгийн их давтамжтайгаар ашигладаг талаар Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны судалгаагаар тогтоогджээ. Тийм учир дижитал орчинд байгаа хугацаагаа үнэт зүйлтэйгээ зохицуулж хянаж ашиглах хэрэгтэй юм.

Технологийн дүрэм тогтоох

Та өнөөдөр олон нийтийн сүлжээнд хэчнээн цагаа зарцуулсан бэ? Технологитой “зууралдах” цагаа багасгахын тулд юуны түрүүнд интернэтэд хэр их цаг заваа зарцуулж байгаагаа шалгах хэрэгтэй. Ингэхдээ утасныхаа set- tings хэсэгт орж digital wellbeing parental controls хэсгийг сонгож screen time гэх цэсээс орж шалгах боломжтой юм.

Өдөр бүр орж хардаг танихгүй нэгний пост, хэрэггүй мэдээ мэдээлэл бидний сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлсөөр байна. Тухайлбал, дэлгэцийн донтолт, сэтгэл гутрал, нойргүйдэл, стресс зэрэг нь хэт их сошиалд анхаарал хандуулж байгаатай холбоотой талаар Canadian Medical Association Journal 2020 судалгаандаа дурдсан байдаг. Хамгийн чухал зүйл бол сошиал медиаг ашиглах хугацаагаа өөрийн үнэт зүйлтэйгээ тохируулан хослуулах дүрэм юм. Үүнд өдөр тутам орох шаардлагагүй устгасан ч таны амьдралд чухал нөлөө үзүүлэхгүй байгаа апп-уудыг устгах. Дараа нь хэрэгтэй мэдээлэл авдаг ажилтайгаа холбоотой апп-уудад хязгаар тогтоож дүрэм гаргах юм. Жишээ нь та өдөрт мэдээлэл авдаг ажилд тань чухал хэрэгслүүдийг гурван цаг ашиглах гэх мэт өөрийн хэрэглээнд тохируулж ашиглах.

Бусад чөлөөт цагаараа дуртай апплуугаа нэвтэрч limit тогтоох тохиргоог идэвхжүүлж ашиглах юм. Таны өдөрт утсаа ашиглах хугацаа дууссан гэх мэдээлэл ирсэн үед чөлөөт цагаа үр бүтээмжтэй зүйлд зарцуулах дүрмийг тогтоох юм.

Хүлээлт буюу лайк дарахаа боль

Хэн шинэ зураг хийв, ямар мэдээ нийтлэгдэж вэ гэх мэтээр утастайгаа өдрийн талыг өнгөрөөдөг хүн олон. Тэгсэн ч зогсохгүйгээр хэн нэгэн зурвас бичиж үү, хэн зураг оруулсан бол гэхчилэн мэт хүлээнэ. Бид утастайгаа хэт хамааралтай болж байна. “Дижитал минамализм”-ыг амьдралда хэрхэн бий болгох вэ, хэрэглээний эмх цэгцийг яаж тогтоох вэ гэдгийг ижил нэртэй номд маш тодорхой бичсэн байгаа. Хэрэв та “like” функцийг идэвхжүүлдэг платформыг устгахаар шийдсэн бол таны амьдралд ямарч өөрчлөлт гарахгүй гэдэгт итгэлтэй байна. Хэрэв тэдгээрийг устгахгүй гэж шийдсэн бол хэрэглээгээ анхаарч үзэх хэрэгтэй юм.

30 хоногийн дижитал мацаг

“Cal Newport”-д чухал ач холбогдолтой өөрчлөлтүүд нэг шөнийн дотор бий болдоггүй гэсэн байдаг. Өдөр бүр ашиглаж байсан зүйлийг 30 хоногийн турш хориглож чадсанаар маш том өөрчлөлтийг өөртөө хийх тухай ойлголт л доо. Энэ үеэр утга учиртай эсвэл ямар нэгэн байдлаар таныг урамшуулдаг хоббигоо хөгжүүлэх, хүсэж байсан зүйлээ сурах боломжтой. Дижитал мацгийн үед өөрийгөө сатааруулахгүй тулд Do not starb буюу “Бүү саад бол” горимыг асаах нь хэт их сошиал медиад цаг зарцуулахаас холдуулж чадна. Дижитал мацгийн дараа нэг ч ашиглаагүй платформуудыг устгаж, үнэт зүйлдээ цаг гаргах боломжтой билээ.

Бид ямар технологийг амьдралдаа нэвтрүүлэх, тэдгээрийг хэрхэн ашиглахаа тодорхой болгож жинхэнэ үнэт зүйлээ ойлгож гэмээ нь технологийн зөв ашиглалтыг бий болгож чадна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)