Уур амьсгалын өөрчлөлтийн тухай өөр бодлууд

Бид НҮБ-тай хамт

Маргааш Шотландын Глазго хотод 26 дахь удаагийн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн Бага хурал эхэлнэ. Их Британи болон Итали улс Бага хурлыг хамтран зохион байгуулах бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын эсрэг эв санаа нэгдсэн улс орнуудын чуулга болох юм. Глазго хотын захиргаа НҮБ-ын том хурлыг угтаад 18 сая ширхэг мод суулгана гэж амласан бөгөөд хотыг тойрсон ойн хамрах хэмжээг 20 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мод суулгана гэдэг улс төрийн шоу биш бөгөөд ургуулахын тулд усалж, тордох хэрэгтэй гэнэм. Бидний амьдарч буй дэлхийн ногоон бүрхүүл нэмэгдэх нь хүн төрөлхтний дайсан мэт сурталчилж буй нүүрстөрөгчийн давхар ислийг шингээдэг ашигтай гэдэг. Нүүрстөрөгчийн давхар исэл бол өнгөгүй, үнэргүй, амтгүй, хоргүй байгалийн хий бөгөөд мод, ургамлын тэжээл юм. Үлэг гүрвэлүүдийн үед дэлхийн агаар мандлын 30 гаруй хувийг нүүрстөрөгч бүрдүүлдэг байсан бол эдүгээ ердөө 0.04 хувь нь. Тийм байтал карбон буюу нүүрстөрөгч нь яагаад хүн төрөлхтний мөхөл сүйрэлтэй холбоотой хий болчихов оо?

НҮБ-ын дэргэд Уур амьсгалын өөрчлөлт хариуцсан Засгийн газар хоорондын мэргэжилтнүүдийн баг гэж бий. Уур амьсгалын өөрчлөлтийг шинжлэх ухаанчаар судалж, тайлан гаргах үүрэгтэй эрдэмтэн, судлаачдаас бүрдэнэ. Өнгөрсөн наймдугаар сарын эхээр нийтэлсэн тайланд нь 66 улсын 234 эрдэмтэн хувь нэмрээ оруулжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш энэ тайланг хүн төрөлхтөнд өгч буй анхааруулах дохио төдий биш бөгөөд ердөө ойрын ирээдүйд дэлхийн температур Цельсийн 1.5 градусаар дулаарах нь тодорхой гэж хэлэв. Тайланд эшлэснээр бол эрдэмтэд өнгөрсөн хоёр сая жилийн агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ, өнгөрсөн 800 мянган жилийн агаар дахь метан болон азотын оксидын хэмжээ, өнгөрсөн 2000 жилийн гадаргын температурын өөрчлөлтийг судалсан гэжээ. Тайлангийн гол дүгнэлт нь хүний үйл ажиллагааны улмаас ялгардаг хүлэмжийн хийн нөлөөллийн улмаас ердөө 20 жилийн дотор дэлхийн температур Цельсийн 1.5 градусаас дээш хална гэж анхааруулжээ.

2015 оны Парисын Уур амьсгалын өөрчлөлтийн хэлэлцээрт 195 улс нэгдэж, гарын үсэг зурсан бөгөөд дэлхийн температурын өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулбал Цельсийн 2 градусаас дээш гаргахгүй тогтоон барих зорилго тавьсан. Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн учраас дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд ханцуй шамлан орох нь зүйн хэрэг агаад малтмал түлшний арвин нөөцтэй хойд хөрш ОХУ, эрчим хүчний хамгийн том хэрэглэгч болох өмнөд хөрш БНХАУ ч хэлэлцээрт нэгдсэн. Доналд Трамп “Парисын хэлэлцээр нь АНУ-ын татвар төлөгчдөд асар их дарамт учруулна, эрчим хүчний салбарт хүнд цохилт болно” гэх шалтгаанаар гаргасан боловч Жо Байден сонгуульд ялж, ажлаа авсан эхний өдрөө АНУ-ыг эргээд оруулсан билээ. Нэгэнт бидний амьдардаг эх дэлхийн ирээдүйн төлөө олон улсын нийгэмлэг даяараа санаа зовниж буй учраас монголчууд бид ч хувь нэмрээ оруулах ёстой биз. Гэхдээ дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл нь хүний амьдралын олон салбарт нөлөө үзүүлэх нь тодорхой гэж бичиж байна. Энэ нөлөөг зарим улс орнууд эсэргүүцэн бодит нөхцөл байдалтай нийцэхгүй байгааг шүүмжилнэ. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг гэх шалтгаар эрчим хүчний салбарыг ч орвонгоор нь эргүүлж мэднэ гэж хашир улстөрчид анхааруулах нь бий. Хүн төрөлхтөн бид уур амьсгалын өөрчлөлттэй яаж тэмцэх гэж байна вэ?

Удирдагчид “Дэлхийн дулаарал”-ыг бууруулах үүрэг амлалт авлаа

Глазгод болох олон улсын Бага хурлыг угтаад улс орнууд өөрсдийн боломж бололцоонд үндэслэн нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулна гэж амлаж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийг өөрийн бүрэн эрхийн хугацаанд анхаарах гол асуудлуудын нэг болгоно гэж мэдэгдсэн Жо Байден өнгөрсөн дөрөвдүгээр сард виртуаль уулзалт зохион байгуулав. Ж.Байден АНУ-ын хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 50 хувиар бууруулах зорилго тавьсан нь 2015 оны Парисын хэлэлцээрээр өгсөн амлалтаас даруй хоёр дахин том зорилт гэсэн үг. 330 сая хүн амтай, 20 гаруй их наяд долларын эдийн засагтай, эрчим хүч хэрэглэгч супер гүрний амлалт ийм байна. Маш том тоо шүү. Байдены зорилтыг уулзалтад оролцсон улс орнуудын удирдагч нар дуу дуугаа авалцан дэмжлээ. Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару 2030 он гэхэд хууль бус мод бэлтгэлийг хориглож, 2050 он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийг бүрэн саармагжуулсан улс болно гэв. Ж.Болсонару Амазон мөрний ой шугуйг хамгаалах ажилд зориулж, Байдены Засгийн газраас нэг тэрбум доллар ч гуйгаад амжив. Японы Ерөнхий сайд Ёшихидэ Сүга “2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 2013 оны түвшинтэй харьцуулбал 46 хувиар бууруулна” гэж амлалаа. Өмнө нь Япон улс 26 хувиар бууруулна гэж амласны төлөө шүүмжлэгдэж байсан. Канадын Ерөнхий сайд Жастин Трудо “2030 он гэхэд 2005 оны түвшинтэй харьцуулбал 40-45 хувиар бууруулна” гэв. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди “2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг 450 гигаваттаар нэмэгдүүлнэ” гэдгээ зарлалаа. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх 30 жилд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад онцгой анхаарахаас гадна Орос улс нүүрстөрөгчийн давхар ислийг саармагжуулахад үлэмж хувь нэмэр оруулсныг онцолжээ. Сибирийн ойг дэлхийн уушги гэж өргөмжилдөг нь үнэний хувьтай л даа. Хүлэмжийн хийн ялгарлын хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг Хятад улс 2060 он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийг бүрэн саармагжуулна гэж Ши Жиньпин амлав. 2030 он гэхэд Хятадын хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ оргил цэгтээ хүрээд цаашдаа буурна гэж тооцоолсон бололтой.

Ши Жиньпин НҮБ-ын Ерөнхий Ассемблейн чуулганд илгээсэн дүрс бичлэгтээ гадаадын улс орнуудад нүүрсээр галладаг цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэхгүй гэж мэдэгдэв.

Монголд Хятадын хөрөнгө оруулалтаар цахилгаан станц барих санаачилга яригдаж байсан боловч тэгсгээд замхарсан. Хятадын мөнгө лав олдохгүй болжээ, хөөрхий. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ч гадаадын улс орнуудад нүүрсний станцыг санхүүжүүлэхгүй гэв. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл эрчим хүч, санхүүгийн салбарт нөлөөлөх гэж буйн илрэл энэ шүү дээ. Хуучин хэдэн цахилгаан станцаа бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж буй Монгол Улс цаашдаа Хятад, Солонгосоос мөнгө гуйлтгүй болжээ дээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын чуулганд илтгэл тавьж, Монгол үндэстэн 2030 он гэхэд тэрбум, тэрбумаар тоологдох мод тарина гэж мэдэгдэв. Монголын нийгмийн сүлжээнд Ерөнхийлөгчийн тэрбум мод тарих амлалтыг шүүмжилсэн, дэмжсэн өнгө аяс аль аль нь цухалзаад өнгөрсөн. Тэрбум гэдэг тоонд нь сүрхий ач холбогдол өгч харагдана. Дэлхий даяараа том, том тоо ярьж байхад тэрбум ч яамай байна даа. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський гурван жилийн дотор тэрбум мод суулгана гэж ярьсан л байна даг. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цөлжилт, шар шороон шуургыг онцолжээ. Яах аргагүй Монголын өмнөд нутаг дахь бодит дүр төрх. Ой мод, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар цөлжилтийг бууруулах зорилт дэвшүүлж, бүрэн эрхийнхээ хугацаанд анхаарч ажиллана гэв.

Дэлхий 20 жилийн өмнөхтэй харьцуулбал илүү ногоон болсон нь Хятад, Энэтхэг улстай холбоотой гэдгийг 2019 оны НАСА-ын хиймэл дагуулын дата харуулжээ. Хятадын Засгийн газар эрчимтэйгээр мод тарьж, Энэтхэгийн газар тариалангийн салбар хүрээгээ тэлсэн нь ногоон талбайг тэлсэн ажээ. Хятадууд хөрсний элэгдэл, агаарын бохирдолтой тэмцэх гэж ой мод ургуулсан нь дэлхийн ногоон бүрхүүл нэмэгдэхэд нөлөөлсөн ажээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-д тавьсан илтгэлдээ нүүрс хэрэглэхээ болино, сэргээгдэх эрчим хүчээр хэрэгцээгээ хангана гэж яриагүй нь харин ч хөрсөн дээрээ буусан бодитой байр суурь байлаа. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст байрлалтай, жилийн бараг 9 сард нь тэсгим хүйтэн буюу сэрүүн цаг агаартай Монгол Улсын газар зүйн өгөгдөл нь ийм юм. Улаанбаатар хотыг дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэдэг биз дээ?

Гэхдээ... Дэлхий яг дулаарч байгаа юу

Дэлхийн улс орнууд ийнхүү “Дэлхийн дулаарал”-ыг бууруулахын төлөө чадах бүхнээ хийхээ амлацгаалаа. Үүнийг нөгөө талаас дэлхийг хүйтрүүлэх талын ажлуудыг хийнэ гэж ойлгож болох байх. Гэхдээ дэлхий дулаарч байгаа нь яг үнэн үү. Эх дэлхий бол нарны аймгаас хүн, амьтан амьдрах боломжтой цорын ганц гараг. Ирээдүйд сансрын уудамд амьд амьтан тэсч үлдэх боломжтой өөр гараг нээвэл юу юм гэхээс биш хүн төрөлхтөнд олдсон гайхамшигтай өгөгдөл, орон гэр бол дэлхий мөн. Дэлхий нь идэвхтэй галт уулс бүхий дулаан гараг бөгөөд ойролцоогоор 4.6 тэрбум жилийн өмнө үүсч бүрэлдсэн гэдэг. Амьд организм, цаашлаад хүн төрөлхтөн үүсч бүрэлдсэн гэж яривал энэ хугацааны өчүүхэн хэсэгт нь хамаарна.

Уур амьсгалын өөрчлөлтийг хэн ч үгүйсгэхгүй. Ухаандаа дэлхий бүрэлдсэнээс хойш уур амьсгал байнга өөрчлөгдсөөр иржээ. Дэлхийн уур амьсгал дулаарч, сэрүүсч, бүр Мөстлөгийн үеүүд тохиож байсан. Хүн төрөлхтөн уур амьсгал дулаарахад биш сэрүүссэн үед өлсгөлөн, тахлын улмаас үй олноороо үрэгдэж байсан гэдэг.

Дундад зууны үед тохиосон Бага Мөстлөгөөс өмнө Гренландыг Викингчүүд нээн эзэмшиж байсныг археологийн судалгаа харуулжээ. Викингчүүд Гренландад тариа тарьдаг байсныг эрдэмтэд тогтоосон. Тэгэхээр Гренланд тэр үед дулаахан бөгөөд зуны улирал нь тариа тариад хурааж авахад хангалттай урт үргэлжилдэг байжээ дээ. Уур амьсгал хүйтэрсний улмаас Гренланд дахь хүн амьдардаг суурингууд эзгүйрч, хаягдсан түүхтэй. Эдүгээ Гренландад тариа тарих ямар ч боломжгүй хүйтэн. Энгийнээр хэлбэл дэлхий дулаарч, хүйтэрч байсан. Үүнд хүний үйл ажиллагаа хэр нөлөөтэй вэ гэж асуух нь зүйн хэрэг биз?

Хэнд итгэх вэ?

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нь олон нийтийн маргаан мэтгэлцээний сэдэв болсон асуудал. Дийлэнх эрдэмтэд санал нэгдсэн гэж НҮБ тайлбарладаг боловч уур амьсгалын өөрчлөлтөөр далимдуулан нийгмийн олон салбарт өөрчлөлт хийх гэж буйг эсэргүүцдэг эрдэмтэд, улстөрчид ч бий. Өнгөрсөн намар Австралийн алдарт геологич, профессор Иан Плаймерын “Сургуулиасаа хэрхэн хөөгдөх вэ?” нэртэй ном Монгол хэлээр орчуулагдан гарсан. Энэ ном дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт гэгчийн цаана чухам юу агуулагдаж буйг маш энгийн үг хэллэгээр тайлбарласан байна билээ. Гэтэл бүх амьдралдаа геологитой ойр байсан өвгөн профессорыг уур амьсгалын өөрчлөлтийг үгүйсгэгч хэмээн цоллож гадуурхсан гэдэг.

Насаараа хад, чулуу өрөмдөж судалсан профессор хүн дэлхийг илүү гадарлах уу, эсвэл 18 настай Швед охин Грета Тунбергэд найдах уу? Хичээлээ тасалж, олон улсын том хурлуудыг дамжин нисдэг болсон хүрээлэн буй орчны активист шүү дээ. Нийгмийн алдартнуудын дэлхийг аврах санаачилга нь элэг доог болж дууссан жишээ олон бий.

Инээдтэй, эмгэнэлтэй ч гэмээр. Америкийн тэрбумтан Билл Гэйтс үхрийн махны хэрэглээ нь хүлэмжийн хийн ялгарлыг нэмэгдүүлдэг учраас ирээдүйд хүн төрөлхтөн 100 хувь синтетик буюу хиймэл мах хэрэглэхийг уриалав. Гэтэл Гэйтс өөрөө хамбургер идэх дуртай гэж ярьж байсан. Холливүүдийн алдартнууд байгаль дэлхийгээ аварна гэж сурталчилдаг боловч нүүрстөрөгчийн давхар исэл хамгийн их ялгаруулдаг хувийн онгоцоор ийш тийш ниснэ. Дүр нь гоё боловч үйлдэл нь тэс ондоо.

Ногоон бодлого

Ногоон үзэл баримтлалтай нам, хөдөлгөөнүүд нийгэм, улс төрийн амьдралд их оролцоотой, идэвхтэй болжээ. Зарим нь эвслийн Засгийн газарт багтаж, төр барилцаж ч байна. Европын Холбоо 2050 он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийг саармагжуулсан ногоон тив болох зорилго дэвшүүлжээ. Европын эрчим хүчний салбарт том өөрчлөлт хийж, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашинд зарцуулах татаас, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэж байна. Парис, Лондон зэрэг аварга том хотууд ойрын ирээдүйд бензин, дизель түлшээр ажилладаг автомашинуудаа бүрэн татгалзаж, цахилгаан автомашинтай болно гэж та сонссон байлгүй дээ. Цахилгаан автомашин, гар утас, компьютер зэрэг орчин үеийн хэрэгслүүдийн эд ангид зайлшгүй шаардлагатай кобальт зэрэг ховор металлын хэрэглээ улам өснө. Нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулах нэрийдлээр цахилгаан автомашиныг дэмжиж байгаа боловч үнэндээ ховор металиудыг олборлохын тулд уул уурхайн салбар тэр хэрээрээ эрчимжих ажээ. Африк тивд кобальтын уурхайнуудад насанд хүрээгүй хүүхдүүд олноороо ажилладаг. Метал хайж өдөржин усанд зогсож буй бага насны хүүхдүүдийн зургийг та хаанаас ч олж үзэж болно. Нөгөө ёс зүйтэй бизнес чинь хаана байна?

Монголчууд бид Тоёота Приуснийхээ баттерейг хааш нь хийх талаар бодож амжаагүй байхад хүрээлэн буй орчинд хортой цахилгаан машины хаягдал ирээдүйд яригдах болно. Хамгийн инээдтэй нь юу гээч? Цахилгаан автомашиныг цахилгаанаар цэнэглэж таарна биз? Тэгэхээр цахилгаан станцууд өрх айл, албан байгууллагуудыг хангахаас гадна машин цэнэглэх үүрэгтэй болох нь ээ. Улам их цахилгаан шаардана. Улам их нүүрс түлэх үү? Эсвэл цөмийн станц барих юм уу?

Малтмал түлшний хэрэгцээ

Социалист Швед улс цөмийн цахилгаан станцаа хаажээ. Хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөтэй гэх ногоон үзэлтнүүдийн санаа шүү дээ. Гэтэл цахилгааны хомсдол нүүрлэсэн учраас нүүрсээр галладаг Польш улсаас цахилгаан гуйхад хүрсэн байна.

Их Британи улс 2030 он гэхэд нүүрснээс татгалзаж, цөмийн эрчим хүч рүү шилжинэ гэнэ. Цаашдаа байгалийн хий болон газрын тос хэмээх малтмал түлшнээс ч татгалзах бололтой. Сүүлийн нэг сард дэлхийн зах зээл дээр эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ нэмэгдлээ. Хүйтэн сэрүүний улирал дөхсөнтэй холбоотойгоор халаалт, цахилгааны тогтвортой эх үүсвэрийн асуудал сөхөгдлөө.

Малтмал түлшнээс татгалзаж, нов ногоон тив болно гэж мөрөөдөж буй европчууд Орос-Германы хооронд татсан Умардын Урсгал 2 төслийн крант хэзээ нээгдэхийг хүлээж байх шив.

Хятадын 20 гаруй мужид цахилгааны хязгаарлалт хийж, зүүн хойд нутагт нь цахилгаан байнга тасрах болов. Хямралын шалтгаан юу байв? Мэдээж хэрэг, өнгөрсөн зун Хятадын нутгаар бороо хур арвин, үерийн гамшиг нүүрлэсэн нь нөлөөлсөн. Саяхан нүүрс олборлолтоор тэргүүлдэг Шаньси мужид үер болж 27 нүүрсний уурхай хаагдсан нь нүүрсний нөөц хомсдоход нөлөөлжээ. Хамгийн гол нь Хятад улс нүүрстөрөгчийн давхар ислийг саармагжуулсан улс болохын тулд эрчим хүчний салбартаа ямар өөрчлөлт хийх вэ гэдгээс ихээхэн хамаарч байна. Хятад төдийгүй АНУ, Канад, Европын улс орнуудад нүүрсний олборлолтыг хязгаарлах, хориглох болсон нь хямд эрчим хүчний эх үүсвэр хомсдох шалтгаан болсон. Өөрөөр хэлбэл улс төр нөлөөлсөн. Зах зээлийн харилцаанд төрөөс нөлөөлснөөр нүүрсний нөөц хомсдож, улмаар үнэ нэмэгджээ.

Үнэтэй нүүрс худалдаж авсан цахилгаан станцууд алдагдалтай ажиллахгүйн тулд үнээ нэмэх, эсвэл ажиллах хүчин чадлаа бууруулахад хүрдэг ажээ. Хятадад үүссэн нөхцөл байдлыг эрчим хүчний чиглэлийн хэвлэлүүдэд ингэж л дүгнэсэн байна.

Агуй руугаа буцах уу?

Дэлхийн дулааралд хүний үйл ажиллагааны улмаас ялгардаг хүлэмжийн хий маш их нөлөөлдөг учраас бид дэлхийгээ аврахын тулд маш идэвхгүй бөгөөд даруухан амьдралын хэв маягийг сонгох тухай яригдаад байна. Үхэр унгаад хүлэмжийн хийн ялгарлыг нэмэгдүүлдэг учраас ерөөсөө хиймэл мах идэцгээе. Ер нь огт мах идэхгүй байсан ч яадаг юм. Онгоц нь асар их шатахуун шатааж нүүрстөрөгчийн давхар ислийг нэмэгдүүлдэг учраас ийш тийш нисээд ч байх шаардлагагүй гэртээ байцгаая. Телевизор, гар утас ер нь цахилгаан хэрэгсэл ч хэрэггүй. Шведийн нэгэн сэтгүүлийн тэргүүн нүүрэнд үнэтэй цув өмссөн Грета Тунбергийн зураг заларчээ. Тунберг хямдхан, чанаргүй хувцас худалдан авч байнга солих нь хүлэмжийн хийн ялгарлыг нэмэгдүүлдэг учраас цөөн тооны чанартай, үнэтэй хувцас өмс гэж уриалж байх юм. Ямар баян юм бэ? Хүний өмсөж зүүхийг хүртэл заадаг боллоо.

Нүүрстөрөгчийн давхар ислийг багасгая гэвэл хүн төрөлхтөн өөрөө устаж сөнөх шаардлагатай болох нь ээ дээ?

Эсвэл бүгдээрээ орчин үеийн иргэншлийн ололтууд, тухтай амьдралаасаа татгалзаад агуйд гал түлж суух юм уу? Профессор Иан Плаймер дэлхийгээ аврах тухай санааг яг ингэж егөөдсөн байна билээ.

Бодит байдлын шалгуур

Өнгөрсөн оны нэгдүгээр сарын дунд, хоёрдугаар сарын эхээр дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст маш хүйтэн болсон. Улаанбаатар хот тэр аяараа коронавирусийн хөл хорионд орсон байсан учир гадуур яваагүй хүнд төдийлөн анзаарагдаагүй байж магад. Бусад улс орнуудад харин хүйтний нөлөө айхтар мэдэгдсэн дээ. Хойд туйлын хүйтэн агаарын урсгалын улмаас АНУ-д цочир хүйтэрсэн. Эрчим хүчний бие даасан бодлоготой Техас мужид хямрал нүүрлэв. Учир нь үргэлжлэн орсон хүйтэн борооны дараа салхины турбинууд нь шөнөдөө хөлдөж, сэнс нь эргэхээ больжээ. Техас муж Засгийн газрын шахалтаар сэргээгдэх эрчим хүчинд хөрөнгө зарсан нь хэдхэн хоногийн хүйтнээр тараа таниулав аа. Техасчууд гэртээ хөлдөж үхэхгүйн тулд модон тавилгуудаа шатааж байгааг телевизээр харуулсан. Цахилгаан тасарсны улмаас цэвэр усны нийлүүлэлт доголдож, иргэд дэлгүүрээс ундны усаа зөөхөд хүрэв. Хятад, Япон, Өмнөд Солонгост хүйтний улмаас шингэрүүлсэн байгалийн хийн эрэлт өсч, улмаар үнэ нь нэмэгджээ. Нидерланд, Германд гол нуур, сувгууд хөлдөж, коронавирусийн хөл хорионоос зугтсан хүмүүс гадаа цана, чаргаар гулгаж баяр хөөр болцгоов. Германд нарны хавтангууд нь цасанд дарагдаж, ажиллагаагүй болов. Австри улс хэт хүйтний улмаас гадаадаас импортоор авдаг цахилгаанаа нэмэгдүүлжээ. Ердөө хоёр долоо хоног гаруй үргэлжилсэн хүйтний улмаас дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст амь зуудаг үндэстнүүд байгалийн бодит шалгууртай тулгарав даа.

Гурван сая гаруйхан монголчууд бид трэнд дагаж, хөгөө чирээд яах вэ дээ. Боломж бололцоогоо тунгааж үзэцгээе. Газар зүйн өгөгдөл, цаг агаарын онцлогоо ч ойлгуулж учирлая. Бодит нөхцөл байдлаа дүгнэж, эргэцүүлж, асуудалд рациональ хандах хэрэгтэй юм бус уу?

Нүүрсээ түллээ, бензин машин уналаа гэж одоохондоо биднийг загнахгүй л байх. Байгаа боломж бололцоо нь л тэр юм шүү дээ. Үндэстний эрх ашиг гэж юм байна даа.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)