ДЭМБ -аас 2002 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 29-нийг “Цус харвалттай тэмцэх өдөр” болгон тунхагласнаар жил бүр дэлхийн олон улс орон тодорхой уриатайгаар энэ өдрийг тэмдэглэж иржээ. Монгол Улсын хувьд цус харвалтын өвчлөл өндөртэй орны тоонд багтдаг. Дэлхийн бусад оронд 1000 хүн амд цус харвалтын 100-200 тохиолдол бүртгэдэг бол  манай улсад энэ тоо 290-аар хэмжигдэнэ. Тархинд нь цус харвасан хүмүүсийн гуравны нэг нь нас бардаг бол бусад тохиолдолд хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэл үүсдэг ажээ.

Уг нь 45-аас дээш насныхан цус харвалтад өртөх хамгийн өндөр эрсдэлтэй бүлэг хамаардаг байсан сүүлийн жилүүдэд өвчлөл улам залуужиж 30-аас доош насныхны дунд тархины цус харвах тохиолдол нэмэгдэх боллоо. Тиймээс хүн бүр өөрийнхөө, хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийн төлөө амьдралын буруу хэвшлээсээ салж , даралтаа тогтмол хянаж тархины цус харвалт өвчинтэй тэмцэх хэрэгтэйг эмч нар сануулж байна.

Тархинд цус харвах үндсэн шалтгаан юу байдаг вэ ?

Цус харвалт гэдэг нь тархины судасны эмгэг гэж хэлж болно. Үндсэн шалтгаан нь бидний өдөр тутмын амьдралын хэвшлээс шалтгаалж байна. Тухайлбал, тархины судасны хатуурал, чихрийн шижин, стресс, хорт зуршил зэрэг маш олон зүйл харвалт өгөхөд нөлөөлдөг. Мөн хөдөлгөөний дутагдал нөлөөтэй. Өдөр тутамдаа зөв хооллож, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийснээр цус харвалтаас өөрийгөө бүрэн хамгаалах боломжтой.

Иргэдийн дунд чихрийн шижин өвчин их түгээмэл байдаг.  Ийм өвчтэй хүмүүс цус харвах тохиолдол хэр их байдаг вэ?

Цусанд сахар ихсэхэд артерийн судсыг гэмтээж хатуурал үүсгэдэг. Улмаар судасны доторх хөндийд цус бүлэгнэж эрсдэлийг улам нэмэгдүүлдэг. Тиймээс чихрийн шижин өвчтэй хүмүүс бусад хүмүүсээс илүү цус харвах эрсдэлтэй ойлгож болно. Цусны сахарыг үр дүнтэй хянахын тулд мэргэжлийн эмчийн хяналтад орж, хоолны дэглэмээ маш сайн баримтлах хэрэгтэй.

Тархины цус харвалтаас урьдчилан сэргийлж, харвалтыг эрт оношилж болох уу?

Ер нь харвалтад өртсөн хүмүүсийн 40 хувьд нь артерын даралт 140мм.муб-аас дээш заасан судалгаа байдаг. Харвалтад өртөмтгий байдал нас ахихын хэрээр нэмэгдэнэ. Тиймээс тогтмол даралтаа хянах, хэрвээ даралт өндөр байвал эмчийн хяналтад орох хэрэгтэй. Мөн хамгийн чухал зүйл нь хорт зуршлаасаа салах шаардлагатай. Хэр эрт оношилж чадна, цус харвалтад нэрвэгдсэн тархины эд эсийг аврах боломж төдийчинээ нэмэгдэх боломжтой. Дараах шинж тэмдэг илэрсэн  тохиолдолд яаралтай тусламж дуудах шаардлагатай гэдгийг та мэдэж байх хэрэгтэй.

Үүнд: Биеийн аль нэг хэсэг, жишээ нь нүүр, хөл, гарын булчингууд сулрах бадайрах, хэл ярианы бэрхшээл үүсэх, эсвэл хүний яриаг ойлгохгүй болох, нүд бүрэлзэх, юм давхардаж харагдах, толгой эргэх, гуйвах, толгой гэнэт хүчтэй өвдөх, ухаан алдах зэрэг орно.

Цус харвалтад уламжлалт эмчилгээ хэр их үр дүнтэй байдаг вэ. Цус харвалтад өртсөн хүн бүрэн эмчлэгдэх үү?

Цус харвалтын түвшнээс шалтгаалан эмчилгээ янз бүр бий. Уламжлалт аргаар тан болон заслаар эмчилнэ. Хөнгөн хэлбэрийн харвалт бол нөхөн сэргээх болон заслын эмчилгээ хийснээр эдгэрэх боломжтой. Харин хүнд хэлбэрийн харвалт үүссэн хүнд зүүн засал эмчилгээ хийж удаан хугацаанд өвчтөний хичээл зүтгэлээс шалтгаалан эргээд хэвийн амьдралд орох боломж байдаг. Сүүлийн үед ковид19 эмчилгээнд ууж байгаа "Норов-7" тан өөрөө цус шингэлэх үйлчилгээтэй байдаг. Тан бол уламжлалт эмчилгээний хамгийн үр дүнтэй бэлдмэл юм.

.