ЕБС-ийн бага ангийнхныг сургууль дээр нь шүүгээтэй болгоё

Зургаан настнуудыг Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид сургах шийдвэр амьдралд хэрэгжиж эхэлсэн өдрөөс л “Цүнх нь хэтэрхий хүнд байна”, “Хүүхдүүд хичээл дээрээ унтаж байна” гэх зэрэг шүүмжлэлүүд гарах болсон билээ. Боловсролын шинэ тогтолцоонд шилжээд гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа энэ жил ч дээрх шүүмжлэлүүд эхнээсээ гарч эхэлж байна. Хэт нялх сурагчдад тулгардаг том бэрхшээл бол цүнхний хэт хүнд жин. Энэ бэрхшээл өнөө жил ч хэвээрээ байгаа нь мэдээж. Зарим сургуулийн сурагчид номоо авч амжаагүй байгаа учраас өнөө маргаашдаа цүнх нь хөнгөн л байна. Харин цаашдаа номоо аваад ирэхээр байдал давтагдана. Тиймээс өвлөөс өмнө бага ангийн хүүхдүүдийг сургууль дээр нь хувцасны шүүгээтэй болгож өгмөөр байна.

БСШУЯ-наас гаргасан журамд нэгдүгээр ангийн хүүхдийн цүнхэн дэх дэвтэр, ном, хичээлийн хэрэгсэл, цүнх нийлээд  4135 граммаас ихгүй байх ёстой гэж заасан байдаг. Гэхдээ амьдрал дээр энэ журам хэрэгждэг сургууль бараг байхгүй гэхэд хилсдэхгүй. Жишээ нь, нэгдүгээр ангийн хүүхдүүд аяга тавгаа байнга авч явна. Авч очихгүй бол багшдаа загнуулж, хоосон үлдэнэ. Хумсны хутга, сам, алчуур, гар ариутгагч “Санитол”, хоёр цаг тутамд солих амны хаалт гэрийн шаахай, саван гэх мэтийг заавал авч явах ёстой. Цүнхэн дээрээ нэмээд долоо хоногт 1-2 удаа биеийн тамирын хувцсаа сургууль руу “чирэх” хэрэг гарна. Энэ бүгдийг нийлүүлээд үзвэл, бага ангийн сурагч 5-6 кг ачааг өдөр бүр авч явдаг болж байгаа юм. Зургаан настай монгол хүүхдийн биеийн жин 18,5 кг байдаг. Нас биед хүрсэн, 70 кг жинтэй хүнтэй үүнийг харьцуулж үзвэл, 25 кг-ын шуудайтай гурил үүрч байгаатай адилхан.

Өнөөдөр хөгжилтэй орнуудад бага ангийн хүүхдийн авах ачаалын хэмжээ биеийн жингийнх нь 15 хувьтай тэнцэж байвал зохистой гэж үздэг юм билээ. 3 кг гэсэн үг. Тэд энэ асуудлыг сургууль дээрээ хувцасны шүүгээ байгуулах аргаар шийдэж өгсөн байдаг юм. Манайдаа хамгийн үнэтэй гэгддэг “Орчлон” сургууль яг энэ аргыг хэрэгжүүлж чадсан. Ерөнхий боловсролын дунд сургуулиуд бүх сурагчдаа биш юм аа гэхэд ядаж бага ангийнхандаа шүүгээ хийгээд өгчихвөл энэ асуудал шийдэгдэнэ дээ. Хүүхдүүд гэр рүүгээ авч явах шаардлагагүй зүйлсээ орхичихоод байж болно. Удахгүй өвөл боллоо. Бяцхан үрсээ энд, тэндээсээ цүнх, уут сав унжуулж, ёгтолж хэлбэл “Шинэ жилийн гацуур шиг” болчихсон явахыг нь хармааргүй байна.   

Сурагчдыг сургууль дээр нь шүүгээтэй болгохын тулд хөрөнгө санхүү шаардагдах нь мэдээж. гэрийн даалгаварыг заавал номноос өгдөг арга барилыг өөрчлөх асуудал ч яригдах нь тодорхой. Гэхдээ энэ асуудлыг зохицуулж болно. Эцэг эхчүүдээс дэмжлэг авч болно. Хүүхдийнх нь эрүүл, аюулгүй байдлын төлөө үлэмж ачаалалтай ажиллаж байгаа үйлчлүүлэгч нарын цалингийн зөрүүг эцэг, эхчүүд төлөөд явж байгаа яг одоогийн жишээ байна. Гэрийн даалгаврын тухайд, багш болгон ганцаараа даалгавар өгч байгаа мэт аашилдаг байдлыг өөрчлөх ялангуяа бага ангийн хүүхдүүдтэй арай өөрөөр ажилладаг болох шаардлага угаасаа байна. Хийх хүнд арга болддшог, хийхгүй хүн шалтаг олддог. Эцсийн эцэст, эрдэм ном сургахаас гадна хүүхдийн нуруун дээрх ачааг хөнгөлж, эрүүл өсч бойжих боломж олгох нь бидний бас нэг зорилго гэдгийг л хаа, хаанаа ойлгомоор байна. .                    


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Маш зөв санал байна. Дэмжинэ

    0 0 Хариу бичих
  2. Маш зөв зүйтэй санал байна. Сургуулиуд хэрэгжүүлээсэй

    0 0 Хариу бичих
  3. Төмрөөр шүүгээ хийх үйлдвэрүүд бий болсон, дотоодын үйлдвэрүүдэд захиалаарай

    0 0 Хариу бичих
  4. зөв

    0 0 Хариу бичих
  5. Улсаас үнэгүй боловсрол авч бж ийм шкаф хийгээд өгчих сэтгэл аав ээжүүдэд бхгүй юу.. үр хүүхдийнхээ аюулгүй байдалд аав ээжүүд анхаарал халамж тавь…

    1 0 Хариу бичих
    • чи өөрөө өгөөчээ

      0 0