Оюутолгойн хаялгаар эдийн засаг 17 хувиар өсөж, төсвийн орлого төлөвлөснөөс давж гарахад тараагаад цацдаг үе Монголын улстөрчдөд байлаа. Санаж байвал малчдаа халамжлах нэрээр ямаанд хүртэл мөнгө хуваарилсан дэврүүн цаг байсан юмдаг.

Ц аг зуурын энэ халамж иргэдийг бэлэнчлэх сэтгэлгээнд сургаснаас хөдөлмөрлөх дадал суулгасангүй. Халамжаар амьдардаг, хүнсний талон авдаг хаустай хэдэн мянган өрх Монголд бий болж, татвар төлөгчдийн мөнгийг шимэгчлэхээс өөрөөр баялаг бүтээсэнгүй. Харин хамгийн нүдээ олсон “халамж” бол хүүхдийн мөнгө гэхэд буруудахгүй байх. Амьдрал тааруу, амьжиргаа доогуур өрхүүдэд халамж бол, арай боломжийн амьдралтайд нь хүүхдийнхээ ирээдүйд хийх хөрөнгө оруулалт болж очдог мөнгө. Тиймээс ч гэртээ хөргөгчтэй, зурагттай, будаа агшаагчтай айлын хүүхдэд мөнгө өгөхийг хориглосон шийдвэр эцэстээ Цэцэд очиж, улстөрчид ч ухаарч, хүүхэд бүрт алагчлалгүй олгодог болсон. Харин энэ мөнгө цар тахлын хүнд үед олон айлын амьдралд асар том дэмжлэг болж байгаа ажээ.

Дөрвөн удаагийн хатуу хөл хорио, цагийн хязгаарлалт гээд бизнес бүхэлдээ хүндэрсэн өнгөрсөн хугацаанд Хүүхдийн мөнгөн тэтгэмж иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж буйг НҮБ-аас судалсан байна. Монгол орны өнцөг булан бүрт амьдарч буй 1400 өрхөөс авсан энэхүү судалгааны дүн 2022 оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлж буй энэ цагт улстөрчдөд “гарын авлага” ч болж мэдэх юм.

Судалгааны дүнг танилцуулахаас өмнө өнөөдөр нөхцөл байдал ямархуу байгааг өгүүлэх нь зөв байх. Засгийн газар 2022 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барихдаа Хүүхдийн мөнгөтэй холбоотой зарчмын шилжилт хийж буйг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. Шуудхан хэлэхэд, хүүхдийн мөнгийг халамжаас хуримтлал руу шилжүүлэх бодлого хэрэгжүүлэхээ зарлалаа. Цар тахал нүүрлэж иргэдийн орлого багассантай холбоотойгоор хүүхэд бүрд олгодог 20 мянган төгрөгийг 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн сарын 100 мянга болгож нэмсэн. Ирэх онд ч энэхүү нэмэгдүүлсэн халамжийн бодлогоо үргэлжлүүлэх юм байна. Гэхдээ иргэдэд хүүхдийн мөнгөө авч хэрэглээндээ зарцуулах, авахгүйгээр хуримтлал үүсгэх гэсэн сонголтыг олгохоор болжээ. Тодруулбал, хүүхдийн 100 мянган төгрөгийг 2022 оны долоодугаар сарын 1 хүртэл одоогийнхоо журмаар олгоно. Гэхдээ авахгүй хуримтлал үүсгэх хүсэлтэй эцэг, эхчүүд хуримтлуулж болох ажээ. Харин 2022 оны долоодугаар сарын 1-нээс хойш хүүхдийн 100 мянган төгрөгийн 50 мянгыг нь бэлнээр олгож, үлдсэн 50 мянган төгрөгийг нь төрөөс хуримтлал хэлбэрээр хадгална. 100 хувь хадгалах хүсэлтэй бол мөн хадгалуулж болох гэнэ. Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ “Хүүхдийн мөнгөө авахгүй хуримтлал үүсгэсэн иргэдийн мөнгө Хадгаламжийн даатгалын корпорацид бүрэн даатгагдаж хамгаалагдсан байх болно” гэлээ.

Эндээс л зарим эргэлзээ төрөөд байгаа юм. НҮБ-аас явуулсан судалгаанд оролцсон 1400 өрхийн 76 хувь нь буюу 1064 өрх нь хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хоол хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд зарцуулсан гэж хариулсан байдаг. Товчхондоо хүнсэндээ зориулсан гэсэн үг. Хэрэв хүүхдийн мөнгө байхгүй бол амьжиргаагаа залгуулж чадахгүй өрх эдэн дунд олон байгааг ч судалгаанаас харж болохоор юм. Ердөө 0.3 хувь нь л хүүхдийн мөнгөнийхөө тодорхой хэсгийг архи, тамхи, согтууруулах ундаанд зарцуулсан гэж хариулжээ. Бас нэг анхаарал татсан дүн бол цар тахлын нөхцөл байдал бага насны хүүхэдтэй гэр бүлд илүүтэй хүнд туссан байгаа юм.

0-5 настай хүүхэдтэй өрхийн 71%

6-10 настай хүүхэдтэй өрхийн 68%

11-18 настай хүүхэдтэй өрхийн 65% орлого цар тахлын нөлөөгөөр буурсан.

Судалгаанд хамрагдсан 0-5 насны хүүхэдтэй зарим өрхийн орлого сарын 2 000 000 төгрөгөөс 580 000 төгрөг болтлоо буурснаахэлж буй.

Иргэн Э

Би өрх толгойлсон эмэгтэй. Ам бүл гурав. Би хувийн компанид борлуулалтын менежер хийдэг. Ажил хийснээрээ л цалин бодогддог. Ковид19 вирус дэгдсэнээр борлуулалт эрс муудсан. Тиймээс цалингийнхаа 30-50 хувийг л авч байна. Ялангуяа хөл хориотой сард илүү бага авдаг. Тиймээс хүүхдийн мөнгөөрөө л хүнсний хэрэгцээгээ хангадаг.

Цар тахалд нэрвэгдсэн иргэдээ дэмжих зорилгоор Засгийн газар зарим хөнгөлөлт, чөлөөлөлт, нэмэгдэл олгож байгаагийн нэг нь хүүхдийн мөнгө. Хэрэв энэ мөнгөн дүнг бууруулбал иргэдийн амьдралд хүнд цохилт болох нь тодорхой. Судалгаанд хамрагдсан нийт өрхийн 393 нь хүүхдийн мөнгө багасвал хоолны чанарыг бууруулах, 266 өрх хоолны хэмжээгээ багасгана хэмээн хариулжээ.

Иргэн Б

Би Баянзүрх дүүрэгт амьдардаг өрх толгойлсон ээж. Гурван хүүхэдтэй. Сард 300 000 төгрөгийн тэтгэмж авч байна. Мөнгөөрөө хүнсний хэрэглээгээ хангадаг. Өглөө сэрэхэд л хүнсний үнэ өсөөд байгаа болохоор бидний идэх уух багассаар л байгаа. Хэрэв ийм үед эргээд 20 000 төгрөг болвол махнаас гарах байх...

Хүүхдийн мөнгө иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж буйг дээрх хоёр эмэгтэйн яринаас тодорхой харж болно. Хэрэв энэ мөнгөний талыг хадгаламж хэлбэрээр хадгалах шаардлага үүсвэл яах вэ гэсэн  асуултад Сонгинохайрхан дүүргийн иргэн О.Өлзийбаяр “Би нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг, төрийн байгууллагад ажилладаг хүн. Манай нөхөр ажилгүй. Хоёр хүүхдийн том нь хоёрдугаар анги, бага нь цэцэрлэгт сурдаг. Миний сарын цалин хоёр хүүхдийн 200 000 мянга төгрөг нэмэгдээд өрхийн сарын орлого 700 000 мянган төгрөг болдог. Дөрвөн хүний хувцас, хоол хүнс, автобус унааны мөнгө гээд хүрэхтэй үгүйтэй л байна. Заримдаа хүмүүсээс зээлэх нь ч бий. Хүүхдийн мөнгийг талыг нь хадгаламжид талыг нь бэлнээр өгвөл бидний амьдралд хүрэлцэхгүй. Боломжтой хүмүүс хадгалчихдаг л харагдсан. Хадгалах нь хадгалаад, үрэх нь үрээд явж болдоггүй юм уу” гэж хариулсан юм.

Халамжаас хуримтлал руу гэсэн бодлого магадгүй цагаа олсон байж мэднэ. Хүүхдийн мөнгөнд гар хүрэхгүйгээр амьдарч чадах өрх олон байгаа нь гарцаагүй. Гэхдээ амьдралаа залгуулдаг нь ч мундахгүй олон. Нөгөө талаас хүүхдийн мөнгийг эцэг, эх нь зарцуулах эрхгүйгээр хадгалах нь өөрөө хэд хэдэн асуулт дагуулж байна. Адаглаад л иргэдийн нэрийн дансны араас орвол яах вэ. Сар бүр цалингаасаа нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэдийн нэрийн дансанд хоосон бичилт хийгдсэнээс хоёр ч төгрөг байхгүй байгаа нь үнэн. Ядаж л Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг улстөрчид нь эрх мэдлээ ашиглаж хувийн банкиндаа байршуулаад байхгүй болгочихсон жишээ Монголынх шүү дээ. Тиймээс л хүүхдийн мөнгийг төр хадгалж өгөхийн цаана өөр улс төр байх вий гэсэн болгоомжлол дагаад байгаа юм. Үнэхээр Сангийн сайдын хэлсэнчлэн Хадгаламжийн даатгалын корпорац даатгаад явлаа гэж бодъё. Мөнгийг нь найдвартай хадгалах ч төгрөгийн ханш зэрэг зах зээлийн үл үзэгдэх гар зохицуулж байгаа зүйлүүд дээр яаж хамгаалагдах вэ? Цаг хугацаа өнгөрөх тусам үнэ ханш нь багасах мөнгийг хадгалаад байх нь зохистой юу. Өөрөөр хэлбэл, өнөөдөр төрсөн хүүхэд сар бүр 50 000 төгрөг хадгаламжинд хийх боловч 18 жилийн мөнгөө авах гэхэд үнэ цэнэ нь өнөөдрийнх шиг байж чадах болов уу? Бодох л зүйл. Хүүхдийн мөнгө нь “Дөнгө”-нд орчих юм шиг...