Засгийн газар “Чингис”, “Самурай” тэргүүтэй бондуудыг олон улсын зах зээлд гаргаж хөрөнгө босгосноор Монгол Улсын гадаад өр их хэмжээгээр нэмэгдсэн. Тиймээс 2012-2016 онд Монгол Улсын өр гэдэг тодорхойлолтод өөрчлөлт оруулж байв. Тодруулбал, Засгийн газрын өрийг, аж ахуйн нэгжүүдийн өрөөс тусад нь салгаж тооцдог болсон юм. “Монгол Улсын өр мөн. Гэхдээ Засгийн газрын өр биш” гэж үздэг болсон гэсэн үг. Яг үүн шиг ойлголтыг төрийн албан хаагчдын тоонд мөрдөхөөр болжээ. Үүнийг ямар зохицуулалтаар хийх гэж байгааг танилцуулъя.
УИХ 2022 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Засгийн газар төсвийн төсөлтэй хамт Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлжээ. Уг хуулийн төсөлд зааснаар бол ирэх онд төрийн албанаас 50 мянган хүнийг “цомхотгох” юм байна. Тодруулбал, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн системд өөрчлөлт оруулж байгаагаа Засгийн газар “Төрийн албан хаагдын тоог 50 мянгаар бууруулж байгаа” хэмээн тайлбарлаж байна. Гэвч УИХ-ын гишүүд Засгийн газрын энэ тооцооллыг ойлгохгүй байгаагаа илэрхийлж байлаа. Тухайлбал, Ц.Сандаг-Очир гишүүн “Жижүүр, манаачаас эхлээд төрийн үйлчилгээний албыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх тооцоолол хийсэн байсан. 50 мянган төрийн албан хаагчдын асуудлыг хэрхэн зохион байгуулалтад оруулах гэж байгаа вэ” гэсэн юм. Сангийн сайд Б.Жавхлан түүний асуултад хариулахдаа “Нэг ч төрийн албан хаагчийн цалинг хасахгүй, ажлаас чөлөөлөхгүй” гэв.
Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Эрүүл мэнд, боловсролын салбарын албан хаагчдын цалингийн доод хэмжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно" гэсэн заалтыг Төрийн албаны тухай хуульд оруулж байгаа. Төрийн албан хаагчдын 60 гаруй хувь нь багш, эмч нар байгаа. Боловсролын салбарын хувьсах зардал дээр өөрчлөлт орж байгаа. Боловсролын чанарын асуудал дээр анхаарал хандуулах ёстой юм байна гэж үзсэн. Өнгөрсөн жилүүдэд хүртээмж ярьж байсан. Харин одоо чанарт анхаарлаа хандуулах цаг болсон. Сурагч, багш болон сургуулийнх нь амжилтыг хардаг гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоо руу шилжүүлж байгаа. Ингэснээр боловсролын байгууллагын ажилчдын цалин хасагдахгүй” гэлээ.
Сайд нарын хариулт “Төрийн албан хаагчдын тоог 50 мянгаар бууруулна” гэсэн Засгийн газрынхаа байр суурийг бүрэн илэрхийлж чадсангүй. Тиймээс Сангийн яамны зарлагын хэлтсийн дарга М.Санжаадорж гишүүдийн асуултад нэмж хариулсан юм.
Тэрээр “Төрийн үйлчилгээний албан хаагчид хоёр янзаар төрийн албанаас хасагдаж байгаа. Нэгдүгээрт, боловсрол, соёл, эрүүл мэнд, спортын албан хаагчдыг төрийн албаны орон тооноос хассан. Шалтгаан нь бид орон тоо бүрээр нь санхүүжүүлэхгүй, гүйцэтгэлээр нь санхүүжүүлнэ.
Хоёрдугаарт, Орон нутагт төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэггүй боловч төсөвт байгууллагуудын байр ашиглалтыг хариуцдаг байгууллагуудын албан хаагчид Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар ирэх оноос орон нутагтаа шилжиж байгаа. Тиймээс төрийн үйлчилгээний энэ албан хаагчдын цалин хөлсийг бөөн дүнгээр нь орон нутгийн төсөвт тавьж байгаа. Цалин хөлс нь хасагдахгүй. Бүх тооцоолол нь хийгдсэн” гэв.
Хэчнээн тайлбарласан ч төрийн албан хаагчдын тоог хэрхэн 50 мянгаар бууруулах нь ойлгомжгүй байна. УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “Төрийн албан хаагчдын тоо 50 мянгаар буурах юм уу, үгүй юм уу” хэмээн лавлаж асуусан ч тодорхой хариулт өгөх хүн байсангүй.
АН-ын Засгийн газар Монгол Улсын өр гэдэг ойлголтод өөрчлөлт оруулж байсан шиг, МАН-ын Засгийн газар төрийн албан хаагчид гэж хэнийг хэлэх вэ гэдэгт өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ. Гэхдээ Монгол Улсын өрийн хэмжээ буураагүй шиг төрийн албан хаагчдын тоо ч буурахгүй юм байна.