“Цайгүй айл зангүй, аягагүй хүн амгүй” гэж айхтар хэлц бий. Монголчууд хэзээнээсээ цай сайтай айл гэж нэгнээ тодотгох дуртай. Сайхан цай харамгүй сэтгэлийн илэрхийлэл ч гэж ярьдаг. Тэгвэл бидний мэдэх Хорлоо эмээгийн цай хөгшдийн хэлдгээр ёстой л сүү нь сүлэрч, ааг нь амтагдсан сайхан шаргал аж.
Энэ удаад бид уншигчдын хэдийнэ танил болсон Хорлоо эмээгийнд зочиллоо. Ингээд цай уух завсарт хууч дэлгэж, харгүй сайхан хөөрөлдсөнөө ийн хүргэе.
- Сувдаагаа өр зүрхнээсээ хайрлаж, үг бүртээ эрхлүүлнэ-
Хоёр жилийн өмнө дөө. Хорлоо эмээ Бөмбөгөр худалдааны төвийн гадна өвлийн хүйтэнд халуун савтай цай зараад сууж байхтай Ц.Сувд-Эрдэнэ гэх бүсгүй таарч, санамсаргүй яриа өрнүүлснээр “төөрөлдсөн” эх, охин хоёрын сайхан түүх эхэлжээ.
“Төөрөлдсөн” гэдгийн учир нь Ц.Сувд-Эрдэнэ бүсгүй багадаа эцэг, эхээ алдаж, өнчин өрөөсөн өссөн гэнэ. Ийм амьдралыг Хорлоо эмээ ч мөн туулсан аж. Түүний хувьд аав, ээжээс олуулаа ч золгүй хагацлаар ах дүүсээ алдаж, өөртэйгээ нас ойролцоо нэг эмэгтэй дүүтэйгээ л үлдсэн гэнэ.
“Өнхрөөд л өгөх юм. Хорвоо ч хатуу шүү дээ” гэж хоолой зангирах нь Хорлоо эмээгийн цээжний цаана ямар их харуусал, хагацал хуралдсан нь илт. Одоо түүнд өргөж авсан ганц хүү нь л үлджээ. Хүү нь 40 гарсан бөгөөд өөрийн гэр бүлтэй учир эмээг гэхээсээ илүү гэр бүлээ гэнэ. Гэхдээ хорвоо түүнээс авахаа авсан ч хайрын алгаа дэлгэхээ мартсангүй...
Тийм нэгэн гайхалтай учралаар Ц.Сувд-Эрдэнэ гэх харь элгийн бүсгүй Хорлоо эмээг яг л төрсөн үр шиг нь хайрлан, халамжилдаг болсноор хоёр жил болж байгаа аж.
Хэрэв хөл өвдөхгүй бол өдөр бүр Сувдаа дээрээ товолзтол алхаад оччихгүй юу хэмээн Хорлоо эмээ өөртөө өмөг түшиг болж яваа түүний тухай ярих бүртээ л өмөлзөнө.
“Хэрэв энэ хөл өвдөхгүй бол өдөр бүр Сувдаа дээрээ товолзтол алхаад оччихгүй юу” хэмээн санаашрахад нь өөрийн эрхгүй огшиж байв.
Хорлоо эмээгийн хөл нь хавдаж, нэг хөл нь нөгөөгөөсөө илүү бүдүүрчээ. “Хөл өвдөөд явж чадахгүй юм. Эмчлүүлье гэтэл та даахгүй, мөрөөрөө л явж бай гэсэн. Одоо яалтай ч билээ дээ” гэж хэлэх эмээ хөлдөө тулгуур болгох үүднээс хоёр модон таягтай нөхөрлөөд уджээ. “Таяг тулж яваад байхаар гарны үе товойгоод гараад ирэх юм. Уг нь их урт, том хэр баргийн бээлий ч таардаггүй гартай л хүн байсансан” хэмээн гараа илнэ.
Энэ зуурт түүний гарт хоёр бөгж үл ялиг гялтайх төдий харагдана. Нэг нь зээ охиных нь зүүж өгсөн түлхүүрийн оосорны төмөр, нөгөө нь нэлээд элэгдсэн охидын гоёлын бөгж байх аж. “Яах вэ, хөөрхөн охин минь эмээгээ гоёж байгаа гээд л гарт зүүчихсэн юм. /Сувд-Эрдэнийнхээ охиныг миний зээ охиноо гэж ярьдаг юм билээ/
“Өвөр түрий ухаж, чихэр хайгаад үгүй бол мээм иднэ гэдэг эрх дамшиг л даа. Янзын хүүхэд шүү” хэмээн ач охиноо өхөөрдөнө.
Тэрээр ярих бүртээ л Ц.Сувдаа, түүний хүүхдүүдийг болон хүүгийнхээ охидыг өхөөрдөн, инээмсэглэнэ. “Ам нь ангалзаад юм хэлж чадахгүй ч хүнийг ойлгоод ёстой хурдан өсөх юм аа” гэж хэлээд ачынхаа үйлдлийг дууриаж үзүүлэв.
“Хоёрхон хоногийн өмнө очиж хэд хоночихоод ирсэн л дээ. Манай Ц.Сувдаа чинь өөрөө хөдөлгөөнтэй хүн. Хүүхдийнхээ даавууг өөрөө базах гээд л гүйчихнэ. Уг нь очоод хэд хоног даавууг нь угаагаад, биеийг нь тэнхрүүлэхсэн. Надтайгаа л адил, тарчигхан амьдралтай ч сэтгэл нь сайхан шүү дээ. Өрөвчхөн гэж яана. Миний муу охин” хэмээн Сувдаагаа ярьсаар хошуу цорвойно. Өөрт нь өмөг түшиг болж яваа бүсгүйн тухай ярих бүртээ л ийн өмөлзөнө. Өр зүрхнээсээ хайрлаж, үг бүртээ эрхлүүлнэ. Ёстой л дэм дэмэндээ, заяа тавилангаараа учирсан гэлтэй.
- Олныхоо тусаар би гэдэг хүн сайхан л явж байна-
Хорлоо эмээ тун зочломтгой нэгэн аж. Байсхийгээд л “Алив, цай уу, охин минь. Ааруул ид, цагаан сарын хэвийн боовноос жаахан үлдсэн. Аваад идээрэй, миний охин” гэх нь бүр нэг чин сэтгэлийнх. “Эвий, эмээ минь. Таны наад сэтгэлд тань л цадчихлаа шүү” дээ...
Тэрээр “Санаагаар болохгүй юм. Мөнгө нь байдаг бол Ц.Сувдаадаа хийж өгөх юм их байх юм. “Баярлалаа” гэж хэлэхээр багадах тус ч их байна. Ер нь ч олныхоо тусаар би гэдэг хүн сайхан л явж байна. Надаас хэцүү амьдардаг хүн яасан олон байна аа. Ээ, горьгүй болжээ. Энэ цаг төр. Хуучин чинь хүн бүр ажилтай, гудамжинд амьдрах хүн гэж байхгүй байлаа. Нормын ажлаа хийгээд, ногоотой шөлөө уугаад л явдаг байлаа. Гавшгай ажиллаж чадвал ахиад л байдаг сайхан үе байж дээ. Нэг буузыг гурван мөнгөөр арилжаад чамлахааргүй орлоготой ч ирдэг байж. Хэзээнээсээ юм хурааж сураагүй л дээ би. Аав минь ч хэлдэг байсан. Алт, мөнгөөр хучаад өнхрөх биш. Хүнд л тустай, гэмгүй явахад болдог юм хэмээн захидаг байсан. Би ч тэгж бодсоор өдий хүрсэн. Энэ олон жил амьдрахдаа хүн мэхэлж, завшиж явсангүй. Хоол зарж, барилга дээр ажиллаж, мужаан гээд л хүний хийж болох бүх л зүйлийг хийсэн дээ” гэж Хорлоо эмээ сэтгэлээ уудаллаа.
Мөнгө нь байдаг бол Ц.Сувдаадаа хийж өгөх юм их байх юм. “Баярлалаа” гэж хэлэхээр багадах тус ч их байна.
Тэрээр залуудаа хотыг бүтэн тойрч, хоол цайгаа зарчихаад, үдшийн бүрийтэй уралдан гэртээ ирдэг байжээ. 30 гаруй жил Бөмбөгөр дээр цай хоол зарсан гэнэ. Үүнийгээ тэр муудсандаа бусдын хоолыг зөөлөө гэж бодохгүй, харин ч олны амыг тостой байлгасан гавьяа гэж бодно.
“Хэдэн жилийн өмнө 20 шил ундаа, халуун савтай цай, хоолоо төвөггүй үүрээд л хандсан зүгтээ яваад зарчихдаг байлаа. Одоо бол хоёр литрийн савтай цайгаа л дөнгөж чирээд явж байна. Нэг аяга цайгаа 250 төгрөгөөр зарж, найман аяга болгож чадвал өдөрт 2000 төгрөг болчихдог юм. Гэтэл сүүлийн үед хүмүүс жижиг цагаан аягаар биш /250 граммын дугуй шаазан аягыг заав/ халуун сав шиг юм барьж ирээд л хийлгэж авах юм” гэж хэлээд инээв.
Ер нь Хорлоо эмээ тэрүүхэндээ жиг жиг инээх юм. Хүүхэд шиг. Бас шаггүй шооч бололтой. Яриан дундаа нэг биш удаа хошигноод авах нь хөөрхөн.
-Хорлоо эмээ сэрээрэй, жинг нь аваад явлаа шүү-
Хөгшин хүнд автобусанд сууж буухаас эхлээд жингээ /биеийн жин үздэг/ үүрэн, цайгаа барьж, таягаа тулаад алхана гэдэг амаргүй даваа. Харин Хорлоо эмээ энэ ачааг гучин жил үүрчээ. Одоо ч үүрсэн хэвээр. Алхаа нь саарсан уу гэхээс явах зам, үүрэх ачаа, явдал суудал нь багассангүй. Өдөр бүр Дэнжийн 1000, Бөмбөгөр хооронд зорчино.
“Хоёр өдөр ажилгүй сууж байна. Өндөр шар хүмүүс ирж байгаа бололтой юм. Бөмбөгөрийг хаасан гэнэ. Гэртээ суухаар уйдах юм. Уг нь автобусны буудал ойрхон болохоор гарч суугаад гурван буудал яваад л оччихдог” хэмээн их л дурамжхан ярьж сууна. /Улаанбаатар хотноо болж буй АСЕП-ийн уулзалтыг хэлж буй/ Хэзээнээсээ зүгээр суух дургүй хүнд ийм үе уйтай санагдах нь аргагүй.
Сүүлийн үед Хорлоо эмээгийн бизнес хумигджээ. Өөрөөр хэлбэл, өрсөлдөгч олонтой болсон гэнэ. Өөрөөс нь гадна цай, хоол зардаг залуус олширчээ. Тиймээс таньдаг хэдэн хүндээ цайгаа зарчихаад л Ц.Сувдаагийнхаа авч өгсөн жингээр хүмүүсийн жинг үзэж, захын гадна суудаг аж. Гэвч хүмүүс тэр бүр 300 төгрөгөөр жинлүүлэхгүй. Эмээ ч нэг газраа удаан сууж чаддаггүй болохоор нойрондоо дийлдээд унтчих нь олонтаа гэнэ. Ямар сайндаа л нэг өдөр танил нь “Хорлоо эмээ сэрээрэй, жинг чинь аваад явлаа шүү” гэж дуудаж байсан хэмээн хөгжилтэй явдлаа ярилаа.
Тэрээр ярилцах зуур Ц.Сувдаагаа болон ач, зээ нараа ярьж өхөөрдөнө. Хананд өлгөсөн зургаа заагаад “Тэр манай Сувдаа байна. Миний Сувдаа чинь биеэ бодохгүй. Өөрөө л гүйгээд байдаг юм. Одоо аягүй бол нойтон даавуугаа угааж суугаа даа” хэмээн нэлээд санаа зовнисон байдалтай ярив.
Бие нь өтөлсөн ч ухаан сийрэг Хорлоо эмээд хийгээгүй ажил гэж ховор.
-Багийн үйлчлэгчээс их бүтээн байгуулалтад оролцсон Хорлоо бүсгүй-
Хуруу нь мойногшиж, нуруу нь бөгтийсөн Хорлоо эмээд бусдын адил залуу насны эрч хүчээр хөглөгдөн, нэгэн үе нутаг усандаа үеийн нөхдөө манлайлж явсан сайхан үе бий. Тэр ч бүү хэл социалист нэгдлийн ажлаас эхлээд улсын бүтээн байгуулалтад оролцож явсан гавъяа ч түүнд бий. Мөн барилгын засалчин, мужаанчаар ажиллаж, эмнэг хангал чихдэж номхруулдаг гэх эр хүн шиг эрэмгий явжээ.
Эмнэг сурган, мод хөрөөдөж, байшин барьсан гартаа утас зүү баривал дээл, хувцас, хамгамал зэргийг урлаж өөрийн болоод ойр орчны хүмүүсийнхээ хэрэгцээг хангачихдаг байж.
Хийсэн ажлыг нь нэрлэвэл тоймгүй олон. Багийн үйлчлэгчээс эхлээд бригадын ухуулагч буюу эмэгтэйчүүдийн бүлгэмийн дарга хүртлээ дэвшиж явжээ. Хамгийн гайхалтай нь тэрээр бичиг үсэг заалгаж, сургуульд суралцаагүй гэх. Угийн хэрсүү, хөдөлгөөнтэй Хорлоо охин өөрөө бие даан үсэг сурч, хэнээс ч дутахааргүй уншиж бичин, тоо ч чамгүй сайн боддог болжээ. Мэргэжлийн санхүүчгүй аймгийн тамгын газартаа орны хүнээр нь ажиллаж, сум руу өөр ажилд томилоход нулимстай буцаж байснаа ч дурслаа.
Багийн үйлчлэгчээс эхлээд бригадын ухуулагч буюу эмэгтэйчүүдийн бүлгэмийн дарга хүртлээ дэвшиж явжээ.
“Сампинг бол тун гаргууд эзэмшсэн дээ эмээ нь” хэмээн сайхан үеэ дурсахдаа тэрээр өнөөх л янзаараа инээнэ.
Залуугийн зурагнаас нь гэрт нь үлдээгүй ч сумын сайхан хүүхнүүдийн хамт авахуулсан, жирийтэл сүлжсэн урт салаа гэзэгтэй зураг хожим сумын Соёлын төвд хадгалагдан үлдсэн байдаг гэнэ. Эгэл борог амьдрал туулж, хэнээс ч хоногийн хоол гуйлгүй амьдарч ирсэн түүнд олгосон ганц шагнал энгэрт нь үлджээ. Өнгөрсөн жил Өмнөговь аймгийн 90 жилийн ойн баяраар нутгийн удирдлагууд нь түүнийг “Хүндэт иргэн”-ээрээ өргөмжилжээ.
-Хорлоо эмээгийн гар амьдралын гэрэл гэгээ бүхнийг даллах шиг-
Бид ийн хуучилсаар явах дөхөхөд Хорлоо эмээ хоёр таягаа тулсаар бослоо. “Зүгээр дээ, эмээ. Та гараад хэрэггүй ээ” гэж хэдэнтээ хэлсэн ч намайг үдэж өгнө хэмээн дагасаар хашааныхаа гадна гарч ирлээ. “Зайлуул даа” гэж өрөвдөхөөсөө илүүтэй “Яасан ч мундаг юм бэ дээ” гэж дотроо сүсэглэсээр цааш явлаа. Намайг хашааны булан тойрон тойртол Хорлоо эмээ бүлтийтэл харан, хоёр гараараа далласаар хоцорлоо. Яагаад ч юм энэ гар амьдралын гэрэл гэгээ бүхнийг даллах шиг. Хоргодоод ч байх шиг... нэг л дотно, гэгээн. Ийм олон хүн, ийм олон өнгө амьдралыг сүлсээр байгаа гэж бодоход таатай. Хүн хүнийхээ гэгээнд сүлэгдэж амьдардаг жамтай ажээ.
Гэрэл зургийг Г.Даша
Хорлоо эмээгийнд зочилсон зургийн цомгийг хүргэж байна
Хорлоо эмээ зорьсон хүнд л хааяа нэг зоос татдаг аж. Мөн хүн гуйж усаа зөөлгөдөг учраас усны саван дээрээ нэрээ ийн тэмдэглүүлжээ.