Чингис хааны өв, соёлын хүрээлэнгээс санаачлан Архивын Ерөнхий газар, Монгол Улсын Үндэсний музейтэй хамтран “Чингис хааны угсааны засаг ноёдын тамга” үзэсгэлэн, номын нээлтийг хийлээ. Тус үзэсгэлэнд алтан ургийн ноёдын зураг, хэрэглэж байсан 20 гаруй тамгыг тайлбарын хамт дэлгэсэн юм. Манж Чин гүрний үеийн 60 орчим хошууны тамгын бичээсийг хөрвүүлж, гэрэл зургийн хамт ном оруулсан “Чингис хааны угсааны засаг ноёдын тамга" номыг түүхийн ухааны доктор На.Батболд эрхлэн бичиж, доктор Б.Нацагдорж, Б.Саруул нар редакторласан ажээ.
Түүхийн ухааны доктор На Батболд “Бид Үндэсний төв архиваас 10 гаруй, Үндэсний музейгээс 10 орчим тамга авч үзэсгэлэнд дэлгээд байна. Эдгээр тамгыг Энх-Амгалан хаан Ман чин гүрний төр барьж байх үед буюу 1692 онд ёслолын яаманд үйлдэж Монголын засаг ноёдод гардуулсан. Тухайн үед үйлдсэн тамганы хийц бүгд ижилхэн. Барсын толгой чих нь төв заасан байрлалтай бол Сэцэн чин ван Наянтын тамга дээр байрлах бар нь тэнгэр өөд өлийж харж байгаагаар өөр юм. Тамганууд 10x10 хэмжээтэй, дөрвөн кг хоёр зуу грамаас дөрвөн кг гурван зуу грамын жинтэй” гэлээ.