Коронавирусийн улмаас уушгиндаа үлдэцтэй болсон залуусыг цэрэгт татахгүй

Нийслэлийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага өнөөдөр эхэллээ. Өмнөх жилүүдэд эрүүл мэндийн үзлэгийг хоёр шатлалтайгаар хийхдээ эхлээд дүүргийн эрүүл мэндийн төвийн үзлэгт хамрагдаад, дараа нь цэргийн төв дамжинд эрүүл мэндийн үзлэгт ордог байсан. Энэ жилийн тухайд дүүргийн эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдан, тэнцсэн цэргүүдийг шууд алба хаах ангиудад нь хуваарилахаар зохион байгуулжээ.

Эрүүл мэндийн үзлэгийн тухай Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн дотрын эмч Л.Мэдэхгүй “Одоогийн байдлаар 200 гаруй иргэн эрүүл мэндийн үзлэгт орлоо. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөхийн тулд иргэдийг цөөн тоогоор оруулж байна. Залуучууд архаг суурь өвчин, жингийн алдагдал, дотор, чих, хамар, хоолой зэргээс шалтгаалан эрүүл мэндийн үзлэгт тэнцдэггүй. Төрөлжсөн нарийн мэргэжлийн баг дотор, мэдрэл, сүрьеэ, гэмтэл, мэс засал, нүд, чих, хамар, хоолой зэрэгт нарийн үзлэг хийж байна” гэв.

Нарийн мэргэжлийн үзлэгээр зүрхний бичлэг хийн, эхо, рентгенд харж, иж бүрэн шинжилгээ хийж байгаа аж. “Ковид 19” халдвараар өвчлөөд бүрэн эдгэрсэн иргэдийг цэрэгт татаж байгаа бөгөөд эдгэрсэн ч уушгиндаа ямар нэг үлдэцтэй залуусыг цэрэгт татахгүй байх зохион байгуулалттай ажиллаж байна. Нарийн мэргэжлийн үзлэгт тэнцсэн иргэдээс “Ковид 19” халдварын шинжилгээ авч байгаа бөгөөд цэргийн анги дээр хуваарилагдан очсоны дараа дахин шинжилгээ авах аж. 2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 21-24-ний хооронд дүүрэг тус бүр дэх цэрэг татлагын байранд үргэлжилнэ.

Дүүргүүдийн цэрэг татлагын байрыг танилцуулж байна.

  • Баянгол дүүрэг – “Оюуны ундраа” цогцолбор сургууль /96-р сургууль/
  • Баянзүрх дүүрэг – Ерөнхий боловсролын 14-р дунд сургууль
  • Сүхбаатар дүүрэг – Ерөнхий боловсролын 31-р дунд сургууль
  • Сонгинохайрхан дүүрэг – “Өнөр” цогцолбор сургууль /83-р дунд сургууль/
  • Хан-Уул дүүрэг – Ерөнхий боловсролын 34-р дунд сургууль
  • Чингэлтэй дүүрэг - Ерөнхий боловсролын 5-р дунд сургууль
  • Налайх дүүрэг -Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв
  • Багануур дүүрэг – “Гүн галуутай” цогцолбор сургууль
  • Багахангай дүүрэг – “Хангай” цогцолбор сургууль

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)