УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Ш.РАДНААСЭД: -Төсөвтэй хамт төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж, багш, эмч нарийн цалинг тогтоох аргачлалыг өөрчилж байгаа юм байна. Ингэснээр багш, эмч нарын цалин буурчих юм биш биз дээ?

Л.ЭНХ-АМГАЛАН: -"Эрүүл мэнд, боловсролын салбарын албан хаагчдын цалингийн доод хэмжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно" гэсэн заалтыг Төрийн албаны тухай хуульд оруулж байгаа. Төрийн албан хаагчдын 60 гаруй хувь нь багш, эмч нар байгаа. Боловсролын салбарын хувьсах зардал дээр өөрчлөлт орж байгаа. Боловсролын чанарын асуудал дээр анхаарал хандуулах ёстой юм байна гэж үзсэн. Өнгөрсөн жилүүдэд хүртээмж ярьж байсан. Харин одоо чанарт анхаарлаа хандуулах цаг болсон. Сурагч, багш болон сургуулийнх нь амжилтыг хардаг гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоо руу шилжүүлж байгаа. Ингэснээр боловсролын байгууллагын ажилчдын цалин хасагдахгүй.