АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийж, АН УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь, Ц.Туваан нарыг АН-аас хөөсөн учраас бүлэг нь найман гишүүнтэй үйл ажиллагаа явуулахаар болж байгаа тухай мэдэгдсэн. Түүний мэдэгдэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл болон намаас хөөгдсөн гэх гишүүд мэдээлэл хийлээ.
О.ЦОГТГЭРЭЛ: -АН-ынхан нэгнээ хөөж тууж байна. Бид энэ асуудалд хүлээцтэй хандаж байгаа. Сүхбаатараас сонгогдсон гишүүн Ж.Батсуурийг хөөлөө гэж иргэн С.Эрдэнэ, хуульч О.Баасанхүү нар мэдээлэл хийж байна лээ. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь амаргүй сонголттой Сүхбаатар аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдож, АН-ын төлөө явж байна. Энэ хүнээ хөөчихөөр АН-д хэн үлдэх юм. Хөөсөн гишүүдээ намд О.Баасанхүүгээс бага хувь нэмэр оруулсан гэж, АН-ыг хагалан бутаргаад байгаа С.Эрдэнээс бага хувь нэмэр оруулсан гэж үзэж байгааг нь ойлгохгүй. Энэ бүх үйл явц нь ирэх арваннэгдүгээр сарын 5-нд товлосон АН-ын Их хурлыг хийлгэхгүй байх, хагалан бутаргах, зохион байгуулалттай үйлдэл. Бүлгийн дарга Д.Ганбат үүнийх нь гар хөл нь болоод явж байгаад харамсаж байна.
"Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах ажлыг Д.Ганбат манлайлж байсан. Үүнийг таслан зогсоох гэж бүлгийн гишүүд эсэргүүцсэн" гэх мэдээлэл яваад байна лээ. Огцруулах гарын үсэг зурагдсан нь үнэн. Би хамгийн түрүүнд гарын үсэг зурсан. Манайхан ч зурсан. Яг үнэндээ, Засгийн газрыг огцруулах албан бичгийг сугандаа хавчуулан МАН-тай хэлцэл хийж, гурван сайдын суудал авах гэрээ хийх гэж оролдсон гэж хардаж байгаа. Бид Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах ёстой гэсэн сөрөг хүчний байр суурийг илэрхийлж байсан. Түүнийг харин худалдаж, наймаалцсан. Энэ үйлдлээ таслан зогсоохыг бүлгийн дарга Д.Ганбатаас шаардсан. Гэтэл юун гуя гэдэг шиг сөрөг хүчний байр суурийг илэрхийлж байсан бид буруудаж, өөр байр суурьтай байсан Д.Ганбат улаан хамгаалагч байсан юм шиг увайгүй үйлдэл гаргаж, олон нийтэд мэдээлж байгаад харамсаж байна" гэлээ.