УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийж Ц.Тувааныг АН-ыг хөөсөн гэдгийг мэдэгдсэн. Мөн АН-аас УИХ-д нэр дэвшиж сонгогдоогүй Н.Алтанхуяг, С.Ганбаатар, намаасаа хөөгдсөн Ц.Туваан нарыг бүлгийн хуралд оролцуулах гэсэн юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Туваан мэдээлэл хийлээ.

Тэрээр “Чуулган дээр байж байгаад хэвлэлээс мэдээлэл авлаа. Гайхаж байна. Хөөлөө, хөөлөө гээд одоо хэд ч хөөгдчихөв. Би намдаа байгаа. Бүлэг ажиллаад жил гаруй болж байна. Бүлгийн үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалтын асуудлыг АН-ын бүлгийн хуралдаан дээр ярьсан. Нөхөн сонгууль нэмэлт санал хураалтаар шийдэгдэх болсон учраас бүлгийн даргын асуудлыг долоо хоногоор хойшлуулсан. Үүнтэй холбоотой байх гэж бодож байна. Би АН-аас сонгогдсон гишүүн, АН-даа байгаа. Олон удаа хөөгдөж байна. Манай намын дүрмээр гишүүнийг хөөвөл Үндсэн дүрмийн хурлаар шийдвэр гаргадаг. Би сая Үндсэн дүрмийн хорооны даргатай ярьсан. Хурал болоогүй, намайг хөөгөөгүй гэсэн. Намайг хөөгөөд байгаа талд би байхгүй. Тэдний бүртгэлд байхгүй. Байхгүй хүнийг татаж авчраад хөөлөө гээд байх юм. Би энэ шийдвэрийг гурав, дөрөв дэх удаагаа сонсож байна. Байхгүй газраасаа хөөгдөж байгаагаа гайхаж байна” гэв.