“Манай хүргэн гэж унхиагүй нөхөр бий. Миний охиныг 10-аад жил гэр хороололд амьдрууллаа. Үе, үе бор дарс уудаг сураг дуулдах болсон. Нэг хүүхэдтэй байгаа дээрээ сал гэж охиноосоо их л гуйх юм. Ямар бидний үеийнх шиг мал нядлаад, мах эвдээд, гэр бараа буулгахын зовлон байх биш. Энэ нийгэмд мөнгө л байвал эр хүний хэрэг ч алга” гэж хижээл насны эмэгтэй өгүүлэв.
Түүнийг ийн ярьж дуусмагц хамт суусан 60 эргэм насны эмэгтэй “Бага хүү маань манайд амьдраад сар орчим болж байна аа хө. Эхнэр нь байр сав, үр хүүхдийг нь авч үлдээд, миний хүүг хэдэн хиртэй хувцастай нь хөөгөөд гаргасан байна лээ. Хүүхдүүдийг нь бодохоор гэр рүү нь явуулмаар л болох юм. Хөөгдөөд ирснийг нь бодоод үг хэлж чадахгүй байна. Би ч бэрийн тэнгэргүй хүн бололтой. Ах нь бас нэг адасга шиг ааштай хүүхний ая тал олж амьдардаг. Жилийн өмнө салах дөхсөн. Хэдэн муу сайн хүүхдийг нь бодоод л хэлээ хавчиж амьдрах юм. Насны эцэст юм, юм үзэх шинжтэй байна аа хө” гэж халаглав.
“Газраас чулуу аваад шидэхэд салсан хүний толгой онохоор болсон цаг” гэх егөөдөл хоосонгүй болохыг дээрх яриа батлах шиг. Үнэхээр ч сүүлийн жилүүдэд гэр бүл салалт нэмэгдэж, өрх толгойлсон эцэг, эх борооны дараах мөөг шиг олширчээ.
Манай улсад өдөрт дунджаар 40 хос гэрлэлтээ батлуулдаг 10 хос гэр бүлээ цуцлуулдаг байна.
Өөрөөр хэлбэл, жилд 16-17 мянган хос гэрлэлтээ батлуулдаг ч дөрвөн мянга нь салдаг аж. Үүний улмаас нэг жилийн дотор 10 мянган хүүхэд өнчирч, амьдын хагацал үзэж байна.
Өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд 14252 хос гэрлэлтээ батлуулж, 3500 орчим нь цуцлуулжээ. Гэхдээ энэ бол зөвхөн албан ёсоор гэрлэлтээ батлуулсан болон цуцлуулсан иргэдийн талаарх тоо мэдээлэл. Улсад бүртгэлгүй хэчнээн гэр бүл нийлж, бас салж байгааг тааж, тооцоолох аргагүй юм.
Цар тахлын жилүүдэд өрх толгойлсон эх, хагас өнчин хүүхдийн тоо өсчээ
Гэр бүл салалтад аав, ээж, ар гэрийн оролцоо, эдийн засаг, эрх үүргийн зөрчил зэрэг хэд, хэдэн хүчин зүйл нөлөөлдөг. Эдгээрээс гадна сүүлийн жилүүдэд цар тахал, хөл хорио гэр бүлийн харилцааг тодорхой хэмжээнд сэвтүүлж байна.
Статистик сөхвөл, 2019 онд улсын хэмжээнд өрх толгойлсон эх 69787 байсан бол 2020 онд тус тоо 70293 болж өссөн байна. Харин хагас өнчин хүүхдийн тоо хоёр жилийн өмнө улсын хэмжээнд 33649 байсан бол 2020 онд 35000 болжээ. Ийнхүү нас баралт болон гэр бүл салалтын улмаас жилийн дотор 2000 орчим хүүхэд өнчирч, 500 орчим эмэгтэй өрх толгойлж байна.
Түүнчлэн цар тахлын жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэл ч нэмэгдсэн байна. Тодруулбал, 2018 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас таван эмэгтэй амь насаа алдсан бол 2020 онд дээрх тоо найм болж өсчээ. Энэ талаар Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “Цар тахлын жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байна. Энэ нь эдийн засаг болон нийгмийн сөрөг хүчин зүйлээс улбаатай” гэлээ.
Өсвөр насандаа ээж болсон эмэгтэйчүүдийн 70 гаруй хувь нь өрх толгойлдог
Хариуцлага үүрч, амьдрал “нугалах” наснаасаа өмнө хүүхэдтэй болоод “бүдэрч” буй залуучууд жил ирэх тусам олширч байгаа нь өрх толгойлсон эцэг, эхийн тоо нэмэгдэхэд багагүй нөлөө үзүүлж буй юм. Тодруулбал, улсын хэмжээнд нэг жилийн хугацаанд 4000 орчим өсвөр насны охин хүүхэд төрүүлж байгаа бөгөөд тэдгээрийн 70 гаруй хувь нь өрх толгойлсон ээжийн амьдрал туулж байгаа талаарх судалгаа бий. Түүнчлэн статистикийн мэдээллийн нэгдсэн санд байршуулснаас харахад, 1000 төрөлт тутмын 30 гаруй хувийн 10-19 насны жирэмслэлт эзэлж байна.

2017 оны судалгаагаар улсын хэмжээнд жилд 4000 орчим өсвөр насны охин төрж байна. Тэдгээрийн 74 хувь нь өрх толгойлсон ээж болдог. Сүүлийн жилүүдэд ч дээрх тоо өөрчлөгдөөгүй хэвээр байна. Түүнчлэн энэ зөвхөн төрсөн охидын тоо. Үүний цаана үр хөндүүлж буй охид цөөнгүй бий. Жилд 4000 охин ээж болж, 4000 хүн шинээр мэндэлж байна. Эдгээр иргэдийн эрх ашгийн хамгаалж, анхаарахгүй бол төр 8000 хүнээ хаалганы цаана үлдээж буйтай ялгаагүй зүйл юм.
Хүүхдийн тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж болохгүй
Дээрх тоо мэдээллээс харахад, эцэг, эхийн хариуцлагагүй байдал, харилцааны асуудлын улмаас мянга, мянган хүүхэд “хагас” амьдралыг туулж байна. Гэвч тэдгээр хүүхдийн эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн орчин хангалтгүй байгаа юм. Жишээ нь, шүүхийн шийдвэрээр жилд 4000 орчим гэр бүл гэрлэлтээ цуцлуулж байгаа ч мянга хүрэхгүй нь л хүүхдийн тэтгэмж авдаг. Өөрөөр хэлбэл, хүүхдийн тэтгэмж өгөх шийдвэрийн 85 хувь нь хэрэгждэггүй байна. Үүнээс гадна эцэг, эх нь гэрлэлтээ батлуулахгүйгээр хамтран амьдарч байгаад салсан тохиолдолд хүүхдийн тэтгэмж авах боломж улам багасдаг талаар хуульчид онцолж байлаа.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуульд хүүхдийн тэтгэмжийн хэмжээг маш бага тогтоосон байдаг. Гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд амьжиргааны доод түвшний 50 хувиар буюу 200 орчим мянган төгрөгийн тэтгэмж тогтоодог бол хүүхэд 11 наснаас дээш бол амьжиргааны түвшинтэй тэнцүү хэмжээний тэтгэмж тогтоодог заалттай.
Энэ нь эцэг, эхийн орлогын түвшингээс үл хамаардаг байна. Энэ хэмжээний мөнгөөр ганц бие эцэг, эх хүүхдээ тэжээж, өсгөхөд бэрх юм. Эцэг, эхийн хариуцлагыг нэмэгдүүлэхгүй бол өнчин хүүхэд, өрх толгойлсон аав, ээжийн тоо буурахгүй.
Өрх толгойлсон эцгийн эрх ашгийг эрх зүйн хүрээнд хамгаалья
Гэр бүл салалтын хамгийн том хохирогчийг хүүхэд, эмэгтэйчүүд гэж хардаг нийгмийн хэвшмэл ойлголт бий. Өөрөөр хэлбэл, үрээ тэвэрч хоцроод, тэтгэж өсгөж буй олон мянган аавын эрх ашгийн хаана ч, хэн ч сөхдөггүй. Гурав хүртэлх настай хүүхдээ гэртээ асарч байгаа аавууд дөнгөж энэ оны долоодугаар сарын 1-нээс л хүүхэд асарсны тэтгэмж авах боломж бүрдсэн. Монгол Улсын хэмжээнд 16419 өрх толгойлсон эцэг байдаг гэж статистик бий. Түүнчлэн энэ бол зөвхөн улсад бүртгэлтэй иргэдийн тоо мэдээлэл юм. Судалгааны байгууллагын хийсэн тооцоогоор 20 гаруй мянган эцэг гурав хүртэлх насны хүүхдээ асарч байгаа гэсэн тоо байдаг юм байна. Өөрөөр хэлбэл, халамж, хамгааллаас ангид хэчнээн өрх толгойлсон эцэг байгааг мэдэх, мэдээлэх боломж хомс байгаа юм.
Гэр бүл бол нийгмийн хамгийн гол субект. Эрүүл харилцаатай, элэг бүтэн гэр бүлд хүүхэд бие, сэтгэл эрүүл торнино. Тиймээс эрүүл монгол хүнийг бүтээхийг тулд хүн нэг бүр хариуцлагатай аав, ээж байх шаардлагатай байна.