Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 2021 оны наймдугаар сарын 17-ны өдөр Хүйн долоон худагт 512 бөхийн барилдаан зохион байгуулсан. Тус барилдаанд шөвгөрсөн 16 бөх болон өөрсдийн саналаар шинжилгээ өгөхийг хүссэн хоёр бөхөөс Монголын Допингийн Эсрэг Үндэсний Байгууллага шинжилгээ авсан юм.  Шинжилгээг наймдугаар сарын 18-ны өдөр БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу явуулсан юм. Өнөөдрийн байдлаар 17 бөхийн шинжилгээ иржээ. Харин үлдсэн нэг шинжилгээний хариуг яаралтай ирүүлэх талаар асууж тодруулсан албан бичгийг Монголын Допингийн Эсрэг Үндэсний Байгууллагаас БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу 10 дугаар сарын 11 болон 13-нд тус тус илгээсэн байна. Дэлхийн допингийн эсрэг байгууллагын холбогдох дүрэм журмын дагуу шинжилгээны хариу бүрэн ирэхээр МДЭҮБ-аас Монголын бөхийн холбоонд хариуг албан ёсоор өгөх юм байна. Ирсэн даруйд нь шинжилгээний талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй хүргэнэ гэдгээ Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээллээ. Харин тэр болтол монгол бөхийн нэр хүндийг сэвтээсэн хардлага, буруу мэдээлэлд автахгүй байхыг хүсье гэсэн юм.