УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тогтоолын танилцуулсан юм.

Б.ЛХАГВАСҮРЭН: -Цар тахлын сөрөг нөлөөгөөр эдийн засагт оролцогчдын хүлээлт өөрчлөгдөж, бизнесийн үйл ажиллагаа хязгаарлагдсанаас эдийн засаг өнгөрсөн онд огцом агшсан. Харин энэ оны эхний хагаст 6.3 хувиар өссөн. Энэ өсөлтийн цаашдын төлөв салбар хооронд харилцан адилгүй байхаар байна. Дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дагаж түүхий эдийн үнэ нэмэгдэж, манай экспортын орлогод дэмжлэг болж экспортын орлогыг 34.6 хувиар нэмэгдүүлсэн. Дотоод эдийн засгийн идэвхжил, уул уурхайн томоохон төсөл, дэд бүтцийн бүтээн байгуулалтууд, дэлхийн зах зээл дээрх нефтийн бүтээгдэхүүний үнэ зэргээс үүдэн импорт энэ оны долдугаар сард 31.9 хувиар өссөн.

Төв банк 2022-2024 онд инфляцыг 6±2 нэгж хувийн интервалд тогтворжуулах зорилтыг хангахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ. Инфляц наймдугаар сарын эцсийн байдлаар 8.9 хувьд хүрч нэмэгдээд байна.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 72.7 хувь нь Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.