10 сая төгрөгийн шагналын сантай бөхийн барилдаан болно

Монголын үндэсний бөхийн холбоо, "Хил хязгааргүй спорт" ТББ-тай хамтран 10 сая төгрөгийн шагналын сантай "Монголын үндэсний бөхийн мэргэжлийн лиг"-ийг зохиох гэж байна. Үндэсний бөхийн дүрэмд чөлөөт бөхийн спортын дүрмээс нэмж, богино хугацаанд сонирхолтой барилдаан гаргах зорилготой уг лигийн эхний тэмцээн энэ сарын 16нд Монгол бөхийн өргөөнд болно. Мэргэжлийн лигийн анхдугаар тэмцээнд барилдахаар бүртгүүлсэн бөхчүүдийг МҮБХ-ноос хамгийн сүүлд гаргасан цолны эрэмбээр жагсаан, эхний 56 бөхийг барилдуулна гэж мэдээлсэн юм. Үлдсэн бөхчүүд дараагийн В ангиллын мөн 56 бөхийн барилдаанд оролцох боломжтой аж.

Олон улсын мэргэжлийн спортуудын жишгээр онооны самбар, тогтсон хугацаатай лиг сар бүр цувралаар зохиох бөгөөд эхний тэмцээн оролцох 32 бөхийн нэр тодорчээ. Барилдааны оноолтыг эрэмбэ харгалзахгүйгээр сугалж тогтоосон бөгөөд 32 бөх шууд хасагдах журмаар хоорондоо барилдаж ялагч тодорно. Ирэх бямба гарагт болох эхний тэмцээний оноолт:

  • Улсын начин Б.Бат-Эрдэнэ - Аймгийн начин Б.Баатарболд
  • Аймгийн арслан П.Өсөхбаатар - Аймгийн арслан Б.Чинбат
  • Улсын начин Д.Амаржаргал - Аймгийн заан Б.Түвшинтөгс
  • Улсын начин Б.Цэдэнсодном - Аймгийн арслан Б.Батсайхан
  • Улсын харцага Д.Анар - Аймгийн начин Г.Цоггэрэл
  • Улсын начин Н.Мустафа - Аймгийн арслан Д.Аззаяа
  • Улсын начин Ч.Батчулуун - Аймгийн начин Б.Улаалзгана
  • Улсын начин Ц.Мөнхбаяр - Аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа
  • Улсын харцага О.Хангай - Цэргийн начин Г.Эрдэнэтогтох
  • Аймгийн арслан С.Ерөөлт - Аймгийн арслан Д.Ням-очир
  • Улсын начин Ц.Бямба-Очир - Аймгийн заан О.Түмэн
  • Аймгийн арслан Б.Отгонбаатар - Аймгийн арслан С.Сумъяабат
  • Улсын харцага Т.Баасанхүү - Аймгийн заан Э.Мөнхжаргал
  • Аймгийн харцага Б.Баянмөнх - Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Улсын начин Б.Серик - Аймгийн харцага Б.Сосорбарам
  • Аймгийн арслан М.Бямбадорж - Аймгийн арслан Я.Бумбаяр

Барилдааны дүрмээс дурдвал, давсан бөхийг дараах 4 хэлбэрээр тодорхойлно. Үүнд:

  • Барилдааны хугацаа дуусахаас өмнө өрсөлдөгчөө хаясан тохиолдолд
  • Барилдааны хугацаа дуусахаас өмнө тухайн бөхийн авсан идэвхийн оноо өрсөлдөгчийн онооноос 10 ба түүнээс дээш болсон тохиолдолд
  • Барилдааны хугацаа дууссан тохиолдолд их идэвхийн оноотой бөхийг давсанд тооцно
  • Барилдааны хугацаа дуусахад хоёр бөхийн оноо тэнцвэл сүүлийн оноо авсан бөхийг давсанд тооцно.

Өрсөлдөгч бөхийг шахаж барилдааны талбайн захын гадна бүтэн улаар гишгүүлэх, хийсэн мэхний үйлчлэлээр өрсөлдөгч бөхийн гарыг газарт хүргэх, хайна болсон тохиолдолд мэх хийсэн бөхөд нэг оноо өгөх хэлбэрээр бөх идэвхийн оноо авах юм. Харин бөхчүүд сар бүрийн тэмцээнээс оноо цуглуулснаар чансаа ахиж дараа дараагийн барилдааны оноолт тодрох юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)