Нидерландын угсаа залгамжлах гүнж ижил хүйстэнтэйгээ гэрлэж болно

Амали, Виллем Александр. 

Нидерланд улс ижил хүйстний гэрлэлтийг 2001 онд хуулиар хүлээн зөвшөөрсөн ч энэ хууль хаан ширээ залгамжлагчид хамааралгүй байжээ. Тэгвэл энэ уламжлал өөрчлөгдөж, угсаа залгамжлагч ханхүү, гүнж ижил хүйстэнтэйгээ гэрлэхийг хуульчлах бололтой. Ямартай ч Засгийн газрын зүгээс ийм өөрчлөлтийг эсэргүүцэхгүй гэдэг байр суурийг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Марк Рютте өгсөн байна. М.Рютте Парламентад бичгээр гаргаж өгсөн мэдэгдэлдээ дээрх агуулгыг тусгажээ. Нидерландын угсаа залгамжлах гүнж Амали ирэх арванхоёрдугаар сард 18 нас хүрнэ. Марк Рюттегийнхээр бол Амали ирээдүйд эмэгтэй хүнтэй гэрлэж болно гэсэн үг юм. “Хэдийгээр энэ асуудал төсөөллийн чанартай, гүнж яг эмэгтэй хүнтэй гэрлэх эсэх нь тодорхойгүй ч онолын хувьд бол боломжтой. Тодруулбал, гүнж ижил хүйстэнтэйгээ гэрлэхийн тулд угсаа залгамжлах эрхээсээ татгалзах шаардлагагүй гэж Засгийн газар үзэж байгаа юм” гэж М.Рютте ярьжээ.   

Нидерландын хаан Виллем Александрын охин Амали ижил хүйстэнтэйгээ гэрлэх эсэх асуудал өнгөрсөн зун гарсан нэгэн номтой холбоотойгоор олон нийтийн анхааралд орж ирсэн юм байна. Номд гүнжийн бэлгийн чиг хандлага байтугай хувийн амьдралынх нь талаар нэг ч мэдээлэл байгаагүй ч яагаад ч юм бэ, дээрх асуудал ярианы сэдэв болсоор өдгөө Засгийн газар, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч нь байр сууриа илэрхийлэх хэмжээнд очтол өндрөө авчээ.   

Амалигийн хувьд өдгөө оюутан бөгөөд Хааны гэр бүлийн санхүүгийн дэмжлэгээс татгалзаад байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)