Дэлхийн хамгийн том эдийн засаг бүхий Их 20 -ийн бүлгийн гишүүн улсууд Афганистаныг сүйрлээс урьдчилан сэргийлэх амлалт өгчээ.
Тухайлбал, Германы канцлер Ангела Меркель тус улсыг эмх замбараагүй байдалд орхихыг зөвшөөрөх ёсгүй гэж мэдэгджээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тусламжийг эрх баригч Талибан хөдөлгөөнд шууд олгох бус олон улсын бие даасан байгууллагуудаар дамжуулан үзүүлэх ёстойг онцолжээ. Нэгдэн улсын зүгээс үзүүлэх тусламжид хэдэн саяар доллараар хэмжигдэх хоол хүнс, эм бэлдмэл багтаж буй.
Тэгвэл Евро Комиссын зүгээс Афганистаны дүрвэгсдийг хүлээн авч буй хөрш орнуудад нэг тэрбум еврогийн тусламж үзүүлэх амлалт өгчээ.
Германы канцлер А.Меркель хэдийгээр албан тушаалаас бууж байгаа ч тус улсын зүгээс Афганистанд үзүүлэх 600 сая еврогийн амлалт хэвээр хадгалагдахыг тодотголлоо. Хатагтай Меркель "Афганистаны эдийн засаг, санхүүгийн систем бүхэлдээ нуран унавал бидний хэн нь ч хожихгүй. Дараа нь хүмүүнлэгийн тусламж үзүүлэх боломжгүй болно. 40 сая хүн цахилгаан хангамж, санхүүгийн систем байхгүй нөхцөлд аж төрж энэ улс эмх замбараагүй байдалд орж байгааг харах нь олон улсын хамтын нийгэмлэгийн зорилго биш " гэжээ.
Харин Италийн Ерөнхий сайд Марио Драги Их 20 -ийн орнууд талибуудтай холбоо тогтоох ёстой боловч энэ нь исламист бүлгийн Засгийн газрыг хүлээн зөвшөөрнө гэсэн үг биш гэлээ. НҮБ-ын зүгээс дэлхийн удирдагчдыг Афганистаны эдийн засагт хөрөнгө оруулахыг хүссэний дагуу энэхүү цахим уулзалтыг зохион байгуулсан юм. Өнгөрсөн наймдугаар сард Талибан хөдөлгөөн Афганистанд хяналтаа тогтоосны дараа банкууд олон өдрийн турш хаагдсан. Одоо банк нээгдсэн ч бэлэн мөнгөний хомсдолд ороод байгаа юм. Олон аж ахуйн нэгжийн эзэд эх орноосоо дүрвэн гарсан тул үйл ажиллагаагаа зогсоож ажилчид нь хэдэн сар цалингаа аваагүй байна.
Зах зээлд бэлэн мөнгө байхгүй тул өдөр тутмын хэрэгцээт бараа бүтээгдэхүүн, түүний дотор хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өсжээ.