Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Уг хуулийн төслийг Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-нд УИХ-д өргөн мэдүүлсэн юм. 

2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шинэчлэн найруулахад цоо шинээр оруулж ирсэн өөрчлөлт бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шинэчилсэн хуулийн чухамхүү нэг гол үзэл баримтлал нь шүүхийн хэлэлцүүлгийн үе шатыг хоёр хувааж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаан гэж заагласан. Ингэсний зорилго, агуулга нь дээр дурьдсан хууль зөрчигдөж, алдаа эндэгдэл гарвал хэргийг бүрэн шийдвэрлэж дууссан хойно бус шүүхээс хэргийг урьдчилан цаг алдалгүй прокурорт буцаах замаар алдааг залруулах тусгайлсан үе шатыг бий болгосон явдал юм. Гэвч 2019 онд анхан шатны шүүх 26897 эрүүгийн хэрэг шийдвэрлэснээс 57 хэргийг цагаатгаж, 1345 хэргийг шүүхийн шатнаас прокурорт буцаажээ. 2020 онд 13470 хэрэг шийдвэрлэснээс анхан шатны шүүх 76 хэргийг цагаатгаж, 1247 хэргийг прокурорт буцаасан гэх тоо баримтыг төсөл санаачлагч танилцууллаа. Прокурорт буцаасан нийт хэргийн 1231 нь урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас буцсан бол 1350 хэрэг нь шүүхийн хуралдааны шатнаас буцсан байна. Ийнхүү 2019-2020 онд анхан шатны шүүхээс буцаасан хэргийн талаас илүү хувийг шүүх хуралдааны шатнаас буцаажээ. Мөрдөгч, прокурор хууль зөрчсөн алдаагаа засах боломж олгосон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр бус гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг буцаасаар байгаа нь хэрэг дээрээ тийнхүү хоёр үе шатанд хуваахын утга учрыг алдагдуулсан хэрэг болсон гэж үзсэн байна.

Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орохын өмнө буюу шүүхийн шатанд тухайн шүүх хуралдаанд яллах дүгнэлт үйлдэж орсон прокурорын “хэргийг прокурорт буцаах шаардлагатай гэж үзсэн” тайлбаргүй саналыг үндэслэж хэргийг прокурорт буцаах нь шүүх эрх мэдлийн агуулга, эрүүгийн эрх зүйн суурь болсон гэм буруугийн зарчимд нийцэхгүй гэж хууль санаачлагчид үзжээ. Энэ зарчим нь шүүгч, прокурорт авилга өгөх, шүүхээс хэргийг үнэн бодитойгоор шийдвэрлэх боломжийг хязгаарлах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзсэн байна.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 10 нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)