2021-2022 оны хичээлийн шинэ жил эхлээд сар гаруй хугацаа өнгөрчээ. Мөн хугацаанд ЕБС-ийн сурагчид болон оюутнууд цахим болон танхим хосолсон хэлбэрээр хичээллэж буй юм. Мөн 4-5 настай хүүхдүүд цэцэрлэгтээ явж эхэлсэн.
Харин 2-3 насны хүүхдүүдийн суралцах, хөгжих эрх нь хязгаарлагдаж, төрсөн цагаасаа хойш дөрвөн хананы дунд “түгжигдэж” байна. Түүнчлэн энэ насны хүүхэдтэй эцэг, эх хүүхдээ харахын тулд ажлаасаа чөлөө авах шаардлага тулгарч буй юм.
Төрсөн цагаасаа хойш дөрвөн хананы дунд “түгжигдэж” байна
2-3 настай хүүхдүүдийг энэ хичээлийн жилд цэцэрлэгт хамруулах эсэхийг есдүгээр сарын сүүл, аравдугаар сарын эхээр тусгай төлөвлөгөө гаргаж танилцуулна гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлсэн. Тэрээр "2-3 настай хүүхдүүд бол томуугийн хамгийн эрсдэлтэй бүлэг. Иймд томуугийн вакцинжуулалтын явцыг харж байж, эрсдэлийн үнэлгээг дахин хийнэ. Энэ насны хүүхдүүдийг хэзээнээс цэцэрлэгт авах талаар есдүгээр сарын сүүл, аравдугаар сарын эхээр тусгай төлөвлөгөө гаргаж танилцуулна" гэсэн юм. Гэвч 10 дугаар сар дундаа орж байхад холбогдох яамнаас тодорхой мэдээлэл гаргаагүй л байгаа нь эцэг, эхчүүдэд хүндрэлтэй байгаа юм. Энэ талаар Баянзүрх дүүргийн иргэн Л.Янжиндулам “Манай хүү 2018 оны зургадугаар сард төрсөн. Намар цэцэрлэгт өгөх гэтэл дөрвөн нас хүрээгүй гээд аваагүй. 10 дугаар сараас хүүхдээ цэцэрлэгт өгчих байх гэж найдаад би ажлаасаа нэг сарын чөлөө авсан ч өнөө хэрнэ цэцэрлэг авахгүй хэвээр байна. Тиймээс нөхөр хоёр долоо хоногийн чөлөө аваад хүүгээ харж байгаа. Хувийн цэцэрлэг хайсан ч гурван настай хүүхдийг авах цэцэрлэг алга. Төрийн шийдвэрийг огт ойлгохгүй байна. Гурван настай маш олон хүүхэд найз нөхөдгүй, гэртээ хоригдож байна. Манай хүү гэхэд цагаасаа хойш ганц сар ч цэцэрлэгт явж үзээгүй. Нийгэмшил, хөгжил гээд олон асуудал тулгамдаж байна” гэсэн юм
“Танхимд бус гэр бүлийн хүрээнд халдвар авч байна”
Ковид19 халдварын халдварын улмаас цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдэд насны хязгаар тогтоож буй талаар холбогдох байгууллагууд мэдээлсэн. Гэхдээ хүүхдүүд анги, танхимаас халвар авах эрсдэл бага байгаа талаар ЭМЯ онцолсон юм. Тодруулбал, халдварын тархалт өндөр байгаа ч хүүхдүүд анги, танхимаас бус гэр бүлмйн хүрээнд халдвар авах нь түгээмэл байгаа аж. Сүхбаатар дүүргийн иргэн А.Чаминчулуун “Гурван настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй байгаа нь хүүхдийн эрх зөрчиж буй хэрэг. Халдвараас хамгаалахын тулд ийм шийдвэр гаргаж байгаа гэдэгт итгэж, хүлцэх хүн одоо цөөн бий. Хаа сайгүй халдвар байна. Эцэг, эхчүүд өөрсдөө өдөр бүхэн халдвартай хүнтэй хавьтал болж байгаа хэрнээ хүүхдүүдээ хааш ч гаргахгүй хаших нь утгагүй хэрэг” гэлээ.
“Хүүхдээ хүүхдээр харуулж байна”
Хэнээр хүүхдээ харуулж, хэрхэн ажлаа амжуулах вэ гэх хүндхэн сонголттой эцэг, эхчүүд хоёр жил гаруй хугацаанд нүүр туллаа. Харах, хандах хүнгүй, ажилгүй гэртээ суух санхүүгийн боломж хомос ээж, аавууд хүүхдээ ах, эгчтэй нь үлдээгээд цоожтой хаалганы цаана үлдээж буй олон тохиолдол бий.Улмаар түлэгдэл зэрэг ахуйн хүрээний гэмтэл их гарч буйг ГССҮТ-ээс гаргасан статистикаас харж болохоор байна. Тодруулбал, хөл хорио, цар тахлын жилүүдэд бага насны хүүхдийн ахуйн хүрээний гэмтэл, түлэгдэл нэмэгдсэн байна. Түүнчлэн угаартах эрсдэл өндөр. 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд нийт 2,568 хүн угаарын хийнд хордож эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс насанд хүрсэн хүн 1,435, хүүхэд 1,133 байна. Дээрх тоо мэдээллээс харахад, угаартаж эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн тал хувь нь хүүхдүүд байгаа юм. Баянзүрх дүүргийн иргэн С.Хархүү “Эхнэр бид хоёр хоёул төрийн алба хаагч. Өглөө гараад, орой ирдэг. Бага охин маань гурван настай. Ах нь гуравдугаар анги, эгч нь энэ жил зургадугаар ангид орсон. Ах, эгч хоёр нь нэг долоо хоног цахимаар, нэг долоо хоног танхимаар хичээллэж байгаа болохоор ээлжлээд дүүгээ хардаг. Хүүхдээр хүүхэд харуулна гэдэг чинь амар ажил биш шүү дээ. Зуух, янданд хайрагдчих вий, даарч хөрөөд өвдчих вий, өлсөж цангаж байгаа болов уу гээд сэтгэл амрахгүй. Багийгаа цэцэрлэгт өгчихвөл ажлаа сэтгэл амар хиймээр байна” гэсэн юм.
Ийнхүү цэцэрлэгээс “гадуурхагдсан” хүүхдүүд суралцаж, хөгжих эрхээ хязгаарлуулж буйгаас гадна ахуйн хүрээний аюултай хараа, бараанд торниж байна.