Гадаад харилцааны сайд байхдаа гадаадын хөрөнгө оруулагчдад хатуурхан “хөөж явсан” Г.Занданшатар одоо УИХ-ын даргын хувиар тэднийг урьж сууна. Тэрээр 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа Стратегийн ач холбогдолтой салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг батлуулж байлаа. Уг хуулийн дагуу эрдэс баялаг, банк, санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны салбарт гадаадаас хөрөнгө оруулалт хийх тохиолдолд тавих шалгуурыг нь өндөрсгөсөн юм. Яг үнэндээ энэ хууль нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдад зориулсан популист шинжтэй хууль байв. Энэ шинж чанар нь тухайн үедээ эрх баригчдын УИХ-ын сонгуулийн үйл ажиллагаанд нь яв цав нийцэж байлаа. Учир нь, Монгол Улсын эдийн засаг түүхэндээ байгаагүйгээр буюу 17 хувийн өсөлт үзүүлж, оодорч явсан цаг. Экспортын гол түүхий эдүүдийн ханшийн өсөлт нь улстөрчдөд үргэлж тийм байх юм шиг сэтгэгдэл төрүүлж, гадаадын хөрөнгө оруулагчид хэрэггүй мэтээр авирлаж байлаа. Олон нийтийн хувьд ч гадаадын хөрөнгө оруулагчид шиг луйварчид байгаагүй. Луйварчдад хатуу шаардлага тавьсан хуулийг УИХ-ын сонгуулийн өмнө батлах нь сонгогчдоос оноо авах гэсэн оролдлого байв. Энэ хуулиар тухайн аж ахуйн нэгжийн хэдэн хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшихээс шалтгаалан Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлж зөвшөөрөл олгохоор зохицуулсан юм. Тодруулбал, 49-өөс дээш хувийг нь эзэмших бол УИХ, түүнээс бага бол Засгийн газраар хэлэлцүүлэн зөвшөөрөл авах байсан юм. Энэхүү зохицуулалт нь гадаадын хөрөнгө оруулагчдын урам зоригийг мохоосон. Уг хуулийг хэрэгжүүлжсэнээр гадаадын хөрөнгө оруулагчид үргэж эхлэхээс гадна экспортын түүхий эдүүдийн ханш унаж таарсан. Ингэснээр ам.долларын ханш өсч, төгрөг сулрах, эдийн засагт шаардлагатай хөрөнгө оруулалт хомсдох гэх мэт эдийн засаг агших сөрөг талууд бий болсон.
УИХ богино хугацаанд алдаа хийснээ ухаарч 2013 онд Стратегийн ач холбогдолтой салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг хүчингүй болгож, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд хөрөнгө оруулагчдад тал зассан зохицуулалт оруулсан. Тодруулбал, хөрөнгө оруулагч хүсвэл татварын орчноо тогтворжуулж болно гэсэн агуулгатай өөрчлөлт оруулсан юм. Гэвч энэхүү зохицуулалт нь нэгэнт үргээд одсон хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаагүй. Түүхий эдийн ханш унасан нь ч үүнд нөлөөлсөн биз. Мөн эдийн засагчид “Шинэ хуулиа сурталчлах ажлаа муу хийсэн” гэж үздэг.
Гадаадын хөрөнгө оруулалтыг татдаг гол салбар бол уул уурхай. Уул уурхайн салбар руу гаднын хөрөнгө оруулагчид мөнгөө хийх сонирхолтой байсан нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, манай улс уул уурхайн түүхий эдийн гол хэрэглэгч БНХАУ-тай ойрхон. Нөгөө нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хэн дуртай нь цуцлаад байдаггүй хууль эрх зүйн орчинтой байлаа. 2017 оныг хүртэл лиценз цуцлах тохиолдолд заавал шүүхээр ордог хамгаалалттай байв. Мөн ашиглалтын лиценз эзэмшигч компани дампуурлаа гэхэд лиценз буюу ашигт малтмалыг ашиглах тусгай зөвшөөрөл нь хүчинтэй хэвээр үлддэг байлаа. Тийм учраас өөр хөрөнгө оруулагч нэр дээрээ шилжүүлээд авч болдог байсан юм. Энэ нь хөрөнгө оруулагчдыг татсан чухал зохицуулалт байв. Гэвч лицензийн наймаа гаарлаа гэсэн ганцхан өгүүлбэрээр халхавчлан 2017 онд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах зохицуулалтыг хялбаршуулсан явдал нь гадаадын хөрөнгө оруулагчдыг улам үргээсэн. Үр дүнд нь орон нутаг, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хоёр хүсвэл ашиглалтын лицензийг цуцалж болдог хууль эрх орчин бүрдээд байна. Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд Монгол Улсад бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүдийн тоо тогтмол буурчээ.
1990-2012 онд дэлхийн 112 орны 12118 аж ахуйн нэгж 14 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Үүний 74 хувь нь геологи, уул уурхайн салбарт хийгдсэн.
Монголд бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай ААН-үүд:
2007 онд 1611
2011 онд 964
2012 онд 796
2019 онд 233
2020 онд 79
2021 он 35
Хэдхэн жилийн өмнө хөрөнгө оруулагчдад хатуурхаж явсан манай улс одоо тэднийг “Ороод ирээч” хэмээн гуйж сууна. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, П.Анужин, Х.Булгантуяа, Д.Өнөрболор нарын өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж дэмжсэн. Одоо үйлчилж байгаа хуулиар гадаадын компани Монгол Улсад бизнес эхлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, эсвэл төлөөлөгчийн газар гэсэн статусын аль нэгийг сонгох хэрэгтэй болдог. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 25-аас доошгүй хувийг гадаадын компани эзэмшсэн байх ба 100 мянган ам.доллароос доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байхыг шаарддаг. Одоо хэлэлцэж буй хуулийн төсөлд энэхүү хөрөнгө оруулалтын босго нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад шаардлагагүй байхаар зохицуулжээ. Харин тухайн хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтын доод хэмжээг 50 мянган ам.доллар байхаар заах нь зөв гэж хууль санаачлагчид үзсэн байна.
Гадаадын нэг улсын тосгонд үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдээс ч цөөхөн аж ахуйн нэгж манай улсад бүртгэлтэй байна. Өнөөдөр E-Mongolia цахим системийг ашиглаад Монгол Улсын иргэн компани нээх боломжтой болсон. Хөрөнгө оруулалтын босгогүй болсноор гадаадын иргэн заавал манай улсад зорчихгүйгээр компани нээх боломж бүрдэнэ. Одоогийн хуулиар бол ирээд 100 мянган ам.доллар байршуулаад аж ахуйн нэгжийнхээ тусгай зөвшөөрлийг бүтэн сарын турш хүлээж байж авдаг.
Гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжиж, урамшуулж, шулуухан хэлэхэд тал засах ёстой. Хөрөнгө оруулалтад нь баталгаа гаргах, хууль эрх зүйн орчноо сайжруулах, хэлсэн амандаа хүрдэг байх гээд хөрөнгө оруулагчдын өмнө хүлээх олон хариуцлага бий.
Энэ хуулийн төсөл Монгол Улсад байнга оршин суух виз олгох хууль болжээ. Яагаад гэвэл, хөрөнгө оруулалтын босгыг нь аваад хаячихсан. Нэг ам.доллар оруулахгүй байсан ч хөрөнгө оруулагч. 50 мянган ам.доллар төлөхөд л Монгол Улсад байнга оршин суух эрхтэй болох нь. Нэг тэрбум ам.доллар төлөхөд л манай улсад гадаадын 20 мянган иргэн байнга оршин суух эрхтэй болно гэсэн үг. Бид дэлхийн хоёр дахь эдийн засагтай зэрэгцэн оршиж байгаа шүү. Нэг тэрбум ам.доллар манайд л мөнгө болохоос тэдний эдийн засагт юу ч биш. Жилд 20 мянган хүн орж ирээд байвал Монгол Улс юу болох вэ. Улс орноо ингэж самарч болохгүй.
Хариуцлага хүлээж буй улстөрчид, хар масс гэгддэг хэсэг бүлэгтэйгээ нийлээд гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж явсан цаг саяхан. Харин одоо тэд шалдаа бууж гадаадын хөрөнгө оруулагчдыг “гэртээ залахаар” зэхэж сууна. УИХ-аар хэлэлцэж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд зааснаар бол Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө тээглэх босго, торох хаалгагүй болох ажээ. Үүнийг олон нийт эсэргүүцсэнтэй холбоотойгоор уг хуулийн төслийг дэмжиж гарын үсгээ зурсан П.Анужин, Д.Өнөрболор нар байр сууриа өөрчилж, уг төслийг буцааж татахыг Х.Ганхуяг гишүүнээс шаардаж эхэллээ. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өчигдөр “Хууль өргөн барьсан гишүүдээс мэдэгдэл хийгээд нэрээ татсан. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар өргөн барьсан гишүүдийн 50 хувь нь хуулийнхаа төсөлд оролцохгүй гэвэл хууль татагддаг. Тиймээс энэ хууль татагдах болов уу гэж бодож байна” хэмээн мэдэгдсэн юм.