УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн ээлжит хуралдаанаараа хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.

Тэрээр "Намын бүлгийн хурлаар 2022 оны төсвийн тухай хуулийг хэлэлцлээ. Төсвийн асуудлыг хугацаанд нь шийдвэрлэх хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг Х.Ганхуяг нарын гишүүд өргөн барьсан. Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдсэн. Үүний дараа хууль өргөн барьсан гишүүдээс мэдэгдэл хийгээд нэрээ татсан. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар өргөн барьсан гишүүдийн 50 хувь нь хуулийнхаа төсөлд оролцохгүй гэвэл хууль татагддаг. Тиймээс энэ хууль татагдах болов уу гэж бодож байна.

Бүлгийн хурлаар Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцээгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох нь Ерөнхий сайдын бүрэн эрх байдаг. Тиймээс бүлгийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүй" гэлээ.