Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн санал хураалт өнөөдөр болж байна.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Санал хураалтын ажил дуусахад нэг цагийн хугацаа үлдээд байгаа ч саналын ирц хангалтгүй байна.

Хэнтий аймагт байгаль, цаг уурын хүндрэлтэй байдал үүссэн. Тус аймгийн Өмнөдэлгэр, Баян-Адрага, Норовлин зэрэг суманд цас их орсны улмаас жижиг оврын автомашинтай иргэд хэсгийн хороондоо хүрч чадахгүй байна. Мөн өчигдөр зарим иргэн шуурганд уруудсан мал ахуй руугаа явсан тохиолдол ч гарсан. Эдгээр нь сонгуулийн ирцэд нөлөөлж байна.

Хэнтий аймгийн УИХ-ын нөхөн сонгуулийн ирц 21:00 цагийн байдлаар 32.8 хувьтайгаар санал хураалтын ажиллагаа үргэлжилж байна. Харин Сонгинохайрхан дүүргийн хувьд, 36.6 хувийн ирцтэйгээр санал хураах ажил үргэлжилж байна.СЕХ болон аймаг, нийслэл, дүүрэг гээд бүх шатны сонгуулийн байгууллага сонгогчдын оролцоог нэмэгдүүлэх бүх л бололцоот арга хэмжээг авч хэрэгжүүллээ.

СХД-ийн иргэд саналаа өгөх нь идэвхжиж байна. Харин хөдөө багуудад байгаа сонгуулийн санал авах байранд харанхуй болсноос хойш санал өгөх иргэд өсөх магадлал нь бага байна.

22:00 цагаас СЕХ-ноос сонгуулийн дүн мэдээг дамжуулна. Хэнтий аймгийн тухайд 44 хэсгийн хорооноос ирэх ирцийн мэдээ дөрвөн цагаар хоцорч явж байгааг дуулгая. Одоогоор Хэнтий аймгийн зарим хэсгийн хорооны сонгуулийн саналын ирц 50-аас дээш хувьд хүрсэн.

Сонгогчдын ирц 50 хувьд хүрсэн эсэхээс үл хамааран санал хураалт 22:00 цагаар таслагдана. Хэрэв ирц 50 хувьд хүрэхгүй бол нэмэлт санал хураалтыг СЕХ-ноос долоо хоногийн дотор зохион байгуулна" гэлээ.