“Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн 490 дэх дугаар уншигчдын гарт очлоо. Шинэ дугаараас онцлох найман сэдвийг танилцуулья.

НЭГ. Алдагдсан боломж

Өнгөрсөн хоёр жил орчмын хугацаанд хувийн хэвшлийнхэн байгаа бүх нөөц боломжоо шавхчихсан. Төр засаг нь цагаасаа түрүүлж байгаа нөөцөө талын нэг цацаж, хүчээ тарамдаагүй бол Монголын бизнес эрхлэгчид “дасан зохицох”, “тэсвэрлэх” чадвартай гэдгээ хангалттай батлан харууллаа. Тэд бол ямар ч гэмгүй, ялгүй атлаа хоёр жил гав гинж зүүсэн “хоригдол” юм.

Одоо тэднийг “Дахин ганц өдөр хаалгаа барь” гэж хэлэхэд ихээхэн шиг хүйтэн сэтгэл хэрэгтэй болно. Төр төмөр нүүртэй ч түүнийгээ хүйтэн сэтгэлийн үртсээр бүтээдэггүй билээ...

Д.Дамдинжав "Эртэдсэн гараа оройтсон бариа" нийтлэлээс

ХОЁР. Гадаадын хөрөнгө оруулагчдыг “гэртээ залах" уу

Лицензийн наймаа гаарлаа гэсэн ганцхан өгүүлбэрээр халхавчлан 2017 онд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах зохицуулалтыг хялбаршуулсан явдал нь гадаадын хөрөнгө оруулагчдыг улам үргээсэн. Үр дүнд нь орон нутаг, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хоёр хүсвэл ашиглалтын лицензийг цуцалж болдог хууль эрх орчин бүрдээд байна. Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд Монгол Улсад бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүдийн тоо тогтмол буурчээ.

Хэдхэн жилийн өмнө хөрөнгө оруулагчдад хатуурхаж явсан манай улс одоо тэднийг “Ороод ирээч” хэмээн гуйж сууна...

С.Шийлэгтөмөр "Хөрөнгө оруулагчдыг хөөдөг, бас гуйдаг Монгол" нийтлэлээс

ГУРАВ. Удаан хүлээсэн шинэчлэлийн сураг

Төсвийн төсөлд төрийн захиргааны байгууллага, төрийн өмчийн компаниудын зардлыг бууруулах, олон нийтэд нээлттэй болгох зэрэг асуудлыг нэлээд далайцтай тусгажээ. Үүнд олон жил яригдсан төрийн өмчийн зарим компанийг олон нийтэд санал болгох тухай мөн багтсан байна. Мэдээж төр стратегийн гэгдэх салбарын өмчөө авч үлдээд бусад төрийн өмчийн компанийг олон нийтэд нээлттэй санал болгохоор болжээ.

Үүний эхлэл нь МИАТ байхыг хариуцсан агентлагийн дарга нь мэдэгдсэн. Түүнчлэн төрийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулдаг болох зорилт тавьсан байна.

Б.Болор-Эрдэнэ " 2022 оны төсвөөс онцлох нь" нийтлэлээс

ДӨРӨВ. Хүүхдийн мөнгөний цаадах улстөр

Халамжаас хуримтлал руу гэсэн бодлого магадгүй цагаа олсон байж мэднэ. Хүүхдийн мөнгөнд гар хүрэхгүйгээр амьдарч чадах өрх олон байгаа нь гарцаагүй. Гэхдээ амьдралаа залгуулдаг нь ч мундахгүй олон. Нөгөө талаас хүүхдийн мөнгийг эцэг, эх нь зарцуулах эрхгүйгээр хадгалах нь өөрөө хэд хэдэн асуулт дагуулж байна. Адаглаад л иргэдийн нэрийн дансны араас орвол яах вэ. Сар бүр цалингаасаа нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэдийн нэрийн дансанд хоосон бичилт хийгдсэнээс хоёр ч төгрөг байхгүй байгаа нь үнэн. Ядаж л Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг улстөрчид нь эрх мэдлээ ашиглаж хувийн банкиндаа байршуулаад байхгүй болгочихсон жишээ Монголынх...

Ж.Лувсан-Ёндон "Мөнгө, дөнгө" нийтлэлээс

ТАВ. Улстөрийн томилгооны уршиг

Салбар бүрт мэргэжлийн боловсон хүчнийг томилж чадавхижуулах ажлыг Гадаад харилцааны яамнаас эхлэх ёстой.

Хоёр хөрштэй харилцах харилцаа цаашдаа улам л төвөгтэй болох төлөвтэй. Тэдэнд ашигтай шийдвэрийг манай улстөрчид л гаргаж байгаа нь үнэн шүү дээ. “БНХАУ, ОХУ ойр байх тусмаа Монголд ашиггүй” гэдэг логик бий. Тэгвэл одоо хоёр хөршийн харилцаа хэзээ ч байгаагүй найрсаг түвшинд байна. Энэ үед чухамхүү Гадаад харилцааны салбар хүчирхэг байж гэмээ нь харилцааг тэнцвэржүүлж, улс орныхоо эрх ашгийг хамгаалж чадна...

Х.Батсайхан "Гамшиг дагуулсан гадаад харилцаа" нийтлэлээс

ЗУРГАА. Монгол хүний шүтдэг хамгийн гол үзэл нь амиа хичээх болжээ

Өнөөдөр хуулиар шийдэгддэггүй зүйлийг ёс суртахуунаар ухамсарлаж шийддэг байх хэрэгтэй. Буруу зөвийг ялган дүгнэж уучлал гуйж нийгмийн хэм хэмжээнд тааруулан амьдрах бус нийгэмд ёс зүйн хэм хэмжээг өндөрт байлгаж эрүүл тогтолцоо эрүүл нийгэм бий болно. Олон нийтийн эрх ашиг хээл хахууль үймэн шуугиан ердөө л ёс зүй, ёс суртахууны доголдол юм.

Тухайлбал үйлдлийн үр дүн нь өөрөө ёс суртахуунтай байж хүн сэтгэл ханамжтай тайван байдаг аж. Үг хэлэхдээ “Бид” гэдэг хэрнээ үйлдэл дээрээ “Би” болчихдог энэ үзэл л нийгмийг ялзруулж байна.

И.Сарангоо "Гээгдсэн ёс зүй" нийтлэлээс

ДОЛОО. Цахиурын хөндийн гэмт хэрэг

Нэгэн цагт түүхэн дэх хамгийн залуу тэрбумтнаар нэрлэгдэж, америк мөрөөдлийн бодит жишээ болон мандаж явсан Элизабет Холмсын шүүх хурал эхэллээ. Гарааны бизнесээр хөрөнгө оруулагчдаа хуурч мэхэлсэн залуу хатагтайг багадаа 20 жил шоронд хоригдох ял хүлээж буй. Харин “Даашинзтай Стив Жобс”-ын худал хуурмагийг өгүүлсэн ном Америкт борлуулалтаараа тэргүүлж, адармаат түүхийг нь өгүүлсэн цуврал киноны гол дүрд Аманда Сейфрид тоглож байгаа. Дэлхийг өөрчлөхөөр сэтгэл шулуудсан залуу судлаачаас залилан мэхлэгч болж хувирсан Элизабет Холмс ердөө 19 насандаа эхэлсэн гарааны бизнесээр 700 сая ам.долларын хөрөнгийг босгож чадсан юм.

С.Лхагвасүрэн "Дусал цусны үнэн" нийтлэлээс

НАЙМ. Н.Наранбаатар: Түүхийг ягштал цээжлэх нь чухал биш

Энэ удаа бид Б.Цогнэмэх зохиолчид “Хаадын хаан” жүжгийг захиалж бичүүлсэн. Хамгийн гол нь бид түүхээс мөн чанар олж хардаг байх хэрэгтэй. Ямар үзэл санааны нэгдэлтэй байж сэргэн мандсан юм, ямар алдаа, оноотой үзэл хандлага, авир араншинтай байх үедээ уруудан доройтож, дарлагдаж, мөлжлөгдөж байсан юм гэдгийг нь харах хэрэгтэй. Үүн дээрээ дүгнэлт хийгээд, анхаарах ёстой. Тиймээс залуучуудыг их үзээсэй гэж хүсэж байна. Энэ бүтээл залуучуудын сонирхлыг татах хэрэгтэй. Тиймээс хийц их чухал. Сонирхлыг нь татаж чадаад, зүрх, сэтгэлийг нь хөдөлгөж чадвал тархинд очих сигнал нь амархан.

О.Даваасүрэн " Н.Наранбаатар: Их эзэн Чингис хаан зөвхөн Монголыг бус дэлхийг зассан хүн" ярилцлагаас