“Арьнольфинигийн гэр бүлийн хөрөг” уран зураг нь хосуудыг дүрсэлсэн хамгийн анхны бүтээлд тооцогддог. Тус бүтээлийн талаар эрдэмтэн, судлаачид хэдэн зуун боть ном гаргаж, дүрсийг нь олон арван брэнд өнөөг хүртэл ашигладаг билээ. Энэхүү сор бүтээлийг урлаг судлаач М.Аминагийн тайлбарласнаар танилцуулж байна.

Уг зурагт яг хэн дүрслэгдсэн нь болон юуны талаар өгүүлсэн нь өнөө хэр маргаантай байдаг аж. Шинээр гэрлэж буй хосуудыг дүрсэлсэн, хөл хүндтэй гэргийг буулгасан, нас барсан гэргийнхээ дурсгалд зориулан зуруулсан зэрэг маш олон таамаг хөвөрдөг байна.
Гэхдээ Лондонгийн Үндэсний Галлерей хамгийн сүүлийн судалгаагаараа энэ зурагт аль хэдийнэ гэрлэчихсэн хос дүрслэгдсэн байна гэж үзсэн байна. Түүнчлэн хойд Европт олон улсын худалдаанаймаагаарааманлайлж байсан Брюгге хотын итали худалдаачин Арьнольфини гэх хүн эхнэртэйгээ дүрслэгдсэн байх магадлалтай гэж таамагладаг юм.
Зун цагт үенгийн арьсан дах нөмөрсөн нь бэл бэнчинг илэрхийлжээ
Цонхоор нар тусч, урин дулаан цаг агаартай байгаа нь үзэгдэнэ. Түүнчлэн гадаа нь мод цэцэглэсэн байх хэдий ч Арнольфини гэр бүлээрээ тансаг зузаан үенгийн арьсан дах нөмөрсөн нь бэл бэнчинг нь илэрхийлж байна. Нөхрийнхөө гараас хөтөлсөн эмэгтэй гэрэлтсэн цагаан царайтай байх бөгөөд харц нь доош харж байгаа нь нөхөртөө итгэж, амьдралаа даатгаж буйг илэрхийлнэ.
Ногоон өнгө эмэгтэй хүний ёс жудагтай байдлыг бэлгэддэг
Эмэгтэйн толгой эвэртэй ч юм шиг харагдаж байгаа нь корнетт хэмээх үс засалт юм. Урт даашинзаа урдаа барьсан байдалд нь түүнийг хөл хүнд мэт харагдуулж байна. Харин ногоон өнгө ариун цагаан сэтгэл, эмэгтэй хүний ёс жудагтай байдлыг бэлгэддэг гэж үздэг.
Гутлаа тайлсан нь гал голомтоо ариун гэж хүндэтгэж буй хэрэг
Хосууд гутлаа тайлсан байгаа нь орон гэр, гал голомтоо ариун хэмээн хүндэтгэж байгаагийн илрэл.
Эмэгтэйг нас барснаас хойш зурагдсан бүтээл байж болзошгүй
Таазан дээрх гэрлийн бүрхүүл дээр ганцхан лаа асаалттай байгаа нь бурхан энд буй хэмээх бэлгэдэл гэж үздэг. Мөн ассан лаа нөхрийн талд байх бөгөөд эхнэрийн талд нэг ч лаа байдаггүй. Үүнийг зарим судлаач эмэгтэйг нас барснаас хойш зурагдсан бүтээл учир бүсгүйн дээр лаа асаагаагүй гэж тайлбарладаг.

Зураач өөрийгөө толинд дүрсэлжээ
Хананд өлгөөтэй толины жааз Есүс Христосын шаналлын зургаар чимэглэгдсэн байдаг. Тодруулбал, толины хүрээг тойроод 10 ширхэг дүрс бий. Үүний хамгийн дээрх дүрсэнд Есүс дүрслэгдсэн байх бөгөөд эмэгтэйн талын дүрс Есүсийн нас баралтыг харуулах бол нөхрийн талд түүний амьдралын тухай дүрсэлсэн байдаг. Мөн толинд ойсон дүрсэнд хосуудаас гадна хоёр хүн бий бөгөөд тэдний нэг нь зураач Ян ван Эйк байх магадлалтай гэж үздэг. Түүнчлэн зураач уг толин дээр “Ян ван Эйк энд байв, 1434” гэж бичсэн байдаг.
Жимс үржил шимийг бэлэгдсэн байна
Арнольфини худалдаачны ард буй цонхны тавцан дээр жүрж байгаагаар дүрсэлжээ. Энэ жимс нь тухайн үед Брюшт импортоор орж ирдэг ховор жимс байсан аж. Тиймээс баян, тансаг байдлыг илэрхийлж буй гэж үздэг. Мөн л үржил шим, сайн сайхан бүхнийг бэлгэдсэн гэж урлаг судлаачид үздэг.
Бяцхан баримал гэргийг бие давхар байсан гэж таамаглахад хүргэдэг
Улаан ор мөн л хосуудын тансаг, эрхэмсэг байдлыг харуулах бөгөөд орны дээр Хортонг дарж буй Маргарита хэмээх гэгээнтний баримал байна. Энэ нь эмэгтэй хүн амаржих үедээ залбирдаг баримал юм. Энэ нь гэргийг бие давхар байсан гэх таамаглалыг дэвшүүлэхэд хүргэдэг.
Нохой сэргэн мандалтын уран зургийн онцлогийг харуулжээ
Нохой бол үнэнч байдлын бэлгэдэл. Мөн үсийг нь нямбайлан зассан байгаагаас хойд нутгийн сэргэн мандалтын уран зургийн онцлог харагдана.