Сүүлийн жилүүдэд транс тос гэх нэршил чих дэлсэж, уг тосноос татгалзах хэрэгтэйг амнаас ам дамжин анхааруулах болсон. Гэхдээ өнөөдрийг хүртэл хүмүүс хүнсний хэрэглээнээсээ транс тосыг халж чадаагүй төдийгүй хор нөлөөнийх нь талаар нэгдсэн ойлголтод хүрээгүй хэвээр байна. Түүнчлэн манай улс хүний биед хөнөөлтэй уг бүтээгдэхүүний импорт дээр хяналт тавьдаггүй бөгөөд сургууль, цэцэрлэгийн хоолонд ч өргөн хэрэглэдэг юм.
Транс тос зөвхөн масло, маргаринд агуулагддаггүй
Транс тос гэдэг нь ургамлын тосыг химийн аргаар устөрөгчжүүлэн хатуу төлөвт оруулж үйлд¬вэрлэсэн тос юм. Транс тосыг байгалийн болон ургамлын гаралтай гэж хоёр ангилдаг. Байгалийн гаралтай транс тос нь амьтны гэдсэнд үүсч, тэдгээрийн мах сүүнд бага хэмжээгээр агуулагддаг бол ургамлын транс тос гэдэг нь үйлдвэрийн явцад үүссэн тосыг хэлдэг. Гэхдээ транс тосыг зөвхөн масло, маргаринаар төсөөлөх нь өрөөсгөл юм. Торт, чипс, жигнэмэг, чихэр, шоколад, бяслаг, шарсан хуурсан бүтээгдэхүүн болон хөлдөөж, нөөшилсөн хүнсэнд ч өнөөх тос агуулагддаг. Мөн устөрөгчжүүлэн боловс-руулсан ургамлын тосны 45 хүртэл хувийг эзэлдэг байна. Өөрөөр хэлбэл, бидний өдөр тутамдаа хэрэглэдэг цөөнгүй бүтээгдэхүүн их, бага хэмжээгээр транс тосны агууламжтай байдаг.
Олон өвчний суурь шалтгаан болдог
1960-аад он транс тосны оргил үед тооцогддог. Өндөр өртөгтэй цөцгийн тосыг үйлдвэрийн аргаар боловсруулж, хэрэглэх нь эдийн засагт хэмнэлттэй байсан учир дэлхийн ихэнх улсад масло “мандаж” байв. Гэхдээ тухайн үеэс хойш буюу 1980-аад оны үед зүрх судасны өвчнөөр нас барах хүмүүсийн тоо дэлхий дахинд эрс өссөн байна. Үүний шалтгааныг транс тос болохыг эрдэмтэд тогтоожээ. Тухайлбал, Харвардын Нийгмийн эрүүл мэндийн их сургуулийн судлаачид нэг жилд 228 мянган хүн зүрхний шигдээс өвчнөөр өвчилж байгаагийн 72 мянга нь транс өөх тосны хэрэглээнээс болсон гэж үзжээ. Мөн транс тос хэрэглэснээс болж жилд ойролцоогоор 30-50 мянган хүн нас бардаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Үүнээс хойш транс тос хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг талаар хагас жарны турш олон улсын эрдэмтэд судалж, өндөр хөгжилтэй орнууд уг бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглоод буй юм. Түүнчлэн НҮБ 2019-2023 онд транс тосыг хориглох үе шаттай арга хэмжээ авахаар болсон тухайгаа мэдээлж байсан юм. Харин ДЭМБ транс тосны хэрэглээг 2030 он гэхэд 0.1 хувьд хүргэнэ гэсэн зорилго тавьж, улс орнуудад зөвлөмж өгөөд байгаа юм.
Ийнхүү дэлхийн зах зээлээс шахагдаж буй транс тос хөгжиж буй орнуудыг “онилоод” олон жил өнгөрчээ.

Транс тосны хүчил цусанд агуулагдах LDL холестролын хэмжээг ихэсгэж, HDL хэмжээг бууруулдаг тул зүрх судасны өвчин, тархинд цус харвах, чихрийн шижин зэрэг өвчний эх үүсвэр болдог. Өөх тосны судасны хананд наалддаг холестриныг ихэсгэж, хамгаалах холестриныг саатуулдаг. Ингэснээр хүний бие дэх өөх тосны солилцоог эвдэж, самууруулж байдаг.
АНУ-ын Лиза гээд профессорын хийсэн нэгэн судалгаагаар транс тосны хэт хэрэглээ бүдүүн гэдэсний хорт хадвар үүсгэж байгааг тогтоосон байдаг. 15 мянган эмэгтэйд хийсэн уг судалгаагаар транс тосны хэрэглээ өндөртэй хүмүүс хэрэглээ багатай хүмүүсээс бүдүүн гэдэсний хорт хавдарт өртөх эрсдэл өндөр байгааг тогтоосон байдаг. Үүнтэй адил транс тосны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгийг судалж, тогтоосон маш олон судалгаа бий.

Транс тос судасны дотор хананд нэвчих, судасны үндсэн бүтэц болон судасны уян хатан байдалд өөрчлөлт оруулдаг. Үүнийг судасны хатуурал гэж нэрлэдэг. Үүний улмаас зүрх судасны өвчлөл бий болдог. Өөрөөр хэлбэл, нас баралтын өндөр хувийг эзлээд буй зүрхний шигдээс, тархинд цус харвах эмгэгийг үүсгэх суурь шалтгаан болдог.
Транс тосны хэрэглээг хязгаарлая
Дэлхийн ихэнх орнууд транс тосны хэрэглээг хууль, журмандаа тусгаж, хязгаарлах болсон. Гэтэл манайд уг тосны агууламж бүхий хүнсний бүтээгдэхүүний импортод хяналт, шаардлага тавьдаггүй. Үүний улмаас хүнсний хэрэглээнээс халагдаад буй транс тос Монголд “мода” болж буй юм. Түүнчлэн транс тос ямар бүтээгдэхүүнд хэр хэмжээтэй агуулагдаж буй талаар хаяг шошго дээрээ байршуулдаг дотоодын үйлдвэрүүд ч алга. Мөн транс тосоор бага насны хүүхдүүд хооллож буй нь бүр ч аюултай. Эцэг, эх нь идүүлдэггүй байж болох ч сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдүүд “хөнөөлт” тос хэрэглэсээр байгаа юм. Тодруулбал, 2019 оны байдлаар манай улсын нэг хүүхдийн транс тосны хэрэглээ заагдсан стандартаас зургаа дахин их байгаа талаар мэргэжлийн байгууллагууд судалжээ. Ирэх намраас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа жигдэрч эхлэх үед тэдэнд транс тос агуулагддаггүй, эрүүл бүтээгдэхүүн өгнө гэх баталгаа хаана ч алга.