Нэмэлт тун тариулсан иргэдийн 1 хувь нь халдвар авсан

НОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Нийслэлийн иргэдийн 70 гаруй хувь нь коронавирусийн эсрэг вакцины хоёр тунг хийлгэсэн. Харин гурав дахь тунг 10 гаруй хувь нь хийлгээд байна. Вакцины гурав дахь тунг хийлгэсэн иргэдийн эзлэх хувь ийм бага байгаагийн шалтгаан нь "Гуравдугаар тун тариулсан иргэд халдвар авч байна" гэх олон нийтийн сүлжээнд тархсан ташаа мэдээлэлтэй холбоотой. Тухайн мэдээлэл нь ор үндэсгүй гэдгийг хэлье. Тодруулбал, өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг тариулсан иргэдийн нэг орчим хувь нь л халдвар авсан байна. Тиймээс вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна” гэлээ.

Нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварын эсрэг гуравдугаар тунг наймдугаар сарын 16-наас хийж эхэлсэн. Нэмэлт дархлаажуулалтын ажилд хариу арга хэмжээний баг ажиллаж байгаа юм. Одоогийн байдлаар нийслэлийн нийт хүн амын 16.7 хувь буюу 170 мянга гаруй хүн гуравдугаар тундаа хамрагдаад байна. Дархлаажуулалтын цэг дүүрэг бүрд харилцан адилгүй байгаа бөгөөд зарим дүүрэгт гурван цэг ажиллаж байгаа бол заримд нь таван цэг ажиллаж байгаа аж. Иргэд өөртөө аль ойр цэгтээ очиж үйлчлүүлэх боломжтой. Нэмэлт дархлаажуулалтыг идэвхжүүлэхээр Эрүүл мэндийн сайдын төлөвлөгөө гарчээ. Үүний дагуу олон ажилтантай байгууллага, олон оюутантай их, дээд сургуулиудын судалгааг авч явуулын баг ажиллаж байгаа юм.

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Сүүлийн долоо хоногт буюу есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 3-нд нийслэлд 1220 хүн нэмэлт тунгийн дархлаажуулалтад хамрагдсан байна. Энэ нь дархлаажуулалтад хамрагдах иргэдийн идэвх сул байгааг харуулж байна. Халдварын идэвхжил өндөр байгаа ийм үед вакциндаа идэвхтэй хамрагдах нь чухал. Коронавирусийн халдварын зэрэгцээ томуугийн улирал эхэлж байна. Энэ жил улирлын томуугийн вакцинжуулалтыг есдүгээр сард эхлүүлсэн бөгөөд зорилтот бүлгийн иргэд, 2-11 насны хүүхдүүдийг дархлаажуулсан. Нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт 89.7-94.4 хувьтай байгаа” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)