Пакистаны Белужистан мужид газар хүчтэй хөдөлж, 20 хүн амь насаа алджээ. Амиа алдагсдын ихэнх нь газар хөдлөлтөөс болж нурсан барилга дотор байсан аж. Нурангийг бүрэн цэвэрлэж амжаагүй байгаа, эмнэлгүүдэд 150 гаруй хүн биеийн байдал тогтворгүй хүнд гэмтэлтэй эмчлүүлж байгаа тул нас барсан хүний тоо цаашид өсөх магадлал өндөр гэж орон нутгийн хэвлэлүүдэд бичжээ. Одоогоор амиа алдсан нь батлагдаад буй 20 хүний ихэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд гэсэн мэдээллийг “Ройтерс” агентлаг мөн цацав.

АНУ-ын Газар судлалын нийгэмлэгээс гаргасан мэдээлэлд Белужистаны газар хөдлөлтийг 5.9 баллын хүчтэй байсан гэжээ. Газар хөдлөлийн улмаас нийтдээ 100 орчим барилга бүрэн болон хэсэгчлэн нуржээ. Гамшгийн улмаас хэдэн зуун хүн орон гэргүй болсон байна.