АНУ-ын алдарт хайгуулч, эрдэмтэн Рой Чапмэн Эндрюсийн XX-р зууны эхэн үеийн Монголын амьдралыг буулгасан гэрэл зургуудыг "Монгол арт" галерейд дэлгэлээ. 1918-1925 оны хороонд Монголд дөрвөнтөө ирж малтлага, судалгаа хийхдээ тэрээр Төвийн Азийн гүнд орших нутаг хөхтөн амьтан, шувуу судлал, геологи, палеонтологи, эртний болон орчин цагийн ургамал судлал, археологийн асар их баялагтай, шинжлэх ухааны онцгой чухал бүс болохыг баталсан юм. Мөн үлэг гүрвэлийн өндөг олж Монголын нэрийг дэлхий дахинд цуурайтуулсан билээ.

Улаанбаатар хотын 382 жилийн ойд зориулан гаргаж буй уг үзэсгэлэнд дэлгэсэн 125 гэрэл зураг таныг 100 жилийн өмнөх Монгол орноор аялуулна.

Улаанбаатар хотын музейн түүхч Г. Очбаяр "Гэрэл зургуудыг Америкийн нэгдсэн улсын түүхийн музейгээс авч, Улаанбаатар музейд анх 2013 онд дэлгэж байсан. Бид Рой Чапмэн Эндрюсийн экспидецийн авсан гэрэл зургуудыг гурван хэсэгт ангилан үзүүлж байна. Үлэг гүрвэлийн өндөг, ясыг харуулсан хэсэг, монголчуудын амьдралын хэв маяг, түүнчлэн тухайн цагийн нийслэл хүрээний дүр төрхийг энэ үзэсгэлэнгээс харах боломжтой. Зуун жилийн өмнөх мэргэжлийн зурагчдын авсан зураг үзэгчдэд илүү сонирхолтой байх болов уу "

Улаанбаатар хотын музей, Монгол Арт галларей, “Гамма” гэрэл зургийн агентлаг, “Монголын динозавр судлалын хүрээлэн” ТББ хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэн 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.