Ерийн малчны хотноос Ертөнцийн дэвжээнд гаргасан Ерхөг найгасан талаас Есөн гаригт хүргэсэн Багш та, хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм. Багш та, хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм.
Өнөөдөр дэлхийн багш нарын өдөр. Энэ өдөр сургах, хүмүүжүүлэх их үйлсэд хүчэн зүтгэж буй үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгчдийн баярын өдөр юм.
Гэхдээ цэнгэж наадаж, цэцэг бэлгэнд авч, цэцэн үгтэй мэндчилгээ уншихаас илүү чухал асуудал энэ салбарт олон байна. Жилээс жилд үнэ цэнэ, үнэлэмж нь унасаар буй багшийн мэргэжилд анхаарах цаг хэдийн болжээ.
Багшийн цалин, нийгмийн хангамж, сургалтын орчин, ажлын ачаалал, ахуйн асуудлыг тоочоод дуусашгүй их. Түүнчлэн ур чадвартай боловсон хүчний хүрэлцээ, боловсролын чанарын асуудлыг ч анхаарах шаардлагатай байна.
Багш нарын 77.2 хувь нь цалингийн зээлтэй гэжээ
Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд бага, дунд сургуулийн багш нарт хамгийн өндөр цалин олгодог. Тиймдээ ч багшийн мэргэжил нэр хүндтэй, өрсөлдөөн ихтэй байдаг аж. Гэтэл манайд дээрх нөхцөл байдал эсрэгээрээ байна. Тодруулбал, Монголын багш нарын дундаж цалин олон улсын дунджаас 18 хувиар бага байгаа юм. Түүнчлэн БШУЯ-наас 2021 оны гуравдугаар сард Сургуулийн өмнөх боловсролын багш нар болон Ерөнхий боловсролын сургуулийн багш нараас судалгаа авахад багш нарын 77.2 хувь нь цалингийн зээлтэй хэмээжээ. Энэхүү судалгаанд,
- ЕБС-ийн 32,093 багш /94.2 хувь/
- СӨБ-ын 11 мянган багш оролцжээ.
Судалгаанд оролцсон багш нарын,
- 58,6 хувь нь ипотекийн
- 77 хувь нь цалингийн
- 61 гаруй хувь нь хэрэглээний
- 50 гаруй хувь нь автомашины болон сургалтын төлбөрийн зээлтэй гэжээ. Түүнчлэн дийлэнх нь хуримтлал үүсгээгүй аж.
Ийнхүү Монголын багш нар урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж амьдарч байна.
Цалингаас шалтгаалаад чадвартай боловсон хүчин дутагдаж байна
Багш нарын цалин бага, ажлын ачаалал их учир сурлага сайтай хүүхдүүд багш болохыг төдийлөн хүсдэггүй аж. Үүний улмаас багш нарын чадвар сул байгааг тус салбарынхан онцолдог. Энэ талаар нэр бүхий багш мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Би хорь дугаар зууны багш. Миний үед хамгийн онц сурлагатай хүүхдүүд багшийн дээдэд ордог байлаа. Гэтэл сүүлийн үед багшийн мэргэжил үнэгүйдэж, хүүхдүүд багш болох сонирхолгүй болж байна. Үүний улмаас ЭЕШ-ийн оноо багатай, сургуульгүй үлдсэн хүүхдүүд багшийн сургуульд элсдэг болсон. Энэ нь багш нарын ур чадварт чухал нөлөө үзүүлж байна” гэлээ.
Багш бэлтгэдэг сургуулийн босго оноог өндөр болгоё
Их, дээд сургуулийн босго оноо 560 байсныг 2016 оноос хойш 400 болгож бууруулсан. Ингэснээр элсэлтийн ерөнхий шалгалтад нийт ажлынхаа дөнгөж 20 хувийг хийхэд л босго оноог нь давах боломж бүрдэх юм. Ингэснээр сургуульдаа алтан дунджаас доогуур байсан хүүхэд их сургуульд элсэх боломж бүрдэх юм.
Багш бэлтгэдэг сургуулиудын босго бүр ч нам. Багшийн мэргэжил эзэмших сонирхолтой хүүхдүүд цөөхөн, элсэлтийн өрсөлдөөн бага учир босго оноогоо давсан хэн бүхэн тэнцдэг гэхэд хилсдэхгүй. Тиймээс хүссэн сургуулиа авахад оноо нь хүрээгүй хүүхдүүд багш бэлтгэдэг сургуульд элсэх тохиолдол элбэг.