Хоёр долоо хоногийн өмнө шатахуун авахаар хонон өнжин дугаарлаж байсан нийслэлчүүд өнгөрсөн долоо хоногоос эхлээд сайжруулсан түлш авахаар дугаарлаж эхэллээ. Дарга нар дадсан зангаараа үүний бурууг бие бие рүүгээ чихэж сууна. Нийслэлийн хэвлэлийн албанаас “Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, цэг байгуулах ажлыг "Тавантолгой түлш", Эрчим хүчний яам хариуцдаг. Нийслэлээс зөвхөн цэгүүдэд түгээлт хийх үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар нөөц өмнөх оноос 25 мянган тонноор бага байна. Шалтгаан нь зүүн үйлдвэрийг нүүлгэнэ гэж таван сар зогсоосонтой холбоотой. Өнөөдрийн байдлаар сайжруулсан түлшний 281 цэг ажиллаж байгаа. Энэ долоо хоногт 450 болгоно гэж “Тавантолгой түлш” компани нийслэлийн Засаг даргад танилцууллаа” хэмээн мэдээллээ.

Сайжруулсан түлшний хомсдол үүссэн нь зүүн үйлдвэрийг нүүлгэнэ гэж таван сар зогсоосонтой холбоотой гэдэг шалтгаан бол төр засаг судалгаа тооцоололгүй шийдвэр гаргадаг, шийдвэр гаргах гэж, гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх гэж уддагтай холбоотой. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг анх байгуулахдаа л ойр орчиндоо үзүүлэх хор нөлөөг нь сайтар судалж байгуулах ёстой байлаа. Ингээгүйгээс болж үйлдвэр тойрсон айл өрхүүд тортогт дарагдаж, иргэдийн аюулгүй, эрүүл орчинд амьдрах эрх зөрчигдөж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор үйлдвэрээ нүүлгэх тухай ярьж эхэлсэн ч түүнийгээ хэрэгжүүлээгүй. Яах нь тодорхойгүй таван сар зогссоны улмаас нийслэлчүүд өнөөдөр гал алдаж сууна.

Мөн сайжруулсан шахмал түлшийг зарахыг хүссэн хүн бүрээр заруулдаггүй. Заавал зөвшөөрөл авч байж зардаг. Дэлгүүрийнхээ үүдэнд, хашаандаа сайжруулсан шахмал түлш зарахыг хүссэн иргэдтэй “Тавантолгой түлш” компани гэрээ байгуулахдаа хорооны тодорхойлолт, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, үл хөдлөхийн гэрчилгээний хуулбараас эхлээд олон бичиг баримт бүрдүүлэхийг шаарддаг. Уг нь сайжруулсан түлш зарахад заавал зөвшөөрөл олгох шаардлагагүй баймаар. Харин агуулахтай байна гэдэг бол байж болох шаардлага.

Ийнхүү сайжруулсан шахмал түлшийг зарахыг хүссэн хүн бүрээр заруулдаггүй шиг авахыг хүссэн хүн бүрд өгдөггүй. Айл өрх бүрд түлшний карт олгож, хязгаартай олгодог. Гэхдээ тухайн карт нь байсан ч эзэмшигч нь заавал өөрийн биеэр ирэхийг шаарддаг. Энэ тухай өгүүлсэн дараах түүх өчигдөр цахим орчинд тавигдсан.

“Сая болсон явдал шүү. Хөл муутай эмээ хамар хашааныхаа залуу хүүг гуйж нүүрсэнд бичиг баримтаа өгөөд явуулжээ. Залуу хэдэн цаг даарч хөрөн дугаарлаж байгаад нормын гурван шуудай шахмал түлшийг нь авч өгөх гэтэл заавал өөрийн биеэр ир гэж загнаад буцаад явуулсан байх юм”.

Тусгай карт олгож, хязгаарлалт тогтоосон нь үйлдвэрлэлийн хүчин чадалтай холбоотой. Анх ганцхан үйлдвэртэй байхдаа гаргасан журам. Харин одоо зүүн, баруун гэсэн хоёр үйлдвэртэй болсон. Хэзээ болтол сайжруулсан түлш авахыг хүссэн хүн бүрд зарахгүй байсаар байх вэ?