ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр нийслэлийн Амгалан амаржих газрын албаны дарга Ш.Хангал мэдээлэл өглөө. Тэрээр нярайн өвчлөл нэмэгдэж байгаа тул жирэмсэн болон хөхүүл ээжүүдийг вакцинд хамрагдахыг уриаллаа.

Тодруулбал, “Манай эмнэлэг өнөөдрийн байдлаар нийтдээ коронавирусийн халдвар авсан нь батлагдсан 500 орчим эх, нярайд тусламж үйлчилгээ үзүүлсэн. Тэдний 60 хувь нь хүндэвтэр, 10 хувь нь хүнд оноштой байсан. Харин хөнгөн оноштой эмэгтэй ердөө 20-30 хувийг эзэлсэн.

Жирэмсэн эмэгтэйчүүд өөрсдөө халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталсан ч гэр бүлийн гишүүдээр дамжиж халдвар авсан тохиолдол олон байна. Мөн жирэмсэн эхчүүд Ковид19 халдварын эсрэг дархлаажуулалтад маш бага хувьтай хамрагдсан байна.

Тухайлбал, нийслэлийн хэмжээнд л гэхэд нийт жирэмсэн эхчүүдийн 35 хувь нь вакцины нэгдүгээр тунд, 24 хувь нь хоёрдугаар тунг хийлгэсэн байгаа юм. Түүнчлэн нярайн өвчлөл тулгамдсан асуудал боллоо.Тиймээс эрсдэл хүндрэлээс сэргийлж жирэмсэн эмэгтэйчүүд болон амаржсан эхчүүд дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байна" гэлээ.