Хан-Уул дүүргийн “Шинэ яармаг” хороололд барьсан “Мөсөн өргөө”-ний барилгын ажил дуусаж, өнөөдөр нээлтээ хийж байна. “Мөсөн өргөө” нь Монголын анхны битүү дээвэртэй ордон бөгөөд 2600 хүний суудалтай юм.
Тус өргөө нь Үндэсний хөрөнгө оруулагч компаниудын төлөөлөл болсон 95 аж ахуйн нэгжийн оролцоо, 1600 гаруй мэргэжилтний ур ухаанаар бүтсэн юм.

Энэхүү ордон ашиглалтанд орсноор мэргэжлийн тамирчин төдийгүй иргэд чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх, эрүүл мэнд бие бялдраа хөгжүүлэх боломж бүрдэхийг төслийн багийнхан онцолж байлаа.

“Мөсөн өргөө” ордны барилгын төслийн удирдагч Б.Баасансүрэн "Мөсөө хайлуулахгүйгээр дулаанаа хадгалдаг шалаар солиод, олон төрлийн тэмцээн явуулах боломжтой. Тодруулбал, шалыг нь солиод, сагс, волейвол, гимнастик бөхийн барилдаан зэрэг спортын олон төрлийн тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулж болно. “Мөсөн өргөө” төсөл нь 2021 оны олон улсын үл хөдлөхийн шагналд нэр дэвшээд байгаа төдийгүй Монгол Улсынхаа олон нийтэд зориулсан шилдэг барилгаар шалгарсан. Барилга байгууламжийн бүхий л хэсгийг Монголын үндэсний компаниуд хийсэн гэдгээрээ онцлог" гэлээ.

Уг ордон нь олимпын стандартаар буюу 60х30 хэмжээтэй бөгөөд 12.7 мянган м.кв талбайтай юм.

“Мөсөн өргөө”-ний нээлтийг халдвар хамгааллын дэглэм дор зохион байгууллаа. Тодруулбал, суудлын тооноос нь 2-3 дахин цөөн хүн уриад, хооронд нь зайтай суулгаж байгаа аж. Түүнээс гадна "Мөсөн өргөө" нь орчин үеийн агааржуулалтын системтэй учир халдвар тарахаас сэргийлнэ гэдгийг ч тодотгосон.
Нээлтийн үеэр барилгын төслийн удирдагч Б.Баасансүрэн “Мөсөө хайлуулахгүйгээр дулаанаа хадгалдаг шалаар солиод сагс, волейбол, гимнастик, бөхийн барилдаан зэрэг спортын олон төрлийн тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулж болно” гэж хэллээ.
