Онц байдал!

2021.09.28

Засаг дарга Д.Сумъяабазар өнгөрөгч 8-р сарын 20-нд “өнөөдөр гаргаж байна” гэж зарласан, Улаанбаатар хотод барилга, байгууламж барих асуудлыг түр хугацаагаар зогсоох тухай захирамж зургаа хоногийн дараа үзэглэгдэж гарахдаа нийслэлийн төв хэсэг, Богдхан уул, Горхи, Тэрэлжид сургууль цэцэрлэг, эмнэлэг, дэд бүтцээс бусад зориулалтаар шинээр газар эзэмших, барилга барих зөвшөөрөл олгохыг түр хугацаагаар зогсоох тухай болж хувирчээ. Зөвхөн зөвшөөрөл нэмж олгохгүй, харин урьд олгогдсон бол хамаарахгүй. Юу ч өөрчлөгдөхгүй гэсэн үг. Хотын төвийн болон эргэн тойрны бүх газар хэдийнэ олгогдсон учраас одоо баригдаж байгаа болон цаашдаа баригдах зөвшөөрөлтэй бүх барилга байгууламж босдогоороо босч дахиад нэг Улаанбаатартай тэнцэх барилга байшин, хүн, машин тэрэг нэмэгдэх нигуууртай.

Мухарджээ. Нийслэлийн удирдлага байтугай Засгийн газар юу хийхээ мэдэхээ больсон учраас юу ч хамаагүй хийж эхэллээ. 9-р сарын 8-ны хуралдаанаар нийслэлийн төр, захиргааны зарим байгууллагыг Яармаг руу нүүлгэх тогтоол гаргав. Бүр ондоо багтааж шүү. Саяхан л Яармагийг бүтэхгүй, чадахгүй, муухайгаар дуудаж байсан хотын удирдлага зуун наян хувь эргэж, түгжрэлийн эсрэг их тэмцэлд нийслэлийн төр, захиргаа манлайлан оролцохоо зарлаж тангараг өргөхийн наагуур хөөрсөн мэдэгдэл хийжээ. Гэтэл нүүж очих цогцолбор нь ашиглалтанд гүйцэд ороогүйгээс гадна ковидын эмнэлэг ажиллаж байгаа. Хөөж гаргана. Дараа нь нийслэлийн харъяа бусад газар, агентлагууд нүүж суух олон сар, жилийн ажил, зардал чирэгдэл урсана.

Тэгээд Улаанбаатарын хэт төвлөрөл, түгжрэлийг яг яах гээд байна? Компани, байгууллагуудыг гуйж хотын төвөөс холдуулах тухай аргаа барсан санаа гаргасан ч оронд нь өөр байгууллага, хүмүүс зөрөөд орох учраас нэмэргүй. Баянхошуу, Сэлбэ, Шархад гээд хэдэн жижигхэн дэд төв байгуулах нь зүйтэй ч зөвхөн тэр хавьдаа хэрэгтэй. Одоогоор ганц найдвар бол Засгийн газраас ирэх жил 420 тэрбум төгрөгийг нийслэлд төсөвлөж өгөх амлалт юм. Түүгээр бидний толгой дээгүүр төмөр хэлхэж хөл доогуур нүх ухна. Нэгэнт бүтээн байгуулсан, XX зуунаас эхтэй нийслэлийн төвийг үргэлжлүүлэн өөрчилж сүйтгэн байгуулахаас хэтрэхгүй нь. Тэр их мөнгийг чухлаас чухал тавдугаар цахилгаан станцад (бас л хот дотроо байгуулахаар шийджээ), гэхдээ хотоос зайтай, тухайлбал зүүн зүгт байгуулж (нүүрсэндээ ч ойр) цахилгаан, дулааны шинэ эх үүсвэртэй болговол дагаад барилгажилт тийш зүглэж жинхэнэ шинэ төв өөрөө босно.

Улаанбаатарт засаг захиргааг шинээр зохион байгуулах цаг болсон. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр гэхэд Баруун дөрвөн замын Голомт хотхоноос эхлээд Шарга морьт, Бэлх хүртэл сунасан байдаг нь утгагүй. (Энэ талаар нэг удаа бичсэн) Нийслэлийн хоймор, баруун талд Баянхошуу, зүүн тийшээ Амгалангаас цааш Улиастай, Гачууртыг оруулаад гэх мэтээр тус тусдаа, тэндээ төвлөрсөн дүүргүүд байгуулж, хөрөнгө оруулалт, татвар төлбөрийг таатай болгох. Төрийн ордныг бараадсан тансаг ордонтой дүүргүүдийг тараан байршуулах нь нийслэлийн төр захиргааг Яармагт цөлөхөөс хавьгүй үр дүнтэй. Нийслэлийн төвийг хэдэн дүүрэгт бялуу мэт хуваахгүй байх. Монгол Улсын төрийн төв байгууллагын орших газар учраас илүү дутуу барилга, орон сууц нэмж барихыг зогсоох, өнгө зүс, өндрийг хязгаарлах замаар түүхэн дүр төрхийг хэвээр хадгалах.

Хотын эргэн тойрны газруудыг хулгайлаад дууссан байна. Хөшигийн хөндийд арайхийж нисэх буудал байгуулаад орчныг үлгэр жишээ хөгжүүлэх гэтэл газрыг нь хуваагаад дууссан тул ядахдаа зарим хэсгийг буцааж авах бөөн хэрүүүл эхэллээ.

Улаанбаатарт онц байдал тогтоох хэрэгтэй. Газар олголт, хот төлөвлөлтийн онц байдлыг хэлж байна. Газар, барилгатай холбоотой хууль журмыг яагаад улаан цайм зогсоо зайгүй зөрчдөг вэ гэвэл “өмнөх гучин жилийг мартаад өнөөдрөөс зөв хийе” хэмээн цайруулж ирсэн учраас тэр. Урьд нь хулгайлж хумсалсан газар дээр, хууль бусаар эзэрхийлж барьсныг буулгадаггүй юмаа гэхэд яг одоо хууль журам, барилгын норм стандартыг зөрчин олгогдоод байгаа, булаасан, зогсоол, ногоон байгууламжгүй барилгын зөвшөөрлийг цуцлах, барилгын ажлыг зогсоох тухай юм. Харамсалтай нь, ингэхийн оронд Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө гэж хэзээ ч мөрдөхгүй, өмнөх төстэй төлөвлөгөөнүүдийн сургамжаас үзэхэд илт залилангийн шинжтэй цаасны цаана шигдээд толгой эргүүлж эхэллээ. Дархан, Эрдэнэт, аймаг, сумдыг сайн мэдэхгүй, юутай ч Улаанбаатар хотод газар олголт аль хэдийнэ хяналтаас гарчээ. Газрын наймаа эх захаа алдаж хотын төвийг дуусгаад эргэн тойрныг хэдэн га, уулын ам, хөндийгөөр нь авч хэрчээд зарж байна. Монголын их авлига газрын их авлига болж хувирлаа. Авлигатай тэмцэх газрыг Газрын авлигатай тэмцэх газар гэж өөрчлөх юм уу?

Нийслэлд төр солигдоод ч нэмэргүй байдаг. Аль ч нам ялгаагүй эрх баригчид газрын асуудлаар монгол-зөвлөлтийнхөөс илүү ган бат найрамдалтай. Тэд бие биенийхээ хамаг нүглийг ухахад бэлэн, гагцхүү газар дээр очихоороо таг. Байгальд ч, төрд ч МАНАН газарт ойрхон буудаг аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)