Эмийн замбараагүй хэрэглээ элгэнд хэрхэн нөлөөлдөг вэ?

Эмчийн жоргүй худалдаалагддаг олон мянган эм бий. Эдгээр нь түгээмэл тохиолдох шинж тэмдгүүдэд зориулсан байх ба хүн бүрийн мэддэгээр халуун бууруулах парацетамол, мөөгөнцрийн эсрэг, өвчин намдаах эм, ангины эсрэг антибиотик гэх мэт. Ихэнх хүмүүс өвдөх бүрдээ эмчид хандаж хэвшээгүй байдаг тул мэддэг “хэдээ” бараг бүхий л зовуурьд дур мэдэн хэрэглэхийн дэр, ойр дотнынхондоо зөвлөөд хэвшчихсэн байдаг гэхэд хилсдэхгүй. Өөртөө онош тавьж, дур мэдэн эм хэрэглэх нь таны элгэнд их хэмжээний хохирол учруулж, цаашлаад амь насанд ч эрсдэл учруулах магадлалтай.

Яагаад? 

Худалдаанд буй 1000 гаруй нэр төрлийн эм нь тодорхой эрхтний хүнд гэмтэлд хүргэх, цаашлаад амь насанд эрсдэл учруулдаг байна. Судалгаагаар элэгний эмчид хандаж буй дөрвөн өвчтөн тутмын нэг нь эмийн хэрэглээний улмаас элэг нь гэмтсэн байдаг ба элэгний  архаг дутагдлын 25% нь эмийн хэт хэрэглээнээс үүдэлтэй байдаг гэдгийг тогтоожээ.

Элэг эмийг 3 үе  шаттайгаар саармагжуулдаг. Энэ нь нарийн, төвөгтэй урвал бөгөөд гол зорилго нь биед нэвтэрсэн химийн бодисыг хувиргаж, саармагжуулж, биеэс гадагшлуулах явдал ба эдгээр урвалуудад нь элэгний ачааллыг нэмэгдүүлдэг байна.

Хэрэв та үе үе согтууруулах ундаа хэрэглэдэг, буруу хооллодог эсвэл удаан хугацаагаар эмийн эмчилгээ хийлгэдэг бол аажмаар элэг эдгээрийн хор хөнөөлийг саармагжуулж чадахаа больдог байна. Үүнээс үүдэн эмийн хор хөнөөл нэмэгдэж элэгний эсүүд устаж эхэлнэ. Эдгээр үйл явц нь хүний биед мэдэгдэхүйц зовуурь илрүүлдэггүй тул бид төдийлөн анзаардаггүй.

Бүх эм хор нөлөөтэй биш ч бид юуг мэдэх хэрэгтэй вэ?

Огт хор хөнөөлгүй эмийн бэлдмэл байдаг уу гэвэл үгүй. Химийн найрлагатай, ургамлын, нэмэлт тэжээлийн ч бай элгэнд гэмтэл учруулж байхыг үгүйсгэхгүй. Тиймээс бид хэрэглэхдээ онцгой анхаарах шаардлагатай, хамгийн нийтлэг эмийн бэлдмэлүүдийн талаар та бүхэндээ мэдээллийг хүргэе.

Үрэвслийн эсрэг эмийн бэлдмэл

Энэ бүлэгт парацетамол, нурофен, диклофенак натри, аспирин зэрэг кортикостерой (үрэвслийн эсрэг) эмүүд багтана. Нийт зуу гаруй төрөл, мянга гаруй нэршилтэй эдгээр нь өвчин намдаах, халуун буулгах эсвэл хоолой өвдөх, хавдах шинж тэмдэг зэрэгт бид өөрсдийн дур мэдэн хэрэглэдэг эмүүд юм. Дэлхийд эдгээр эмийг 5 хүн тутмын 1 нь хэрэглэдэг байна.

Тэд бүгд элгийг гэмтээдэг ба үзүүлэх хор хөнөөлийн хэмжээ нь хэрэглэж буй хугацаа, тун зэргээс хамаардаг. Үр дагавар нь ямар нэгэн тодорхой шинж тэмдэггүй өрнөх бөгөөд гепатитаас эхлэн элэгний архаг дутагдал хүртэл хөгжих эрсдэлтэй байна.

Антибиотик

Эдгээр төрлийн эмүүд нь бактерийн халдвараас хамгаалах чадвартай байна. Гэвч ихэнх хүмүүс ямар нэгэн халдварын эсрэг бус урьдчилан сэргийлэх зорилгоор дур мэдэн хэрэглэдэг. Антибиотикууд нь химийн найрлагаасаа хамааран элгийг өөр хэмжээгээр гэмтээдэг байна. Зарим нь элэгний эсийн мембраныг (эсийн тулгуур эрхтэн) гэмтээж, зарим нь цөсний урсгалыг алдагдуулж, өтгөрүүлдэг бол зарим нь дархлаа тогтолцооны үйл ажиллагааг доголдуулж элгийг гэмтээж эхэлдэг байна. Ихэвчлэн нэг антибиотикт хэд хэдэн сөрөг нөлөө байдаг. Тэр дундаа эдгээр нь элгийг хүчтэй гэмтээдэг:

Амоксициллин+клавуланийн хүчил (бронхит, уушгины үрэвсэл зэрэгт хэрэглэнэ)
Рифампицин (сүрьеэгийн эмчилгээний үед өргөн хэрэглэдэг)
Эритромицин (амьсгалын зам, арьсны зөөлөн эд, шээс ба бэлгийн замын халдварын эмчилгээнд хэрэглэдэг)
Тетрациклин (амьсгалын замын халдварт өвчин, шээс ба бэлгийн замын халдварын эмчилгээнд хэрэглэдэг)

Антибиотикийн хэрэглээг зогсоосон ч үр дагаврыг мэдрэх магадлалтай. Хэрэв та үргэлжлэлтэй хугацаанд өндөр тунгаар хэрэглэсэн бол элгэндээ онцгой анхаарах хэрэгтэй бөгөөд дээр дурдагдсан эмүүдийг хэзээ ч дур мэдэн хэрэглэж болохгүй юм.

Цусны даралтыг буулгах эм

60-аас дээш насны хүн амын талаас их хувь нь цусны даралт ихсэх эмгэгтэй байдаг ба 3 хүн тутмын нэг нь түүнийгээ мэддэггүй тул тодорхой эмчилгээ хийдэггүй байна.  Цусны даралт ихсэх эмгэгийг тоолгүй орхисноор зүрхний шигдээс, цус харвалт, бөөрний дутагдалд хүргэх эрсдэлтэй. Ихэнх цусны даралт буулгах эм нь элгийг гэмтээдэггүй боловч гидралазин, метилпода зэрэг нь эмийн гепатит үүсгэнэ. Гэвч энэ төрлийн үйлчилгээтэй эмийг хэрэглэж байх үедээ согтууруулах ундаанаас зайлсхийх шаардлагатай бөгөөд эмийн хуваарийг алдагдуулахыг хориглодог. Заагдсан тунг, тогтмол байдлаар хэрэглэх нь өвчний эсрэг хамгийн үр дүнтэй эмчилгээ юм.

Жирэмслэлтээс хамгаалах эм

Жирэмслэлтээс хамгаалах эм, эмийн бэлдмэлүүд нь 50-иад жилийн өмнө эмэгтэйчүүдэд сонголт хийх эрх чөлөөг олгосон. Өдөрт нэг бэлдмэл хэрэглээд сарын тэмдгийн өвдөлтөөс, төлөвлөөгүй жирэмслэлтээс, хөхний болон умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх гээд олон үйлчилгээтэйгээрээ давуу талтай. Гэвч жирэмслэлтээс хамгаалах дааврын эмүүд ч гэсэн сөрөг нөлөөтэй гэдгийг мартаж болохгүй. Тодруулбал, эдгээр эмийг хэт удаан хугацаанд хэрэглэсэн тохиолдолд цусны бүлэгнэлт үүсэх, жин нэмэх, сэтгэл санааны огцом өөрчлөлтөөс гадна хамгийн хүндээр элэг гэмтэнэ. Цөсний хэвийн үйл ажиллагаа алдагдаж чулуу үүснэ, элгэнд хоргүй хавдар үүсэх, элэгний эсүүд гэмтэх эрсдэлтэй. Хэрэв та элэгний ямар нэгэн суурь эмгэгтэй бол дур мэдэж жирэмслэлтээс хамгаалах дааврын эм хэрэглэхийг хориглодог ба зайлшгүй мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах шаардлагатай гэдгийг сануулъя. Мөн хэдийгээр та эмчийн зөвшөөрөлтэйгөөр уг эмийг хэрэглэдэг ч эрүүл мэнддээ анхаарч хэт удаан хугацаанд хэрэглэхээс зайлсхийгээрэй.

Харшлын эсрэг эм

Дэлхий дахинд харшилтай хүмүүсийн тоо жил ирэх бүрд нэмэгдэж буй. Үүнийг дагаад харшлын эсрэг эм хамгийн эрэлттэй эмийн жагсаалтын дээгүүрт бичигддэг. Харшил болон элэгний үйл ажиллагаа хоорондоо нягт холбоотой. Харшлын шалтгаан нь элэгний хэвийн үйл ажиллагаа алдагдаж, биеэс хорт бодисыг гадагшлуулж чадахаа больж дархлааны урвалыг өдөөж гаднын биеттэй тэмцэх чадваргүй болсны улмаас үүддэг гэж үздэг байна. Орчин үед бий болж буй харшлын эсрэг эмийн элгэнд үзүүлэх хор хөнөөл харьцангуй бага болсон хэдий ч та зайлшгүй мэргэжлийн эмчтэй зөвлөлдөөрэй.

Эмийн хэрэглээ танд сөрөг нөлөө үзүүлж байгаа гэдгийг хэрхэн мэдэх вэ? 

Ямар нэгэн эм хэрэглэсний дараагаар танд сульдах, дотор муухай оргих, хоолны дуршил буурах, шээсний өнгө бараан болох, өтгөн цайвар болох, арьс шарлах зэрэг шинж тэмдгүүд илэрч байсан уу? Эдгээрийн аль нэг нь илэрсэн л илэрсэн тохиолдолд эмчид хандах хэрэгтэй. Үүний зэрэгцээ хэрэв та урт хугацааны туршид эмийн эмчилгээ хийлгэсэн бол ямар нэгэн шинж тэмдэг, зовуурь илрээгүй ч зайлшгүй эмчийн үзлэгт хамрагдаарай. Ингэснээр та өөрийн элгэнд учрах эрсдэл, ямарваа нэгэн эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Элэгний эмгэг хамгийн сүүлийн үе шат хүртлээ ямар нэгэн зовуурь илэрдэггүй. Тиймээс та дараагийн удаа дур мэдэн эмийн эмчилгээ хийлгэхийнхээ өмнө түүнээс үүдэх үр дагаврыг сайтар тооцоолох хэрэгтэй юм.

PS: Энэхүү нийтлэл нь зөвлөмж өгөх зорилготой. Хэрэв танд ямар нэгэн шинж тэмдэг, зовуурь илэрч байгаа бол мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.

Эх сурвалж: edoctor.mn

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    0 0 Хариу бичих