Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргалаа

УОК-оос гаргасан шийдвэрийн талаар тус комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүс мэдээлэл өглөө. 

Шадар сайд С.Амарсайхан: -Коронаврусийн тархалт цаашид 5-10 жил үргэлжилнэ гэдгийг эрдэмтэн судлаачид хэлж байгаа. Тиймээс амьдралын шинэ хэв маягт шилжих, дасан зохицож амьдрах шаардлага тулгарч байна. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар эрүүл мэндийн салбарын хууль, журамд нэн яаралтай өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэх шийдвэр  гаргалаа. Улсын буюу "Эрдэнэт" үйлдвэрийн хөрөнгөөр Орхон аймгийн төвд баригдаж 2015 онд ашиглалтад орсон 100 гаруй тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий эрүүл мэндийн цогцолбор, 50 өрхийн орон сууцыг улсын өмчид авах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Уг өмчийг Орхон аймгийн Эрүүл мэндийн төвд шилжүүлэн өгнө. 

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: -Халдварын тархалт өндөр байгаатай холбогдуулан битүү орчинд амны хаалттай үйлчлүүлэх боломжгүй хоол, үйлдвэрлэл үйлчилгээний үйл ажиллагааг аравдугаар 1-нээс арваннэгдүгээр сарын 1 хүртэл 22.00 цагаас хойш хязгаарлах шийдвэр гаргаж, уг шийдвэрийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүллээ. Гадаадаас ирсэн иргэдийг долоо хоног тусгаарлах байр, долоо хоног гэрт нь тусгаарлаж байсан. Энэхүү шийдвэрийг аравдугаар сарын 15-наас өөрчилж, нисэх буудал дээр шинжилгээ авч халдвар илрээгүй тохиолдолд гэрт нь тусгаарлахаар боллоо.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: -Эрүүл мэндийн салбарт улсын хэмжээнд үндсэн тусламж үйлчилгээ болон сувиллын чиглэлийн нийт 27083 ор байдаг. Үүний 21700 орон дээр нь коронавирусийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Цаашдаа коронавирусийн халдварт нэмж ор гаргах боломжгүй болж байна. Яагаад гэхээр үүнээс цааш үлдсэн ороо коронавирусийн халдвартай хүмүүс зориулбал эрүүл мэндийн салбарын үндсэн тусламж үйлчилгээ алдагдана. Жирэмсэн эх, гэмтэл авсан иргэд, хүүхэд, халдвартай иргэд гээд заавал хэвтүүлэн эмчлэх шаардлага хүмүүс олон. Зочид буудал, тусгаар байранд ор дэлгэж болно. Гэвч тэнд ажиллах хүний нөөц алга.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ер нь бол ямар ажлыг яаж хийхээ огт мэдэхгүй, ойлгохгүй байгаа юм байна. Ямар ч шийдвэр гаргаагүй, учраа олохгүй байна гэдгээ хэлчихгүй дээ энэ хүн

    0 0 Хариу бичих