“Өнгөрсөн таван сард 10 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан хуучин автомашин одоо 16, 17 саяаас буухгүй болжээ. 6, 7 сая төгрөгт он хуучин Prius ч олохооргүй болж. Унаа тэрэгний үнэ тэнгэрт хадлаа” гэж 40 эргэм насны нэгэн эр өгүүлэв. Үнэхээр ч автомашины үнэ хагас жилийн дотор хоёр дахин өсжээ. Тодруулбал, ийм үйлдвэрийн, ийм загварын машин гэж онцлох аргагүйгээр бүх төрлийн автомашины үнэ 5-20 сая төгрөгөөр нэмэгдсэн талаар худалдаа эрхлэгчид болон худалдан авагчид  учирлаж байлаа.

Үнэ өсөхийн хэрээр худалдан авалт буурч байгаа бөгөөд машин үнэтэй байгаад бухимдсан иргэд автомашины худалдаа эрхлэгчдийг буруутгах тохиолдол ч цөөнгүй байгааг ченжүүд онцолж байлаа.

Энэ талаар автомашины худалдаа эрхлэгч С.Гантөмөр “Да хүрээ захад машины үнэ дунджаар 7-8 саяар өссөн. Хүмүүсийн хамгийн их авдаг Toyota Prius 20 автомашины үнэ өнгөрсөн өвөл үйлдвэрлэсэн болон орж ирсэн оноосоо хамаараад, дунджаар 8-11 сая төгрөгийн үнэтэй байсан. Харин одоо 10-15 сая болж өссөн. Toyota Harrier одоогоос жилийн өмнө 35-38 саяар зарагдаж байсан бол одоо 47-50 сая төгрөг болсон. Toyota Aqua өмнө нь 10-12 саяар зарагдаж байсан бол одоо 15-16 сая төгрөгөөр зарагдаж байна. Ер нь энэ мэт бүх л автомашины үнэ өмнөхөөсөө өссөн. Ирэх хавар автомашины үнэ арай “сулрах” болов уу гэсэн хүлээлттэй байна. Биднээс шалтгаалахгүйгээр автомашины үнэ өсөж байгааг иргэд сайн ойлгодоггүй” гэлээ.

Ийнхүү автомашины үнэ өссөн нь  дотоод болон гадаад хүчин зүйлээс шалтгаалжээ.

Тодруулбал,

Нэгдүгээрт,  манай улсад орж ирж буй машинуудын дийлэнх нь Японоос орж ирдэг. Тодруулбал, 2021 оны наймдугаар сард БНСУ-640, ОХУ-104, ХБНГУ-390, ЯПОН-360 157, НИЙТ-38 336 импортолсон байна. Тэгвэл Япончууд хуучин автомашиныг дуудлага худалдаанд оруулж борлуулдаг аж. Улмаар автомашины ченжүүд дуудлага худалдаанаас үнэ хаяж, худалдаж авсан машинаа монгол руу явуулж борлуулдаг. Гэтэл цар тахлын улмаас Японд дуудлага худалдаанд оруулах машины тоо эрс багасжээ. Энэ нь үнэ өсөхөд нөлөө үзүүлж байгаа юм.

Энэ талаар автомашины захиалгын мэргэжилтэн К.Айболат мэдээлэл өглөө. Тэрээр “Өнгөрсөн оны наймдугаар сараас эхлээд японд хуучин машины үнэ өссөн. Учир нь цар тахлын улмаас хуучин автомашины эрэлт ихэссэн. Тодруулбал, Ковид19-ийн япончуудын эдийн засгийн байдал хүндэрч, хуучин автомашин худалдаж авах нь ихэссэн. Мөн хүмүүс машины эрэлт ихэссэн нь иргэд цар тахлын улмаас автобус, метроогоор үйлчлүүлэхээс татгалзах болсонтой мөн холбоотой. Түүнчлэн хуучин автомашины эрэлт дэлхий даяар нэмэгдсэн. Учир нь коронавирусийн улмаас шинэ машин үйлдвэрлэх түүхий эд хомстсон” гэлээ.

Хоёрдугаарт, “Тоёота Мотор” компани компьютерийн чипний хомстол үүссэний улмаас ирэх 10 дугаар сараас автомашины үйлдвэрлэлээ  40 хувиар бууруулахаар болсноо мэдэгджээ. Уг шийдвэрт Ковид-19-ийн хязгаарлалтууд мөн нөлөөлсөн байна. Тоёота мэдэгдэлдээ, “10 дугаар сард өмнө нь төлөвлөж байснаасаа 330,000-аар цөөн машин үйлдвэрлэхээр төлөвлөж байна” гэж онцолсон байна. Мөн Хойд Америк дахь үйлдвэртээ 10 дугаар сард үйлдвэрлэх автомашины тоог 60-80 мянгаар бууруулж магадгүй гэжээ. Ийнхүү үйлдвэрлэл хумигдах нь хуучин автомашины эрэлт өсөхөд нөлөөлж буй юм.

Гуравдугаарт, гадаад зах зээлээс гадна тээвэр удааширч, тээврийн зардал нэмэгдсэн нь машины үнэ нэмэгдэх гол шалтгаан болж байна. Тодруулбал, өмнө нь өдөртөө 400 гаруй машин хил нэвтэрдэг байсан бол одоо энэ тоо дөрөв дахин буурчээ. Өнөөдрийн байдлаар тяньжин боомт дээр монгол улсын  6000 орчим чингэлэг байна гэж салбарынхан хэлж байна. Есдүгээр сар шувтарч байхад тянжин боомт дээр зургадугаар сарын ачаа ч байгаа талаар хувийн хэвшлийнхэн хэлж байна. Манай талаас вагоны тоог нэмэх хүсэлтийг хятадын талд тавьсан ч үр дүнд хүрээгүй байна.

Энэ талаар Б.Баярцэнгэл “Ландбридж” компанийн гүйцэтгэх захирал “Цар тахлын улмаас 2020 оны 10 дугаар сараас хойш Алтанбулаг дахь хилийн боомт хаагдсан. Түүнээс хойш 2021 оны дөрөв, тавдугаар сард Таньжин боомт дээр гацаа үүссэн гээд олон сорилт бий болсон. Тухайн үед Алтанбулаг боомтоор хойгуур ирж байгаа авто тээврийн үнэ 500-1000 еврогоор нэмэгдсэн. Үүнээс хойш Таньжин боомт дээр түгжрэл бий болсон. Ингэснээр замд явж байгаа чингэлгүүдийн үнэ өсөхөд нөлөөлсөн. Зарим тохиолдол 7000-8000 мянган долларын өсөлт ч гарсан” гэлээ.

Энэ мэд тодорхой хэд, хэдэн шалтгаан автомашины үнийн өсөлтөд нөлөөлсөн байна. Харин цаашдаа үнэ "хаашаа хэлбийхийг" одоогоор тодорхойлох боломжгүй ч тээвэр болон хил гаалийн асуудлаас хамаарах юм.