Засгийн газар ээлжит бусаар хуралдаж шатахууны асуудлыг хэлэлцэнэ
Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гаригт ээлжит хуралдаанаа хийдэг. Шатахууны хомсдол бий болж, нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газар өнөөдөр 15.00 цагаас ээлжит бусаар хуралдахаар болжээ. Тус хуралдаанаар яаралтай шатахуун татан авах тухай асуудлыг хэлэлцэх юм байна.
Өчигдрийн Засгийн газрын хуралдааны дараа Уул уухай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Хязгаарлалт хийснээр 6-7 хоногийн шатахууны нөөцтэй байна. Энэ хугацаанд яаралтай шатахуун татан авах ажлыг Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Дипломат төлөөлөгчийн газруудтай хамтран хийхээр ажиллаж байна. БНХАУ-д суугаа Элчин сайд тус улсын Гадаад хэргийн яам, Худалдааны яам, төмөр замын тээврийн төв байгууллагад албан бичиг хүргүүлж, өнөөдөр уулзалт хийхээр цагаа товлосон. Мөн Хөх хотын боловсруулах үйлдвэртэй манай яамнаас яриа хэлэлцээ хийсэн. Тус үйлдвэр тээврийн асуудал шийдэгдсэн тохиолдолд шатахуун өгөхөд бэлэн гэдгээ мэдэгдсэн. Хөх хотоос Улаанбаатар хүртэл ердийн үед төмөр замын ачаа 10-14 хонодог юм байна. Энэ хугацааг 5-7 хоног болгон зохицуулахаар ажиллаж байна.
Ерөнхий сайдын зүгээс хариуцлага алдаж шатахууны хомсдол бий болгосон албан тушаалтанд хариуцлага тооцох үүргийг манай яаманд өгсөн. Энэ асуудлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам дотроо ярина" хэмээн мэдэгдсэн юм.