Шахмал түлш хэрэглэж байгаад угаартаж, эрүүл мэнд, амь насаараа хохирсон тухай мэдээлэл гадаа сэрүүсэж, намар болохтой зэрэгцээд л сэтгэл түгшээж эхэлдэг. Ийм тохиолдлын дийлэнх нь галлагааны стандарт зөрчсөнөөс үүдэн гардаг байна. Тухайлбал, есдүгээр сарын нэгнээс эхлээд дөрвөн сарын нэгэн хүртлэх хугацааг галлагааны улирал гэж тооцдог. Энэ жил галлагааны улирал эхлээд арваадхан хоног өнгөрч байгаа ч аль хэдийн 20 өрхийн 44 хүн угаартжээ. Хамгийн харамсалтай нь нэг шөнийн дотор таван хүн угаартаж, амиа алдсан тохиолдол ч байна. Угаарын хийнд хордсон дуудлагын 70 хувь нь шөнийн 23-05 цагт ирдэг. Үүрээр буюу шөнийн цагаар хүн гүн нойронд автсан байх үедээ угаартаж байгаагаа анзаарахгүй. Ингээд гүн нойрноос залгаад ухаангүй байдалд шилжих тохиолдол элбэг байдаг байна. Орой унтахдаа маргааш сэрэхгүй гэдгээ мэддэг хүн хаана ч байхгүй. Хэн ч үүнийг төсөөлөхгүй. Гэвч угаарын хий нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй, бас үнэргүй учраас өчүүхэн төдий сэрэмж алдахад үхэлд хүргэдэг. Дээр дурдсан 44 хүн угаартсан нь бороо орж байхад яндангаа авч, өрхөө бүтээснээс зуун хувь шалтгаалсан байна. Жилийн яг энэ үед дээрх шалтгааны улмаас угаартах тохиолдол түгээмэл байдаг бол цаг агаар илүү хүйтэрч эхлэх үед нам даралтын зуух, ханан пийшинтэй айлуудад эрсдэл нэмэгддэг. Учир нь энд гардаг хамгийн том алдаа нь зуухны хаалтыг хааснаас болдог гэнэ. Энэ мэт осол гарах шалтгаануудыг мэргэжлийн хүн нэрлэлээ.
Тавантолгой түлш” компанийн Хэрэглэгчид үйлчлэх албаны дарга Ч. Буянжаргал:
Угаарын хий яаж ялгардаг вэ?
Галлах үед ялгарах утаа бол тортог, нунтаг тоосонцор холилдсон зүйл. Харин СО2 бол түлш агаар дахь хүчилтөрөгчтэй урвалд орж шатахад ялгардаг хоргүй хий. Гэтэл зуухан дотор агаарын эргэлт муу, хүчилтөрөгч хангалттай биш байвал СО2-ын оронд СО үүсдэг гэсэн үг. Энэ бол угаарын хий. Нүүрсийг шатааж эхлэх үед болон шаталт дуусаж гал бөхөх үед угаарын хий хамгийн ихээр ялгардаг байна. Энэ үед яндангийн таталт маш сайн байх хэрэгтэй. Ингэснээр ялгарсан угаарын хий гадаад орчинд цацагдаад сарнидаг. Харин таталт муу байвал зуухны амаар гэр дотроо ялгараад аминд хүрэх эрсдлийг бий болгодог.
Мөн айлууд яндангаа хөөлөөгүйгээс болж угаартах эрсдэл их гардаг. Тиймээс иргэд яндангаа хөөлөх, зуухаа засварлах шаардлага тулгардаг. Өнгөрсөн жил “Яндангаа хөөлье” аян явуулж 45 мянган айлын янданг хөөлжээ. Энэ жил ч мөн адил "Тавантолгой түлш " компани 7011-9400 утсаар дуудлага хүлээн авч, яндан хөөлж, пийшингийн битүүмж шалгах, шаардлагатай бол засвар хийж ажиллаж байгаа юм. Нэг засварчин өдөрт 10-15 айлын дуудлага хүлээн авч ажилладаг байна. Гэвч дуудлага өгсөн ч гэр нь эзгүй байх тохиолдол их байдаг нь хүндрэл учруулдаг гэнэ. Тийм учраас дуудлага өгсөн бол гэртээ заавал байх шаардлагатайг санууллаа.