Цар тахлын улмаас эдийн засаг, боловсрол, урлаг соёл зэрэг нийгмийн ихэнх салбар уналтад оров.
Эхэндээ аюулт тахлаас айж, бэргэж байсан иргэд хоёр жилийн турш “хөлөө хориулж, хөрөнгөө тушуулсны” эцэст амь зууж, амьдралаа залгуулахын төлөө дасан зохицож, даван туулахаар хичээцгээж байна.
Харин төрөөс тогтоосон хаалт, хоригийн улмаас өнөөг хүртэл эрх ашиг нь зөрчигдөн, “амь тийчилж” буй салбар бол урлаг тэр тусмаа чөлөөт уран бүтээлчид юм. Төрийн болон төсвийн байгууллагад харьяалагддаггүй хувиараа уран бүтээл туурвидаг урлагийн салбарынхны орлого багагүй хугацаанд тасалдаж, шаггүй хохирол амсаад байна.
Чөлөөт уран бүтээлч гэдэгт зөвхөн дуучин, бүжигчин, жүжигчин хамаарахгүй. Хувиараа бүтээл туурвидаг зураач, барималчид, өв соёл тээгчид, циркчид гээд талбар, талбарын мянга, мянган залуусын эрх ашиг хоёр жил орчмын хугацаанд гээгдлээ.
Гэвч хариуцсан яам, харьяа нэгж байгууллагын аль нь ч тэдний эрх ашгийг хамгаалж, ам нээсэнгүй. Урлаг соёлын үйл ажиллагаа “тэг зогсолттой”, уран бүтээлчдийн амьдрал дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж байхад хэн ч дуугарсангүй.
Төрийн “нүд, чихнээс” гадна үлдсэн урлагийнхан
Улсын хэмжээнд аль салбарт хэчнээн чөлөөт уран бүтээлч ажиллаж буй талаарх нэгдсэн тоо мэдээлэл, судалгаа статистик хаана ч алга. Тэд урлагт ямар хувь нэмэр оруулж байгаа талаар болон жилд хэчнээн төгрөгийн татвар, даатгал төлдөг, хэрхэн амь, амьжиргаагаа залгуулдаг болохыг анхаарч хариуцдаг төр, төсвийн ямар ч аж ахуйн нэгж байсангүй.
Харин уран бүтээлчид нэгдэж, холбоо, эвсэл үүсгэн байгуулдаг ч тэдний асуудлыг төр мөн л төдийлөн анхаарч авч үздэггүй, хойрго ханддаг талаар мэдээлсэн юм.
Түүнчлэн хорио цээрийн улмаас уран бүтээлчдээс гадна тоглолтын орлогоороо санхүүждэг үзвэр үйлчилгээний газрууд хаалгаа барихад хүрч, тэнд алба хаадаг олон хүний ажил, амьдрал хүнд байдалд ороод байна. Энэ талаар нэгэн үзвэр үйлчилгээний газрын алба хаагчаас тодрууллаа. Тэрбээр “Үзвэр үйлчилгээний газрууд 2020 оны нэгдүгээр сараас хойш үндсэндээ үйл ажиллагаагаа зогсоосон. Өнгөрсөн намар цөөн хоног заалаа нээсэн ч халдварын эрсдэл нэмэгдсэн шалтгаанаар дахин үүдээ барьсан. Үзвэрийн танхим, эвент арга хэмжээгээр амьжиргаа залгуулдаг олон хүний ирээдүйн ажлын байр тодорхой бус байна. Эхлээд үйлчилгээний ажилчдаа халсан. Одоо гэрэл техник зэрэг нарийн мэргэжилтнүүддээ сул зогсолтын мөнгө ч өгч чадахаа больсон. Хойшид хэрхэх, хэдий хугацаанд заалаа цоожтой байлгахыг мэдэхгүй байна. Бидний амьдрал, ирээдүй улам л бүрхэг болж байна. Уран бүтээлчид ч туйлын хүнд нөхцөлд байгаа. Өнөө цагт лизинггүй хүн ховор. Гэтэл банкны төлбөр төлөх нь байтугай хоногийн хоолоо ч залгуулах аргагүй үед тулж ирлээ” гэв.
“Төр анхаарч, бодлогын хэрэгжилт хийх шаардлагатай”
Чөлөөт уран бүтээлчдийн нийгмийн асуудал орхигдож, эрх ашиг нь зөрчигдөж байгаа энэ үед салбарын яам ямар арга хэмжээ авч байгаа талаар тодруулах гэсэн ч хариулт өгөх албан тушаалтан байсангүй.
Харин Нийслэлийн соёл урлагийн газрын Урлагийн хэлтсийн дарга Ч.Батчимэг “Ковид19-ийн улмаас чөлөөт уран бүтээлчдийн эрх ашиг зөрчигдөж байгаа нь үнэн. Гэхдээ манайх бодлого боловсруулдаг газар учраас хувь уран бүтээлчдийн эрх ашгийн хамгаалах боломжгүй. Гэвч эдгээр уран бүтээлчдийн асуудлыг төр анхаарч, бодлогын хэрэгжилт хийх шаардлагатай байна” гэлээ.
“Ажлын байраар хангадаггүй юм гэхэд ажиллах нөхцөлөөр хангаач”
Нийтийн дуучдын нэгдсэн холбоонд албан ёсны бүртгэлтэй 200 гаруй, албан бус бүртгэлтэй 400 орчим уран бүтээлч бий. Гэхдээ энэ нь хувиараа уран бүтээл хийж буй нийт дуучдын тоо мэдээлэл биш юм. Тус байгууллагад бүртгэлгүй ч хувиараа уран бүтээл гаргадаг дуучин хэдэн мянгаар тоологдоно. Үүн дээр хошин урлагийн продакшнууд, зураач, барималчид, бүжигчид гээд олон мянган хүн ажил, орлогогүй, нийгмийн халамж, хамгааллаас ангид амь зууж байна.
Эшлэл
МУГЖ, Нийтийн дуучдын нэгдсэн холбооны тэргүүн У.Далантай

Гурван жил орчмын хугацаанд бүх найр хурим, урлагийн тоглолтыг хорилоо. Улмаар хувиараа уран бүтээл хийдэг хүмүүс үндсэндээ гурван жил ажил, орлогогүй байлаа. Үүний улмаас урлагийнхны амьдрал үнэхээр хүнд байдалд орсон. Машин тэрэг, байр саваа зарах бол хамгийн наад захын асуудал боллоо. Бид төрөөс ажлын байр, мөнгө төгрөг нэхээгүй. Бор зүрхээрээ өөрсдийгөө болгоод амьдардаг. Гэтэл ингэж ажиллах боломжийг нь хүртэл хааж, боох нь зохимжгүй байна. Залуучууд урлагийн сургууль төгсөөд л хаягдаж байна. Мэргэжлийн байгууллагуудад нь ажлын байр олдохгүй. Хувиараа уран бүтээл хийгээд, амь амьдралаа залгуулах гэхээр бүх үйл ажиллагааг нь хязгаарлачихна. Тэгэхээр залуучууд энэ салбарт яаж тогтож, ажиллаж, амьдрах юм бэ. Чөлөөт уран бүтээлчдийн асуудлыг анхаарах зайлшгүй шаардлагатай байна.
МУГЖ, “Шинэ үе” продакшны захирал М.Ариунболд

Түүнчлэн улсад бүртгэлтэй театруудын хаалга, босго чөлөөт уран бүтээлчдэд үргэлж хаалттай байдаг. Яагаад нийтийн дуучид, хошин урлагийн продакшн драмын театр, дуурийн театрт тоглолт зохион байгуулж болдоггүй юм. Энд үзэгчийн эрх ч зөрчигдөж байгаа юм.
Соёлын тухай хуулийг эргэж харах цаг нь болсон. Тэнд чөлөөт уран бүтээлчид рүү чиглэсэн зүйл заалтыг нэмэгдүүлж, хуулийн хэрэгжилт дээр хяналт тавих шаардлагатай байна.
Нийтийн дуучдын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн тэргүүлэх гишүүн, СТА, Ая зохиогч А.Анхбаяр

Цар тахлын үед Соёлын яамны харьяа, театрын алба хаагчид нийгмийн даатгалаа төлөөд, цалингаа аваад л байж байгаа. Өөрсдийгөө цалинжуулж, өөрсдийн зардлаар татвар, даатгал төлдөг чөлөөт уран бүтээлчдийн асуудал өнөөдөр орхигдож байна. Үндсэндээ 2, 3 жил уран бүтээлчид цаг үеийн нөхцөл байдлыг харж чимээгүй байлаа. Гэтэл баар, караоке, кино театр зэрэг үзвэр үйлчилгээний байгууллагууд ажиллаад эхэлчихсэн байна. Урлагийнхан л хөл хорионд байна. Энд ганц нэг хүний эрх ашиг яригдаж байгаа юм биш. Хэдэн мянган хүний эрх ашиг, эдийн засгийн байдал хөндөгдөнө. Соёлын яам, соёл урлагийн газраас авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ нэг ч алга.