Жил тутам хийгддэг Монгол, БНСУ-ын Агаарын харилцааны тухай хэлэлцээр өнөөдөр Сөүлд болж байна. Гэхдээ Монголын талаас хэлэлцээрт оролцох товыг гэнэт тогтоосон нь солонгосчуудыг багагүй гайхшруулжээ. Тодруулбал Монголын иргэний нисэхийн төлөөлөл долоодугаар сарын 23-ны орой хэлэлцээр хийх товыг гэнэт зарлаж, 26-ны онгоцоор БНСУ-д очсон нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцын нөлөө бололтой.
Монголчууд наймдугаар сарын 4 хүртэл 10 шахам хоног Сөүлд айлчлахаар ирсэнийг сонсоод Солонгосын Тээврийн яам хорио цээрийн хамгийн өндөр үед ийм олон хоног, тэр тусмаа гэнэт төлөвлөсөнд маш их тулгамдан хүлээн авчээ. Улмаар хоёр хоногт багтааж хэлэлцээрийг явуулахаар болсон байна.
Айлчлалын бүрэлдэхүүнд Зам тээврийн хөгжлийн яам, ИНЕГ-аас тус бүр гурав, МИАТ компаниас хоёр хүн багтсанаас гадна хувийн хэвшлээс зөвхөн "Изинис Эйрвэйз” ХХК-ийн Д.Оюундэлгэр, “Карго Эйрвэйз” ХХК-ийн Ч.Хоролсүрэн нар оржээ. Хэлэлцээрээр шинэ нисэх буудалд буух Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тоог тогтоох ёстой ч бусад хувийн хэвшилд хэлэхгүйгээр зөвхөн "Изинис Эйрвэйз"компанид давуу байдал үүсгэн дагуулсан нь анхаарал татаж байна.