Хуулийн салбарт ёс зүй, хариуцлага шаардлагатай байна

Цагдаагийн алба хаагч иргэдийг зодож буй бичлэг өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдав. Мөрдөс бүхий дүрэмт хувцастай хоёр цагдаа иргэдийг хэрцгийгээр зодож, эр бяраа гаргаж байгаа нь эрхгүй эгдүүцэл төрүүлэв.

Цагдаа нарын харилцаа, ёс зүйн асуудал үе, үе ийнхүү хүчтэй шүүмжлэл дагуулдаг ч үр дүн, өөрчлөлтөд хүрэхгүйгээр намждаг. Түүнчлэн цагдаагийн ёс зүйгүй хандлагыг их, бага хэмжээгээр хэн бүхэн мэдэрч байсан ч тэгэх, тийм байх ёстой мэт хүлээж авч, хүлцээд л өнгөрдөг.  

Өөрт тохиолдсон нэг “жижигхэн” жишээг дурдья л даа. Өнгөрсөн хавар “Туул” голын орчимд салхилж байв. Хөл хорио суларч, хүмүүс хөдөлгөөнд ороод байсан цаг. Тухайн үед халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх үүрэг хүлээсэн бололтой хоёр цагдаа голын орчим эргүүлж хийж байсан юм. Удалгүй өнөөх хоёр хүмүүсийн салхилж байгаа газар тамхи нэрээд зогсчхов. Тамхилах зуураа иргэдийн амны хаалтаа зүүхийг шаардана. Тамхиа бариад, сороод урдуур, хойгуур алхана. Тэссэнгүй ээ. Хэлж орхилоо. Хүүхдүүд агаарлаж байгаа орчинд тамхи татахгүй байхыг шаардтал хэгжүүрхэж, хэрэлдэв. “Өөрөө эндээс холдчихгүй юу” гэж хүртэл шилбэлзэв. Сүүлдээ ч бүр төрийн алба хаагчийн өмнөөс хэрүүл хийсэн хэрэгт унаад, торгууль, татвар дээрээ тулсан юм. Энэ мэт тоочоод байвал энд тэнд цагдаа нартай ам зөрж байсан тохиолдол элбэг.

Дээрх жишээг нуршсаны учир нь цагдаагийн алба хаагчид иргэдийг тохуурхаж, зүй бусаар харьцаж, хүч хэрэглэх тохиолдол элбэг болохыг тайлбарлахыг хичээв. Бичлэг нь цацагдаж, олон нийтэд ил болсон нь дээрх үйл явдал болохоос нүд чихнээс далд энэ төрлийн хэрэг олон гардаг нь нууц биш юм.

Дахин нэг жишээ дурдья. Цагдаагийн алба хаагч саатуулах байранд байсан нэг иргэний биед халдаж, амь насыг нь хохироосон байна.  

Тодруулбал, 2019 онд Цагдаагийн удирдах газрын харьяа Албадан саатуулах, баривчлах төвийн байранд байсан нэг иргэний биед Тухайн өдөр тус байранд үүрэг гүйцэтгэж байсан жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч У гэгч халдаж, амь насыг нь хохироосон байна.

Ийнхүү цагдаагийн алба хаагч бусын амь нас, эрүүл мэндэд халдаж буй зүй бус үйлдэл удаа дараа гарч буй учир цэрэг, цагдаа бэлтгэдэг их, дээд сургуульд өөрийгөө хамгаалах арга техникээс гадна ёс зүй, хүний эрхийн тухай хичээл орж, энэ талын ойлголттой, хүнлэг алба хаагчдыг бэлтгэх зайлшгүй шаардлагатай байна. Хэдий сургалтын хөтөлбөрт цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хичээл орохоор тусгагдсан байдаг ч төдийлөн үр дүнтэй байдаггүй нь дээрх жишээнээс харагдаж буй юм. Түүнчлэн цагдаагийн алба хаагчдыг харилцааны ур дүйд сургах хэрэгцээ хэдийн үүсжээ. Түүнчлэн тэдний харилцаа, хандлага, ёс зүйд удирдах байгууллагаас хаяналт тавьдаг байх хэрэгтэй юм. Мөрдөсдөө эрдсэн цагдаа нар өдрөөс өдөрт олширч байна.

Алба хаагчид арьсаа хамгаалж эхлэв

Цагдаагийн алба хаагчид иргэдийн эрүүл мэндийг хохироосон талаарх бичлэг цацагдсаны дараа буюу өчигдөр холбогдох албаныхан тайлбар, мэдээлэл өглөө. Энэ үеэр ЦЕГ-ын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал “Олон нийтийн сүлжээнд цагдаагийн алба хаагчийн зохисгүй, бусдын эрх чөлөөнд халдсан бичлэг тавигдсанд цагдаагийн байгууллага уучлал гуйж байна” гэв. Төрийн алба хаагч үүргээ гүйцэтгэж байх үедээ бусдыг зодож танхайрсанд бус бичлэг нь олон нийтийн сүлжээнд байршсанд удирдлага нь уучлал хүслээ. Зодсонд, зүй бус хандсан, эрүүл мэндийг нь хохироосонд бус цахим сүлжээнд зодуулж буй бичлэг нь цацагдсанд уучлаарай гэх.

Түүнчлэн тэрбээр мэдээлэл хийх үеэрээ “Хоёр жилийн өмнө болсон хэргийг яагаад хохирогчид мэдээлээгүй болохыг шалгаж байна” гэв. Түүнчлэн мөн үеэр ЦЕГ-ын Аюулгүй байдал, дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар “Тухайн үедээ зодуулсан иргэд болон цагдаагийн албан хаагч нар хоорондоо ярилцаад, бүртгэлд оруулалгүй цагдаагийн байгууллагаас нуун дарагдуулсан юм билээ” гэж мэдээлсэн юм.

Энэ бол ЦЕГ-аас өгсөн тайлбар мэдээлэл. Шууд биш ч далд, дам утгаараа хохирогчийг буруутгаж, зодуулсан болохоо нуун дарагдуулсан гэх тайлбар хийж буй нь ёс зүйн хувьд зохимжгүй юм.

Мөн салбарын сайд Х.Нямбаатар дээрх хэрэгтэй холбоотой мэдэгдлийг цахим хуудсаараа дамжуулан хийсэн юм.

Тодруулбал тэрбээр, "Цагдаагийн байгууллагад хүний эрхийг дээдэлж, хүнлэг энэрэнгүй байх явдлыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг үүрэг болгосоор ирсэн. Намайг ажил авахаас өмнөх бичлэг тарааж олон нийтийн бухимдал үүсгэж байгаад харамсаж байна" гэсэн байв.

Мөн л бичлэг тарж, олон нийтийн бухимдал үүсгээд байгаад харамсаж байна гэв. Цагдаа нарт зодуулсан хохирогчдод бус цахим орчинд бичлэг цацагдсанд харамсаж байгаа нь даанч харамсалтай. Түүнчлэн “Намайг ажил авахаас өмнөх бичлэг тарааж” гэж тодотгосон байх юм. Аавын хөвгүүд алба хаагчид нүүр, нүдгүй балбуулж байгаад харамсаж, халаглаж, хариуцлага тооцох ёстой сайд нь арьсаа хамгаалж, “би энэ үед энэ салбарын сайд байгаагүй ээ” гээд байж байгаа нь даанч халаглам.

Хэрэг, зөрчил мэдээлсэн хүн хэрэгтэн шиг үзэгддэг

Сүүлийн үед гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор ЦЕГ болон бусад төрийн бус байгууллагуудаас элдэв аян өрнүүлэх болсон. Тодруулбал, гэмт хэргийг мэдээлэхийг иргэдийг уриалаад буй юм. Гэвч хэрэг, зөрчил мэдээлсэн иргэд хэрэг хийсэн аятай дарамт мэдэрдэг гажуу тогтолцоо манай улсад хэрэгжиж байна. Тодруулбал, дуудлага мэдээлэл өгсөн иргэдээс удаа дараа мэдүүлэг авч, чирэгдэл учруулах, худал мэдээлэл өглөө гэх зэргээр ээрч, элдэвлэх гэх мэт ёс зүйгүй зөрчлийг цагдаагийн алба хаагчид түгээмэл гаргадаг. Ийнхүү иргэдийг залхаан цээрлүүлдэг нь ажлаа хөнгөвчлөх арга мэх ч байж мэдэхээр санагдана.

Ямартай ч хуулийн салбарт хүн ёс, ёс зүй, хариуцлага үгүйлэгдэж байна. Хуульч хүн, хуулийн салбарт хүчин зүтгэж буй хүн "жинхэнэ хүн" байх учирай. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Жинхэнэ хүн байлгахын тулд яг яах ёстой вэ? Ямар нөхцөлд ажиллуулж,ямар цалин хангамжтай байлгах ёстой вэ?танд үүнийг шийдэх бодит санах оноо байна уу?!?! Надад тохиолдсон гэж ирээд л мяалсан муулсан юм ярьж болно л доо харин тэрээс чинь илүү тусалсан аварсан нь илүү байхаа ярьдаггүй л болохоос...

    0 0 Хариу бичих