Улсын ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харицлах албанаас МУГТ Н.Түвшинбаяртай холбоотой мэдэгдэл гаргажээ.
Тухайн мэдэгдэлд “Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт Хан-Уул дүүргийн прокурорын газраас хяналт тавьж байна. Эрүүгийн хууль хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн тогтоохын тулд хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс зайлшгүй мэдүүлэг авах шаардлагатай. Энэ ажиллагаа хүлээгдэж байна” гэжээ.
Хэргийг эргэн сануулбал, Олимпын аварга Н.Түвшинбаяр дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож хүнд гэмтэл учруулсан. Түүнийг цагдан хорих хугацаа өнөөдөр дууссан юм.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Н.Түвшинбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн тавдугаар сард хянан хэлэлцсэн юм.
Шүүхээс прокурорын санал, яллагдагчийн болон хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг давхар харгалзан, мөн хэргийн нөхцөл байдалтай уялдуулан Н.Түвшинбаярт авсан цагдан хорих арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс суллахаар болсон. Түүнд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн юм.