Токио 2020 олимпын наадмын эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн дасгалд тамирчид урьдчилсан шатны сүүлийн 30 сумаа буудаж дууслаа.

Манай тамирчин Ц.Анударь өчигдөр 287 оноогоор 29-д жагсаж байсан. Тэгвэл өнөөдөр хурдан буудлагад 285 оноо авснаар нийлбэрээр 572 оноотой болж, 35-д оров. Тэрбээр эхний 20 сумаа 96, 98 гэж буудан тун өнгөлөг явсан ч сүүлийн 10 сумандаа 91 оноо авснаар байр ухрав.

Энэ төрөлд өрсөлдсөн гавьяат тамирчин О.Гүндэгмаа хурдан буудлагадаа 295 оноо авснаар нийт 578 оноотойгоор байр урагшлан 26-д бичигдсэн амжилтаар Олимпоо өндөрлүүллээ. Манай тамирчин сүүлийн 30 сумандаа 97, 100, 98 оноо авлаа.