Gucci загварын ордны үүсгэн байгуулагч Гуччио Гуччигийн ач хүү, Маурицио Гуччигийн захиалгат аллагын тухай өгүүлэх энэхүү бүтээл ирэх 11 дүгээр сард АНУ-д нээлтээ хийх юм. Маурицио Гуччигийн дүрд Адам Драйвер тоглосон бол түүний аллагыг захиалагч эхнэр Патриция Режжианигийн дүрийг дуучин Лэди Гага бүтээжээ.
Найруулагч Ридли Скоттын бүтээсэн "House of Gucci" кинонд Жаред Лето, Ал Пачино, Сальма Хайек, Жереми Айронс зэрэг Холливуудын өндөр зэрэглэлийн одод тогложээ.
Маурицио Гуччи 1995 онд оффисын өрөөндөө буудуулан амь үрэгдсэн юм. Үүнээс гурван жилийн дараа түүний хуучин эхнэр Патриция Режжиани нь Гуччигийн аллагыг захиалсан хэрэгт буруутгагдан 26 жилийн ял сонссон ажээ.
Маурицио Гуччи болон Патриция Режжиани нар 12 жил ханилж, хоёр охинтой болсон ч 1985 онд Гуччи өөр эмэгтэйтэй гэрлэхийн тулд гэр бүлээ орхисон гэдэг.
Үүний дараа Патриция Режжиани охидоо өв хөрөнгө залгамжилж чадахгүй гэхээс айсандаа хуучин нөхрөө хөлсний алуурчинд захиалан хөнөөлгөсөн түүхээс сэдэвлэн энэхүү киног бүтээжээ.
