Өнөөдөр спортын гурван төрөлд таван тамирчин өрсөлдөнө

Токио 2020 олимпын наадамд өнөөдөр спортын гурван төрөлд монголын таван тамирчин өрсөлдөнө.

Буудлага:

Өнөөдөр өглөө Улаанбаатарын цагаар 08:00 цагт Asaka Shooting Range-д эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн дасгалын урьдчилсан шат эхэллээ. Энэ төрөлд манай улсаас гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Ц.Анударь нар цэц мэргэнээ сорьж байна.

Тамирчид өчигдөр тогтоол 30 сум буудсан бол өнөөдөр түргэн 30 сум буудсанаар финалд шалгарах найман тамирчны нэр тодорхой болох юм. 

Тогтоол буудлагын дараа Ц.Анударь 287 оноотойгоор 29-д, О.Гүндэгмаа 283 оноотойгоор 38-д бичигдэж байгаа билээ. Энэ төрлийн финалын буудлага 13:00 цагт эхэлнэ. 

Жүдо:

Монголын багийн тугч Ө.Дүүрэнбаяр эрэгтэйчүүдийн +100 кг-д хүч сорино.

Тэрбээр эхний даваанд Узбекистаны бөх Бекмурод Олтибоевтой барилдах сугалаа татжээ. 25 настай энэ жүдоч тивийн аваргаас хүрэл, Армийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн амжилттай нэгэн. Тэрбээр өмнө нь 2018 оны Мастерс тэмцээнд манай Ө.Дүүрэнбаярыг ялж байв.

Усан сэлэлт:

Токиог зорьсон Монголын сэлэгчид өнөөдөр уралдана.

Эрэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтэд М.Дэлгэрхүү хурд сорих бөгөөд уралдаан нь 18:10-аас эхлэх хуваарьтай. Харин эмэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтэд уралдах Б.Энххүслэн 18:32 цагаас гараанд гарах юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)