Дайны төрх өөрчлөгдөв
Нацист Герман Зөвлөлт Холбоот Улсад халдан довтолсны 80 жилийн ой өнгөрсөн сард тохиов. 1941 оны зургаадугаар сарын 22-нд эхэлсэн Аугаа Эх орны дайнд Зөвлөлт Холбоот Улс 26.6 сая иргэнээ алджээ.
Дэлхийн II дайнд нийт 75 сая гаруй хүн амь эрсэдсэн гэж Америкийн түүхчид тооцоолсон гэдэг. Өнгөрсөн ХХ зуунд хүн төрөлхтний түүхэнд хамгийн олон улс үндэстэн оролцсон, өргөн фронтын дайнууд өрнөж, тэр хэрээрээ асар их сүйтгэл, сүйрэл учруулжээ. Дэлхийн I дайн, Дэлхийн II дайн, Солонгосын дайн, Вьетнамын дайн, Афганистаны дайн нь оролцсон цэргийн тоо, зэвсэглэлийн хувьд ч өргөн хүрээтэй дайнууд байлаа. Вьетнамын дайнд 58 мянган америк цэрэг амь эрсэдсэн бол Афганистанд 15 мянга гаруй Зөвлөлтийн цэрэг үрэгдсэн. Дайн, зэвсэгт мөргөлдөөний дүр төрх өөрчлөгдөж буй тухай сүүлийн жилүүдэд бичих боллоо. Өргөн фронтоор дайтдаг, олон цэрэг, байлдааны техник оролцсон дайн гарах эрсдэл эрс багассан гэж ярьдаг. Улс үндэстнүүдийн харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжиж, эдийн засгийн хувьд харилцан хамааралтай болжээ. Үнэндээ Умард Атлантын Гэрээний Байгууллагаас (НАТО) өөр цэрэг-улс төрийн эвсэл дэлхийд алга. Өрнөдийн ардчиллыг улаан коммунизмын аюулаас хамгаалах зорилгоор байгуулагдсан НАТО эдүгээ 30 гишүүнтэй болж өргөжив. НАТО-ын өргөжин тэлэх үйл явцыг хамгийн хүчтэй эсэргүүцдэг нь ОХУ. Өрнөдийн удирдагч нар Зөвлөлт Холбоот Улсын буурин дээр үлдсэн ОХУ-ын хил рүү түрэхгүй гэсэн амлалтдаа хүрээгүй учраас Кремль ихээхэн бухимдана. Саяхан Владимир Путин хэрвээ та нар Оросыг оролдоод байвал шүдийг чинь цөм цохино шүү гэж анхааруулна билээ.
Өргөн хүрээтэй, урт хугацаанд сунжирсан дайн, цэргийн ажиллагаа нь зардал, хүний хохирол, улс төрийн хувьд ч таатай сэдэв биш. 2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-ын нутаг дэвсгэрт болсон цуврал террорист халдлагын дараа Ерөнхийлөгч Жорж Буш терроризмын эсрэг дайн хэмээх олон улсын цэргийн ажиллагаа эхлүүлэв. Олон улсын дэмжлэгтэй болохоос биш хамгийн олон цэрэг, зэвсэг техник дайчилсан нь АНУ байв. АНУ тэргүүтэй эвслийн хүчин 2001 оны намар Афганистан, 2003 оны намар Иракт цөмрөн оров. Афганистанд Талибуудын дэглэмийг, Иракт Саддам Хуссейний Засгийн газрыг түлхэн унагасан. АНУ-ын зэвсэгт хүчин Иракт 4586, Афганистанд 2452 цэргээ алджээ. Дээр нь НАТО- ын холбоотон улс орнуудын цэргийн хохирол, Ирак, Афганистаны арми, хууль сахиулах байгууллагуудын албан хаагч, энгийн иргэдийн хохирол ч нэмэгдэнэ. Афганистаны дайнд АНУ-ын Засгийн газар 1 их наяд доллар зарцуулжээ. 2010 онд Афганистанд АНУ тэргүүтэй гадаадын 100 мянган цэрэг үүрэг гүйцэтгэж байв. Доналд Трампын Засгийн газар өнгөрсөн онд Катарын Доха хотод Талибуудын толгойлогч нартай уулзаж, энхийн хэлэлцээр байгуулснаар 20 жил үргэлжилж буй Афганистаны дайн дуусах нь ээ. АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Жо Байден цэргээ эргүүлэн татах хугацааг зургаан сараас сунгаж, Талибуудтай тохиролцсон хэлэлцээрийг хэвээр нь үлдээв. Афганистаны нөхцөл байдал улам ээдрээтэй болж буй талаар НҮБ анхааруулж байгаа хэдий ч Нэгдсэн Улс Ойрхи Дорнод бүс нутаг дахь оролцоогоо хумилаа.
2015 оноос хойш Йемений дайнд Саудын Арабын эзэн хааны сан хөмрөгөөс 100 тэрбум доллар зарцуулжээ. Өндөр зардлаас гадна олон цэрэг оролцуулсан хуурай замын цэргийн ажиллагаа нь хүний хохирол ихтэй учраас дэлхийн том улсууд агаарын довтолгоо болон цөөн тооны өндөр түвшинд бэлтгэгдсэн цэргүүдийг дайчилдаг тусгай ажиллагаанд ач холбогдол өгдөг болжээ. Осама бин Ладен, Абу Бакр аль-Багдадийг устгасан ажиллагааг тусгай ангийн цэргүүд гүйцэтгэсэн. Тагнуулын маш тодорхой мэдээлэлд үндэслэсэн хиймэл дагуул, холбооны хэрэгсэл, агаарын дэмжлэгтэй ажиллагаанууд байлаа. Гадаад дахь урт хугацааны цэргийн ажиллагаа нь улс төр, олон нийтийн хүрээнд хүчтэй эсэргүүцэлтэй тулгардаг нь гурав дахь шалтгаан. Вьетнамын дайныг Америкийн олон нийтийн шахалтаар зогсоосон. Афганистаны дайн Зөвлөлт Холбоот Улсын эдийн засгийг үлэмж хэмжээгээр доройтуулсан нь задран унах том шалтгаануудын нэг байсан гэж Михаил Горбачёв ярьж байсан. Барак Обамагийн засаг захиргааны үед Ирак, Афганистан дахь өргөн хүрээтэй байлдааны ажиллагааг дуусгавар болгосон нь ч улс төрийн шахалтын үр дүн билээ.
Эдүгээ Барууны судлаачид дарангуйлагчийг түлхэн унагах нь хялбархан боловч дампуурсан улс үндэстнийг сэргээн босгоно, чиглүүлнэ гэдэг амаргүй гэдгийг онцолдог болжээ. 2003 оноос хойш Иракт аюулгүй байдал, улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй хэвээр байна. 2011 оноос хойш Ливи, Сири улсын нутаг дэвсгэр хэд хэдэн бүлэглэлд хуваагдчихлаа. Ойрхи Дорнодын бүс нутаг дахь хүчний хоосон орон зайг Исламын улс бүлэглэл ашиглаж, 2014-2019 оны хооронд асар их сүйтгэл учрууллаа. Францын зэвсэгт хүчин Африкийн холбоотнуудтай хамт Сахелийн бүс нутагт дуусдаггүй дайнд татагдаад орчихсон. 2013 оноос хойш 50 цэрэг Африкт амь эрсэджээ. Цаашид сунжирвал Эммануэль Макроны засаг захиргаа улам шахалтад орно.
Хоёр талд нуувч, бэхлэлт босгож, өргөн фронтоор үзэлцдэг дайн нэгэнт өөрчлөгджээ. Өнгөрсөн намар Уулын Карабахын төлөөх Армен-Азербайжаны зэвсэгт мөргөлдөөн зургаан долоо хоног үргэлжлэв. Өмнө нь хуурай газрын тулаанд илүүрхдэг байсан Армены арми Азербайжаны хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, Оросын зуучлалаар гал зогсоов. Азербайжан 2900, Армен 4000 цэргээ алджээ. Армены Ерөнхий сайд Никол Пашинян фронтын нөхцөл байдал, болзошгүй хохирлыг тооцож үзээд Азербайжантай тохиролцохоос өөр аргагүйд хүрснийг хүлээн зөвшөөрсөн. Өмнөх мөргөлдөөн, тулгаралтаас хойш зэвсэгт хүчнээ үлэмж бэхжүүлсэн Азербайжаны зэвсэгт хүчин Туркээс авсан алсын удирдлагатай дрон онгоцоор Армены танк, хуягт машинуудыг бут ниргэсэн дээ. Тэр үед Азербайжаны Батлан хамгаалах яам компьютерын дэлгэцээр Армены байрлалыг тодорхойлж, дроноор “бай”-гаа хэрхэн устгаж байгаа бичлэгийг бахархалтайгаар түгээж байв. Ердөө компьютерын товчлуур дараад л гүйцээ.
Ирээдүйд дэлхийн улс орнууд технологид суурилсан дайн, тулаан өрнүүлэх нь ээ.
Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин Ардын Чөлөөлөх Армийн шинэтгэлийн асуудлыг чухалчилдаг. Тэрээр манай Хятад улс АНУ болон түүний холбоотнууд шиг маш богино хугацаанд цэрэг, техник, нөөцөө дайчилж, дайсандаа цохилт өгөх чадвартай байх ёстой гэдэг. Үүний тулд орчин үеийн зэвсэгт хүчний салбарууд хоорондын уялдаа холбоо сайн хөгжсөн, дижиталаар холбогдсон, цэргүүд нь хиймэл дагуул, холбооны хэрэгслээр хангагдсан байх шаардлага тавьдаг болжээ.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл.Дугаар 484