Намууд “бужигнасан” нэг өдөр

Л.Энхдэлгэр


Долоо хоногийн эхний өдөр улс төрийн уур амьсгал “халуухан” байлаа. МАН-ын бага хурал, АН-ын ҮЗХ-ны хурлаас гадна УИХ-ын гишүүн Г.Уянга шинэ байгуулсан Тусгаар тогтнол, эв нэгдлийн намынхаа анхны Их хурлыг хийв. МАН, АН-ынхан ирэх сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө тус тусын хурлаараа хэлэлцэхээр байсан. Гэхдээ МАН-ын бага хурлаар МАХН-тай нэгдэх үү, үгүй юу гэх асуудал “шинээр” гарч ирсэн нь гишүүдийнхээ дургүйцлийг хүргэлээ.

Орой 19:00 цагаас ҮЗХ-ны хурал 60 гаруй хувийн ирцтэй хуралдсан. Мөн ҮЗХ-ны хурлын өмнө АН-ын гишүүдийн төлөөлөл “Манай намд хагарал, тэмцлийн асуудал байхгүй. Тийм юм шиг харагдуулахыг хичээдэг хүмүүс олон бий” гэх зэргээр байр сууриа илэрхийлсэн

Өнгөрсөн хугацаанд МАН болон МАХН-ынхан эвсэх, хамтрах талаар хамтарсан ажлын хэсэг гаргаад байсан. Тэгвэл бага хурлын өмнө ажлын хэсгээс саналаа боловсруулж, бэлэн болгосон. Ингэхдээ УИХ-ын 76 гишүүний мандатаа 51:25-аар хуваарилахаар болжээ. Гэвч уг саналыг МАН-ын бага хурлын гишүүд эрс эсэргүүцэж, хүлээж авсан байна. Ажлын хэсгийн саналыг бага хурлаар дэмжсэн тохиолдолд МАН, МАХН эвслийн гэрээ байгуулахаар байсан. Харин МАН-ынхан “Урвасан урваачидтай эргэж эвсэх буюу нэгдэхгүй. Ялангуяа ийм өндөр квоттойгоор эвсэх тухай асуудал хэрхэвч байхгүй” гэжээ.

Тэгвэл АН-ын ҮЗХ-ны хурлаар эв нэгдлийн асуудлаа хэлэлцэх үү гэх хүлээлт байсан. Орой 19:00 цагаас ҮЗХ-ны хурал 60 гаруй хувийн ирцтэй хуралдсан. Мөн ҮЗХ-ны хурлын өмнө АН-ын гишүүдийн төлөөлөл “Манай намд хагарал, тэмцлийн асуудал байхгүй. Тийм юм шиг харагдуулахыг хичээдэг хүмүүс олон бий” гэх зэргээр байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Л.Болд, Д.Ганхуяг, АН-ын генсек Л.Эрхэмбаяр нар ийн байр сууриа тодорхой хэлсэн юм.

Гэхдээ ҮЗХ-ны хуралд УИХ-ын гишүүн Х.Баттулга хүрэлцэн ирсэнгүй. Түүний хувьд өчигдөр орой “Намаас гарах мэдэгдлээ хийнэ” гэх мессеж байсан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Х.Баттулга АН-аас гарч, шинээр байгуулагдсан Тусгаар тогтнол, эв нэгдлийн намд элсэх тухай мэдээлэл улс төрийн ертөнцөд байлаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Уянга шинэ намынхаа анхны их хурал дээр “Х.Баттулга гишүүнийг хоёр алгаа тосон угтаж авах болно” хэмээн мэдэгдээд байв. Нөгөөтэйгүүр Г.Уянга гишүүний шинэ намын хуралд жүдогийн тамирчдын төлөөлөл хүрэлцэн ирсэн нь уг хардлагыг нэмэгдүүлж байлаа. Гэхдээ тийм зүйл болсонгүй. 

Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын Их хурал Дуурь бүжгийн эрдмийн театрт болсон. Уг хурлыг нээж, УИХ-ын гишүүн Г.Уянга улс төрийн илтгэл тавьсан. Мөн хуралд оролцогсод Монголын улс төрийн нөхцөл байдал хүндэрсэн, Монголын тусгаар тогтнолын асуудлыг нухацтай ярьж, хамгаалж авч үлдэх цаг болсон гэдгийг тунхаглаж байсан.

Улс төрийн намууд хурлаар амьсгалах өдөр өнөөдөр ч бас үргэлжилнэ. Тухайлбал, МАН-ын бага хурал үргэлжилнэ. Түүнчлэн МАХН-ын Бага чуулганы хуралдаан болох учиртай. АН-ын ҮЗХ-ны хурал ч бас үргэлжилж, намын мөрийн хөтөлбөрөө хэлэлцэхийг үгүйсгэхгүй. 

 

Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд улс төрийн намуудад мөрийн хөтөлбөрөө тодорхой болгох, нэр дэвшигчдээ зарлах, эвсэх, нэгдэх асуудлаа шийдэх гээд олон ажил бий. Хуулийн дагуу намууд дөрөвдүгээр сарын 20 гэхэд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүлээлгэн өгөх учиртай. Тийм ч учраас яаран, сандран намынхаа удирдах байгууллагуудын хурлыг хийж байна. Үүний дараа хуулийн дагуу тавдугаар сарын 9 гэхэд нэр дэвшигчид тодорхой болох хуулийн шаардлага бий. Өөрөөр хэлбэл, цаашдаа нам, хөдөлгөөний амьдрал улам идэвхжих нь.   

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Женко ч ийм урвамтгай нөхөр биш байхаа.АН эв эеийг хичээвэл дангаараа орвол шууд ялна.Алтанхуяг ч их юм хийсэн хүн.Сонгуульд яаж намаа гаргалаа даа.энэ Л.Эрхэмбаярыг сольж Эрдэнэбатаа тавиач ээ.

    0 0 Хариу бичих