Өв соёл, түүх уламжлал, зан заншил бол үндэсний дархлаа, оюуны ой санамж юм. Хэрэв үүх түүхээ үл огоорч, соёл, уламжлалаа баллуурдаж орхивол үндэсний дархлаа суларч, үнэт зүйт, чиг баримжаагүй шинэ үеийнхэн өсөж торнино. Тиймээс өв соёлоо хойч үедээ сурталчлан таниулж, өвлүүлэн үлдээх нь төрийн хийгээд иргэн бүрийн эрхэм үүрэг билээ.
“Сүүдэр нөмөрсөн” он жилүүд
1920-иод оноос хойших 20 гаруй жилийн хугацаанд Монголын соёл, уламжлал, боловсрол, зан заншил, итгэл үнэмшлийг хар бараан сүүдэр нөмөрсөн. Учир нь тухайн үед их хэлмэгдүүлэлт өрнөж, тэр дундаа онцгойлон бурхны шашин, лам нарыг нийгмээс хавчин, хоморголон устгасан юм. Тодруулбал, их хэлмэгдүүлэлтийн үед оюун санааны өв тээгч болох олон мянган хувилгаан, лам хуврагуудад хилсээр ял хүлээлгэж, 700 гаруй сүм хийдийг устгасан гэж түүхэн эх сурвалжид дурдсан байдаг. Өнгөц харахад шашин, лам нар л хэлмэгдэж байсан мэт боловч цаана нь их соёл, үүх түүх, уламжлал, занц заншил, итгэл үнэмшил ганхаж байсан юм. Өөрөөр хэлбэл, буддын шашинтай хамт анагаах ухаан, зурхайн ухаан, уран бичиг, утга зохиол, өв соёл хамт устсан гэж түүх судлаачид үздэг.
Түүнчлэн устгасан сүм хийдийн дотор байсан соёлын биет өвүүдийг гаднын улс руу зөөсөн гэх яриа ч эрдэмтдийн дунд өрнөдөг. Ийнхүү бид их соёлоо дарангуйлал, хавчлага дунд суйлуулж, зан заншил, уламжлал, итгэл үнэмшлээ хазаарлуулж байсан ард түмэн. Гэхдээ одоо түүхээ сэргээж, өв соёлоо өвлүүлэн, хөгжүүлэх цаг хэдийн болсон.
Нөхөн олговор олгох тухай хууль бидний өв соёлыг сэргээнэ
Өнгөрсөн нэгдүгээр сард Ц.Цэрэнпунцаг тэргүүтэй УИХ-ын нэр бүхий 54 гишүүн Бурхны шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэхэд нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг санаачилж, өргөн барьсан. Энэ нь их хэлмэгдүүлэлтийн үед устаж үгүй болсон шашин соёлын үнэт өвийг сэргээж, хойч үедээ өвлүүлэн, таниулах чухал ач холбогдолтой. Гэхдээ уг хуулийн төслийг өргөн барьснаас хойш сайн, муу элдэв шүүмжлэл нийгэмд өрнөх болсон. Зарим нь түүхэн ач холбогдол, гол агуулгыг нь онож ойлгож байгаа бол нөгөө хэсэг нь лам нарт улсаас мөнгө өгөх гэж буй мэтээр харж буй юм. Ямартай ч алдагдсан өвөө сэргээж, алдаанаасаа суралцах нь төрийн хийгээд бидний эрхэм үүрэг.
Дэлхийн бусад орнууд ч ийм жишгээр өв соёлоо хадгалж, хамгаалдаг. Нэг жишээ дурдъя.
Өнгөрсөн жил Парисын эх дагинын сүм шатаж, уг сүмтэй хамт тус улсын үүх түүхийн нэгээхэн хэсэг үнсэн нуранга болов. Гэхдээ уг үйл явдлын дараахан сүмийг сэргээн босгох хандив болох 300 сая орчим евро ард иргэдээс цугларч, тэд өв соёлоо дахин сэргээн, засварлаж чадсан. Гэтэл бид 700 гаруй сүм хийдээ их хэлмэгдүүлэлтийн үед үгүй хийчихээд өнөөдрийг хүртэл нэгийг нь ч сэргээн засварлаж чадаагүй л байна. Сүм хийд гэдэг зөвхөн барилга, байшин төдий биш соёлын томоохон өв юм.
Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн шашин судлалын салбарын эрхлэгч М.Батаа
Уламжлалт шашин соёлоо хэлмэгдүүлсэн гэдэг нь хэдэн лам нарыг хэлмэгдүүлсэн төдий асуудал биш юм. Түүх соёл, түүний биет болон биет бус өв, үнэт зүйлс уламжлал, сэтгэлгээний онцлог зэрэг мал олон зүйлийг устгаад, цоо шинэ юм гаргаж ирээд түүнийгээ хүчээр тулгаж байгаа хэрэг. Манай түүхэнд хэлмэгдэлт 1921 оны сүүл 1922 оны эхээр Саж ламын хэргээр эхэлсэн. 1937 он бол оргил үе нь байсан. Хэлмэгдүүлэлт 1989 он хүртэл үргэлжилсэн урт хугацааны үйл явдал. Энэ бол соёл иргэншлийн хамгийн том ухралт, сүйрэл.
Үүх түүхээ мэдэхгүй бол ойд төөрсөн сармагчин лугаа адил гэх ардын хэлц үг бий. Бид үүх түүх, өв соёлоо мэддэггүй, мэдье гэсэн ч үзэж хараад, сонирхож сонжих өв үгүй хойч үеийн бэлтгэж байна. Тиймээс алдагдсан өвөө сэргээж, алдаанаасаа суралцах цаг нь иржээ.