Хүнсний үнэ яагаад өсөв?
Дэлхий дахинд цар тахалтай зэрэгцэн хүнсний бүтээгдэхүүний үнэ өсжээ. Өсөлтөд дөрвөн хүчин зүйл нөлөөлсөн гэж ОУВС-гийн шинжээчид дүгнэсэн байна. Тэдний үндэслэсэн дөрвөн шалтгааныг эхлээд дурдъя.
Шалтгаан 1.
Зөвхөн цар тахал хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бий болгоогүй гэнэ. Өөрөөр хэлбэл, цар тахлын давлагаа эхлэхээс өмнө буюу 2019 онд Африкаас гахайн ханиад гарснаар хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж эхэлсэн байна. Энэ үед БНХАУ-д гэхэд гахайн махны үнэ өсөж эхэлжээ. Үүнтэй залгаад цар тахал дэгдэж, улсууд хилээ хааснаар нийлүүлэлт саатаж, зарим тохиолдолд удааширснаар хүнсний бүтээгдэхүүний үнийн өнөөгийн өсөлт эхэлсэн байна. Ингэснээр улс орнуудын инфляцын өсөлтийн тэргүүнд хүнсний бүтээгдэхүүнүүд бичигдэх болжээ.
Шалтгаан 2.
Сая дурдсанчлан хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт тасарч, саатсан нь хоёрдугаар шалтгаанд нэрлэгдэж байгаа юм. Мэдээж хөл хорио, хязгаарлалт, хориг арга хэмжээнүүд нийлүүлэлтийн сүлжээ тасалдах үндсэн шалтгаан болсон. Түүхий эд нь гацаанд орсон тул хүнсний үйлдвэрүүдийн үйлдвэрлэлтийн зардал нэмэгдсэн гэсэн үг. ОУВС- гийнхан өнгөрсөн оноос хойш хүнсний үйлдвэрүүдийн зардал тасралтгүй өссөн гэдгийг дурдсан байна. Үйлдвэрийн зардал өссөн нь иргэдийн гар дээр ирэх барааны үнийг өсгөх нь тодорхой. Гэхдээ үүнд нэг зүйл байгаа нь үйлдвэрлэлийн зардлын өсөлт хэрэглэгчийн гарт ирэх барааны өсөлтөд зургаан сарын дараа нөлөөлдөг байна.
Шалтгаан 3.
Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зардал өнгөрсөн оны сүүлийн улиралд 50 орчим хувиар өссөн байна. Энэ нь ойрын хэдэн жил буюу 2009 оны санхүүгийн хямралаас хойш бараг байгаагүй үнийн өсөлт ажээ. Сүүлийн жилийн дүнгээр үйлдвэрлэлийн өсөлтөд эрдэнэ шиш, шар буурцаг тэргүүлж байна. Цаг агаарын нөхцөл байдал таагүй байснаас хүнсний гол нийлүүлэгчдийн ургацын хэмжээ муу байсан. Дээр нь улс орнууд хүнсний нөөц бүрдүүлж, импорт нэмэгдүүлсэн гэх мэт тодорхой шалтгаан үүнд нөлөөлсөн байна. Түүнчлэн тэжээвэр амьтдын хүнсний хэрэглээ нэмэгдсэн нь ч эрэлтийг бий болгож, үнэд нөлөөлжээ.
Шалтгаан 4.
Сүүлийн жилийн хугацаанд тээврийн зардал гурав орчим хувиар өссөн байна. Ялангуяа далайн тээвэр. Тээвэрлэгч жолооч нар халдварын улмаас хомсодсон болон нефтийн ханшийн өсөлт нөлөөлжээ. Тухайлбал, нефтийн ханш жилийн өмнөхөөс 60 гаруй хувиар нэмэгдсэн. Одоогийн байдлаар л гэхэд “Брэнт”-ийн ханш 70 ам.доллар даваад байгаа юм.
Үнийн өсөлт цаашид ч үргэлжлэх төлвийг шинжээчид мөн дурджээ. Энэ он дуустал үргэлжлээд ирэх онд ч өсөх хандлагатай байгаа юм байна. Олон улсад хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үнэ хоёр он дамнан 25 хувийн өсөлттэй байх нь.
Монголд хүнсний үнэ өссөн шалтгаанууд...
Манайд ч энэ байдал нөлөөлж байна. Дэлхий дахинд дэгдсэн халдвараас сэргийлж манайх эхлээд хилээ хаасан бол одоо бид улаан бүс болсон. Одоогийн үүсээд байгаа нөхцөл гэвэл хилийн боомтод чингэлгүүд гацаж байна. Ингэхээр тээвэрлэлтийн зардал нэмэгдэж, дотоодод үйлдвэрлэлийн үнэ өсөж байгаа. Дэлхий нийтийн өсөлт ч бидэнд нөлөөлөх нь тодорхой. Өнгөрсөн сарын байдлаар улсын хэмжээнд инфляц 6.2 хувь байна. Нийслэлд 6.7 хувь байгаа нь өмнөх улирлуудаас нэмэгдсэн үзүүлэлт юм.
Энэ жилийн тухайд инфляцын өсөлтөд нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс нөлөөлж байгааг Төв банк мэдээлэв.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн
Энэ оны дөрөв болон ирэх оны эхний улиралд инфляц одоогийнхоос ч нэмэгдэж, Төв банкны зорилтыг давж болзошгүй байна. Гэхдээ ирэх оны эцэст буцаад бууж, зорилтот түвшинд тогтворжино. Одоогийн авч байгаа бодлогын арга хэмжээнүүд инфляцын зорилттой нийцэж байгаа. Цаашид ч эдийн засгийн идэвхжилтэй уялдуулан бодлогын тохируулга шат дараатай хэрэгжүүлнэ.
Хэрэглээний сагсны 20 орчим хувийг бүрдүүлдэг шатахуун, мах, шахмал түлш инфляцын 43 хувийг эзэлж байгаа юм. Инфляц сүүлийн хоёр сард 4.7 хувиар өсөхөд махны үнэ хамгийн их буюу 1.8 хувиар нөлөөлсөн байна. Өнгөрсөн онд инфляц өсөх тэргүүн таван шалтгаан нь нефтийн бүтээгдэхүүн, сайжруулсан шахмал түлш зэрэг байсан бол энэ оны эхний улиралд мах нэрлэгдэж байна.
Хөл хорио тогтоосноор шатахууны эрэлт багассан, сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар хөнгөлсөн зэрэг шалтгааны улмаас дээрх бүтээгдэхүүнүүд хойшоо шидэгдсэн хэрэг. Харин хүнсний бүтээгдэхүүнүүд ийнхүү инфлцын өсөлтийг тэргүүлж байгаа юм.
Гэхдээ намар ургацаа сайн авах, орон нутгаас нийслэлд ирэх махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, импортын зарим төрлийн бүтээгдэхүүнд хөнгөлөлт үзүүлэх зэргээр хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг багахан “аргамжих” боломжтой.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
Зочин 2021/07/12
гол шалтгаан нь шунал шүү дээ, 1990 оноос байнга л өсөж бна, өсчихөөд эргээд бууна гэж огт байхгүй, тэгэхээр манайх чөлөөт эдийн засагтай биш болж таараад бна, харин чөлөөт луйврын зах зээлтэй болчихоод бна
2 0 Хариу бичих